Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1522

 

 

 

 

 

 

 

 

   2019        10          01                                  2019/ШЦТ/1522

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02884 1560 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж 44/5 тоотод байх иргэн Г.Тэмүүлэнгийн гражаас 12 ширхэг автомашины дугуй, 4 ширхэг хайлшин обуд зэргийг зараад өгье хэмээн залилан авч 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Холбогдсон хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Тэмүүлэнгийн өгсөн: ...Би Б.Б гэгчийг таньдаг болоод 10 гаруй жил байгаа бөгөөд Б.Б  нь 2018 оны зунаас эхлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Харх” дугуйн худалдааны төвийн хажууд байрлах машины дугуй зардаг газарт ажиллаж байсан юм. Тэгээд 2018 оны 11 сарын сүүлээр байх Б.Б  бид 2 Налайх-д байрлах манай өвөөгийн хашаанаас “Тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг авах гээд явсан юм. Тухайн үед гадаа цас ороод хүйтэрч эхэлсэн үе байсан учир дугуйгаа солих гэж байсан юм. Тэгээд би Б.Б ын машинд уг дугуйнуудыг хийж өгөөд складанд 4 ширхэг хайлшин обудтай дугуй байгаа тэр обудных нь дугуйг нь солиод хуучин зуны дугуйг нь складанд үлдээчих, тэгээд манай ажил дээр буюу Сонсголон дээр аваад ир гэж хэлээд Баянзүрх дүүргийн 14-р хороо, Намъянжүгийн гудамж 44/5 тоотод байрлах складныхаа түлхүүрийг өгч явуулсан. Тэгээд маргааш нь Б.Б  сольсон обудтай дугуйнуудыг Сонсголонд ажил дээр маань авч ирж өгсөн. Тэрнээс өмнө Б.Б  нь та машиндаа тавихгүй юм чинь таны складанд байгаа “Тоёота Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн дугуйнууд болон хайлшин обуд зэргийг би зараад өгөх үү гээд надаас хэд хэдэн удаа асуугаад байсан ба тухайн үед би зөвшөөрөөд Б.Б ад складныхаа түлхүүрийг өгч явуулаад складанд байсан 4 ширхэг хайлшин обудыг очиж авахыг зөвшөөрсөн бөгөөд Галакси авто центр гэх газрын гражид байсан 4 ширхэг өвлийн дугуйг бас өгсөн юм. Тухайн үед би Б.Б ад уг 4 ширхэг хайлшин обуд болон 4 ширхэг өвлийн дугуйг зарсныхаа дараа мөнгийг нь яаралтай өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд уг явдлаас хойш 3 хоногийн дараа би Б.Б аас складныхаа түлхүүрийг авсан ба тухайн үед Б.Б  нь ах аа обуд болон дугуйнуудыг чинь авчихсан, танд зарсныхаа дараа хэлье гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 12-р сард Б.Б  руу залгаад зарж байгаа дугуй болон хайлшин обуд зэрэг нь юу болж байгаа, зарагдсан эсэх талаар асуух гэтэл утсаа авахгүй байгаад байсан. Тэгээд 2019 оны 02-р сард би складандаа барилгын багаж хураах гээд очтол тухайн үед гражид байсан 4 ширхэг өвлийн дугуй байхгүй байсан. Ингээд би Б.Б  руу залгатал гар утсаа авахгүй байсан ба 06-р сарыг хүртэл би Б.Б тай холбогдож чадаагүй явж байгаад саяхан санаандгүй байдлаар Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин мотор” гэх газар тааралдсан юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Г.Өсөхбатын: ...Уг эд зүйлс байсан, гэхдээ анх надад хэлэхдээ 16 эд зүйл гэж хэлж байсан ба 4 обуд өвлийн 8 дугуй, зуны 4 дугуй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Б.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Б нь 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Намянжүгийн гудамж 44/5 тоотод байх иргэн Г.Тэмүүлэнгийн гражаас 12 ширхэг автомашины дугуй, 4 ширхэг хайлшин обуд зэргийг зараад өгье хэмээн залилан авч 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Тэмүүлэн, гэрч Г.Өсөхбат нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Б ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Б.Б ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь иргэн Г.Тэмүүлэнгийн гражаас 12 ширхэг автомашины дугуй, 4 ширхэг хайлшин обуд зэргийг зараад өгье гэж итгүүлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулж хариу төлбөрийг хийхгүй байгаа үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Б.Б ын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Б.Б , хохирогч Г.Тэмүүлэн нар урьд нь бие биенээ таньдаг, танил, хоорондоо харилцаатай байсан болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тус тус  хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Тэмүүлэнд учруулсан 4.800.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б.Б ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  бусдад учруулсан  хохирлоо  нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан урьдын харилцааны  явцад  бий болсон итгэлийг  урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Б ад оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.      

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баттөрийн Б.Б  /РД:/-с 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Гонгорын Тэмүүлэнд /РД:/ олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ