| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1487/Э |
| Дугаар | 1508 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 1508
2019 09 27 2019/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Г.Цэрэнжамц /томилолтоор/,
шүүгдэгч Ш.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Гарьд овогт Ш Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04971 1974 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Ш.Бнь 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-ннд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Банана баарны гадна зүй ёсны шаардлага тавьсны улмаас иргэн Б.Пүрэв-Очиртой маргалдан, түүний нүүрэн хэсэгт өшиглөж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бмэдүүлэхдээ: Би бааранд ажлаа хийж байхад согтолт ихтэй болон насанд хүрээгүй хүнийг оруулахгүй гэсэн шаардлага тавьтал эмэгтэй нь ойлгоод нөхрийгөө доош нь буулгах гэтэл нөхөр нь эхнэрийгээ 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод болиулах гэтэл “доошоо буугаад ир, чамайг нохой шиг ална” гээд байхаар нь би доошоо буугаад баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг цохисон. Эхнэр нь “за би нөхрийгөө аваад явчихъя” гээд аваад явсан. Тэгээд 5 хоногийн дараа цагдаа ирээд, камерийн бичлэг үзье гээд үзсэн. Ийм л зүйл болсон. Хохирогчийн хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пүрэв-Очирын өгсөн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн хажууд байх караокед найз охин Жанчивын хамт үйлчлүүлж байгаад бид 2 нэг хүний 2 шилтэй Сэнгүр нэртэй 0.45 граммтай пиво ууж байгаад шөнийн 02 цагийн үед уг караокенаас гараад хажууд нь байрлах “Банана” гээд баар руу орох гэхэд манай найз охиныг насанд хүрээгүй байна оруулахгүй гэхээр нь би эхлээд чи юу яриад байгаа юм бэ, би даагаад орчихъё, манай найз охин насанд хүрсэн, одоогоор бичиг баримтгүй явж байна гэхэд оруулахгүй гээд намайг шатны уруу түлхэж унагасан. Тэгээд би босоод ирэхэд нэг хамгаалагч нь бууж ирээд миний эрүү рүү өшиглөсөн, цохисон үгүйг сайн санахгүй байна, би тухайн үед шоконд орчихсон байсан болохоор сайн санахгүй байна. Би тэр хүмүүстэй барилцаж аваад өөдөөс нь цохилцоогүй байсан. Тэгээд би тэндээсээ шууд такси бариад Сонгинохайрхан дүүрэг рүү гэр рүүгээ очиход цус алдаад байхаар нь цагдаа болон 103 дуудсан. Тэгээд гэмтэл дээр ирж үзүүлсэн. Миний нүүрэн хэсэг шалбарсан, эрүү цуурсан, ярихад хүндрэлтэй, хацар хавдсан, толгой дүүрсэн, ухаан санаа орж гараад байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцаэд гэрч Б.Жанчивын өгсөн: ...Тэр газраас гараад “Банана” нэртэй бааранд орох гэхэд тус баарны хамгаалагч нар намайг насанд хүрээгүй шалтгаанаар оруулахгүй байсан бөгөөд манай найз залуу Б.Пүрэв-Очир нь тус баарны хамгаалагч нарт хандаад “би энэ хүнийг өөрөө даагаад явна, манай найз охин насанд хүрсэн одоогоор бичиг баримтгүй явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд тус баарны хамгаалагч нар тэр чинь хамаагүй, оруулахгүй гэж хэлээд нэг хамгаалагч нь түлхсэн ба Б.Пүрэв-Очир шатны уруу унаад удаагүй босоод ирэхэд тэр хамгаалагч залуу нүүрэн хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Төмөрийн өгсөн: ...Оройн 23:00 цагийн үед хүмүүс ихээр орж эхэлсэн бөгөөд би хүмүүсийн бичиг баримт шалгаж оруулж байсан ба шөнийн 02:00 цагийн үед нэг үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн бааранд орох гэхэд нь би бичиг баримтыг нь шалгах гэхэд тэр эмэгтэй нь шалгуулахгүй гээд уурлаад байсан. Тэгэхэд цаанаас тэр хохирогч гэх залуу Ш.Ббид хоёрыг хэл амаар доромжлоод ална гэх зэргээр харааж байсан ба тухайн үед найз охин нь найз залуугаа боль гэж хэлээд нэг алгадахад нөгөө залуу уурлаад найз охиноо бид хоёрын нүдэн дээр нэг удаа алгадсан. Тэр үед Ш.Б“чи эмэгтэй хүнд яагаад гар хүрч байгаа юм бэ” гээд шат руу түлхсэн. Тэр залуу доошоо буугаад Ш.Бг “чи буугаад ир, би чамайг нохой шиг зодно” гэх зэргээр сүрдүүлээд байсан болохоор Ш.Буурлаад доошоо буугаад тэр залууг нүүрэн хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохиход нь би очоод Ш.Б дуудаад баарны үүд хэсэгт буцаж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 10030 дугаартай шинжээчийн:
1. Б.Пүрэв-Очирын биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, доод хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт, дух, хамрын нуруу, дээд, доод уруул, эрүүний баруун, зүүн талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ш.Б: ...Шөнийн 24:00 цагийн үед хүмүүс ихээр орж ирсэн ба 02:00 цагийн үед нэг үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр баарны үүдэнд ирсэн бөгөөд бичиг баримтыг нь шалгах гэхэд тэр залуу согтолт ихтэй байсан ба над руу агсраад байсан. Тэгэхэд тэр залуутай хамт явсан эмэгтэй нь бид хоёрын дундуур орж ирээд тэр залууг түлхээд доошоо буулгах гэхэд нөгөө залуу эмэгтэйгээ нэг алгадсан. Тэгэхэд нь би дундуур нь орж салгаад шат руу түлхэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залуугийн нүүрэн хэсэгт нь нэг алгадаж бас нэг удаа нүүрэн хэсэгт нь баруун гараараа цохисон. Бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгасан, би буцаад баар руугаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,
- Шүүгдэгч Ш.Б иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ш.Б2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-ннд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Банана баарны гадна зүй ёсны шаардлага тавьсны улмаас иргэн Б.Пүрэв-Очиртой маргалдан, түүний нүүрэн хэсэгт өшиглөж, биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээ бичгээр ирүүлсэн хүсэлтдээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ш.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ш.Б 2019 оны 08 дугаар сарын 18-наас 19-ннд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Банана баарны гадна зүй ёсны шаардлага тавьсны улмаас иргэн Б.Пүрэв-Очиртой маргалдан, түүний нүүрэн хэсэгт өшиглөж, биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Пүрэв-Очир, гэрч Б.Жанчив, Ц.Төмөр, яллагдагчаар өгсөн Ш.Бнарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10030 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Пүрэв-Очир нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 935.672 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлснийг шүүгдэгч Ш.Бтөлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэвч хохирогч Б.Пүрэв-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг харгалзан цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ш.Бнь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч Б.Пүрэв-Очир гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хүсэлт зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Бнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гарьд овогт Ш Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш Б 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Пүрэв-Очир нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ