Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1520

 

 

 

 

 

 

   2019        10          01                                 2019/ШЦТ/1520

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн /томилолтоор/,

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн ҮД:04-40 нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.У т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00601 0341 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.У

Холбогдсон хэргийн талаар:

Б.У  нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны 12 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны хажуу талын замд “Hyundai Aero City” маркийн 19-40 УНД улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнийг эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж автобусны хаалгыг хаалгүй замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зорчигч Т.Загдсүрэн автобуснаас унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэгийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 40 минутанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 20 дугаар хорооны хажуу замд Н.Aerocity  маркийн 19-40 УНД дугаартай автобусны жолооч Батчулууны Б.У  нь хаалгаа хаахгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас Т.Загдсүрэн автобуснаас унаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Би осол гарсан талаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад мэдсэн. Манай ахын хүүхэд Лхагважав утсаар Загдаа ах автобуснаас унаад гэмтчихлээ гээд залгахаар нь шууд гэмтэлрүү очсон. Тэгээд гэмтэл дээр хүлээгээд байж байхад Загдсүрэн, Лхагважав, автобусны жолооч эхнэрийнхээ хамт ирсэн. Тэгээд гэмтэл дээр Загдсүрэнг үзүүлээд КТГ-н зураг авахуулсан чинь эхлээд зүгээр байна гэсэн. Ингээд хариу нь 2 цагийн дараа гараад эмч дээрээ очоод үзүүлтэл оёо тавиул гээд толгой нь хагарсан байсан учраас дөрвөн оёо тавиулсан. Тэгээд өнөөдөртөө хариад хоно гэсэн ба гэртээ хариад халуураад байхаар нь маргааш нь шүүх эмнэлэг дээр авч очоод үзүүлтэл шууд гэмтэлрүү яв. Өнөөдөр халуурч байна гэсэн. Тэгээд гэмтэл дээр очоод 3 хоног хэвтээд гарсан. Одоо биеийн байдал нь сайн байгаа. Осол гарсанаас хойш жолооч 600,000 төгрөг гаргаж өгсөн учраас эм тариа нэг их гаргаагүй. Ямар ч гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Нямсүрэнгийн өгсөн: ...Би осол хэрэг гарсан талаар тэр өдөр нь мэдсэн. Би хүүхдээ сургуульд нь өгөөд явж байхад манай нөхөр залгаад осол хэрэг гарсан талаар хэлсэн. Тэгээд би бааз дээр нь очоод нөгөө осол хэргийн хүмүүсийн хамт гэмтэл рүү явсан. Гэмтэл дээр очоод автобуснаас унаад гэмтсэн хүний биед үзлэг хийлгэсэн. Аьтобуснаас унасан хүний рентген зураг авахуулахад зүгээр байна гэсэн ба КТГ-н зураг нь эхлээд ясны хугарал байхгүй гэсний дараа хэсэг байж байгаад дараа нь дагз ясандаа шугаман хугаралтай гэж гарч ирсэн. Тэд нар таньдаг хүндээ үзүүлсэн. Бид нар 13 цаг өнгөрч байхад очоод орой 18 цаг өнгөрч байхад гарцгаасан. Гэмтэл дээр автобуснаас унасан хүний төрсөн эгч нь , дүү нь гээд нэг залуу нар байцгаасан. Тэд нар манай нөхрийг согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг мэдэж байгаа. Гэмтэл дээрээс бид нар хоорондоо тохироод гарцгаасан ба маргааш өглөө нь уулзахаар хэдэн төгрөг гаргаж өгөхөөр болоод салцгаасан. Тэгээд замдаа явж байхдаа манай нөхөр одоо хэдэн төгрөг гэх болоо гээд сэтгэлээр уначихсан явж байгаад гэртээ хариад гэртээ байсан 2 лааз пиво уучихаад унтаад удаагүй байхад цагдаагаас залгаад Замын цагдаа дээр ир гээд иртэл Драйгер үлээлгээд 0,56% гарсан. Би тэр үед хамт явж байсан учраас энэ хүн осол хэрэг гарах үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан шүү дээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Сүрэнхүүгийн өгсөн: ...Би тэр ослыг мэдэхгүй. Сүүлд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үдээс хойш надруу залгаж хэлэхээр нь тэр шугаманд нь оронд нь өөр автомашин гаргасан. Тэргээ авчирч өгчихөөд Гэмтэл явлаа гээд явсан. Тэр зам тээврийн осол гарах өдөр би Эмсид ХХК-ийн диспичерээр ажиллаж байсан. Диспичер өглөө автобуснууд ажилд гарах үед жолооч нарын биеийн байдал, эрүүл мэнд, согтуу эсэхийг шалгаж гаргадаг. Тухайн зам тээврийн осол гарсан өдөр Б.У ыг тандагч багажаар үлээлгэж шалгасан. Тэр үед эрүүл байсан. Мөн эмч үзэж шалгасан. Тэр үед биеийн байдал нь хэвийн байсан. Өдөр сандарч орж ирээд автобусаа тавиад гарсан. Нөгөө хүмүүстэйгээ хамт явж байна гадаа хүлээж байгаа гэсэн. Тэр үед бас эрүүл саруул явж байсан. Архи үнэртэхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9055 дугаартай шинжээчийн:

  1. Т.Загдсүрэнгийн биед дагз ясны шугаман хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар тал/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №304 тоот магадлагаанд: ...”Х.Аеро-Сити” маркийн 19-40 УНД дугаартай автомашины жолооч Б.У  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суудгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Т.Загдсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2-т заасан “Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно. в/ тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх, буух, суух, ачаа ачих, буулгах, цонхоор биеэ болон бусад зүйл гаргах; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Магадлагааг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов” гэжээ. /хх-ийн 118 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.У ын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 40 минутын үед “Х.Аеро-сити” маркийн 19-40 УНД дугаарын автобусыг жолоодон Гачууртаас Жуков чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан. Гацууртын эцсийн буудлаас 10-аад зорчигч суулгаад 20 дугаар хорооны арын буудал руу орж явах үед онгорхой байсан хаалгаар зорчигч унаж гэмтсэн. Осол хэрэг гаргаснаас хойш эмчилгээний зардалд 613.000 төгрөгийг төлсөн. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 128-р тал/

- Хохирогч Т.Загдсүрэнгийн 8.600+68.000=76.600 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 56-р тал/,

Шүүгдэгч Б.У ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 129 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох  баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.У  нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 40 минутад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны хажуу замд Х.Аеросити маркийн 19-40 УНД дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 23.4-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Загдсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэгийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.У ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.У ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.У  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 700.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэг гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хохирогчид нотлох баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 140-р тал/

Гэвч хохирогч Т.Загдсүрэнгийн  эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У  нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 129 дүгээр тал/

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.У  нь гэмт хэргийн улмаас хохирогч Т.Загдсүрэнд учирсан 700.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэг гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж, гэмшиж буйгаа илэрхийлж байх тул хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.У ын 419728 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.У ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д   зааснаар Б.У  нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.У ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У  нь одоогоор бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.У ын 419728 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлсүгэй.

9. Хохирогч Т.Загдсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Жаргалчимэг нар нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ