Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 5990

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Данзангийн гудамж, Баянзүрх худалдааны төв, ХБ ХХК /РД: **********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ********** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, ** тоотод оршин суух, С овогт Х У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1.432.150,34 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П, хариуцагч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч иргэн О овогт Д Д, хамтран үүрэг гүйцэтгэгч С овогт Х У нар нь ХБны Баянзүрх салбарын Их цайз тооцооны төвөөс 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 2.605.604,28 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатайгаар ахуйн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь тэтгэврийн орлого болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалингийн орлогыг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.2 дугаар хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1.345.349,77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 128.420,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 1.473.770,14 төгрөгийг төлж барагдуулсан болно. Үндсэн зээлдэгч О овогт Дгийн Д нь 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нас барсан бөгөөд тус зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч Сидэрхий бухнууд овогт Хүүхээгийн У нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дуусаж өнөөдрийн байдлаар 668 хоног хугацаа хэтэрч зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд С овогт Х Угаас үндсэн зээлийн үлдэгдэл 1.260.254,51 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 158.324,799 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9571,03 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 4000 нийт 1.432.150,34 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.У нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ховогтой У миний бие Д овогтой Дайрийхүүгийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр татагдан дуудагдсан гэдгээ мэдэж авлаа. Гэвч энэ хамтран үүрэг гүйцэтгэгч байх үедээ энэ хүний бэр байсан. Тухайн үед төрийн албан хаагч буюу Нийгмийн даатгалын төлдөг хүн миний авах зээлэнд гарын үсгээ зурж өгөөч гэж гуйсанд би юу ч бодохгүй очоод гарын үсэг зурсан. Энэ мөнгөний эргэн төлөлтийг миний бие одоо гүйцэтгэж, эргэн төлөх чадваргүй байна. Учир нь би энэ хүний хүү болох Нанзадын Буянжаргалаас салж тус тусдаа амьдарч байгаа билээ. Одоо би Хас банкинд цалингийн зээлтэйгээс гадна орон сууц хөлслөн амьдардаг ба хүү төрсөн дүү нарын хамт амьдардаг тул миний цалин надад хүрэлцэхгүй их л хэцүү байдалд амьдардаг. Тиймээс энэ хүний төлбөрийг түүний хүүхдүүд болох Ж, Оюун, Ц, Н, Т, О, Б, Б, У гэх мэт 9 хүүхдүүд нь төлөх нь зүйтэй гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ нь хариуцагч Х.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.432.150,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

ХБ нь Д.Дтэй 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 455.400 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцжээ./хх-ийн 9-11 дүгээр тал/

Зээлдэгч Д.Д нь 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр нас барсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар тал/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн  хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Д.Дд 455.400 төгрөгийн нэмэлт зээл олгосон өмнө байгуулсан үндсэн зээлийн гэрээнд хариуцагч Х.У нь өөрийн цалин орлогоо барьцаалж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд ХБ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь хариуцагч Х.У гэж үзэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 1.432.150,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Угаас 1.432.150,34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХБ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.865 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ