Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1872

 

 

 

 

 

 

 

 

     2019        12          13                                 2019/ШЦТ/1872

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа, 

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Болортуяагийн Б.Хд холбогдох эрүүгийн 1806 03232 2255 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Х.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвд иргэн Н.Хатанбаатарыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг эс-6 маркийн гар утас болон Хаан банкны виза картнаас 95.000 төгрөгийг авч залилж, нийт 284.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                                                    

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 03232 2255 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.Х нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Хатанбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө 08 цаг 30 минутын үед Халдвартын эмнэлгийн гадна зүс таних Б.Х гэх охинтой тааралдаад хамт эмнэлэг рүү орсон. Би боолт хийлгэх гэж явна гэхэд Б.Х би бас боолт хийлгэнэ гээд хамт орсон. Уушигний тасгийн 4 давхарт гараад боолтны өрөө рүү орохын өмнө Б.Х та гар утсаа өгч бай би ах руугаа яриадхъя гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгтэл боолтны эмч ирээд боолт лентээ өөрсдөө авч ирнэ шүү, энд байхгүй гэхэд би Б.Хд ХААН банкны виза картаа өгч нууц дугаарыг нь хэлж өгөөд ахдаа эндээс мөнгө аваад боолтны бент аваад ир гээд явуулсан. Би хүлээгээд их удсан.  Боолтоо хийлгэж дуусаад гарч ирэхэд Б.Х ирээгүй. Тэгээд би эмнэлгээс гарч ХААН банк орж дансаа шалгуултал өнөөдөр таны данснаас 08 цаг 55 минутанд 95.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 27/

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.Хатанбаатарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 15-16/,

-хохирогч Н.Хатанбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 18/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 23-25/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний №БЗ1-19-142 дугаартай:

Samsung s-6 маркийн гар утас 189.000 төгрөгийн үнэтэй байна гэх үнэлгээний тайлан /хх 32-33/,

 

Шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалтанд өгсөн:

Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-ийн автобусны буудал дээр хамт зогсож байхдаа Хатанбаатар надад картаа өгөөд эмийн сангаас боолт авчих гэж хэлсэн. Тухайн үед нь би гар утсаар нь ярьж байсан юм. Уг хүн нэг газар орчихоод гараад ирье гэж хэлсэн. Тэгээд би шууд яваад өгчихсөн юм. Тухайн үед хүүхэд өвдөөд түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн гэж гэрийхэн надад хэлэхээр нь би уг хүний картнаас нь ойролцоох АТМ-ээс 95.000 төгрөг аваад хүүхэд рүүгээ яараад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх 85-86/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 93/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн Э.Эрдэнэчимэг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Х.Нандинжаргал нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвд иргэн Н.Хатанбаатарыг хуурч мэхлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Самсунг эс-6 маркийн гар утас болон Хаан банкны виза картнаас 95.000 төгрөгийг авч залилж, нийт 284.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутайд маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Х нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Хд Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцхоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.Х нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Хаас 284.000 төгрөгийн хохиролыг гаргуулан хохирогч Н.Хатанбаатарт олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Х нь 0-3 насны хоёр хүүхэдтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдээр нотлогдож байх тул шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.Хд гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулах арга хэмжээ авах талаарх үүргийг хүлээлгэв.

 

 Шүүгдэгч Б.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдоогүй, учирсан хохиролыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Хыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Хыг шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдвэл уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нэг жилийн хугацаанд шүүгдэгч Б.Хд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Х нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 284.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Хатанбаатар /пю76031917/-т олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ