Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 966

 

2019        12          16                                 2019/ШЦТ/966

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчун овгийн Г.А д холбогдох эрүүгийн 1911017681176 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчун овгийн Г.А , 1984 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 1-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” хүнсний дэлгүүрийн үүдний өрөөнд байсан хохирогч У.Цэцэгмаагийн цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 401.400 төгрөгний хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбогд” авто угаалгын газраас хохирогч Б.Мөнхзаяагийн 320.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-8 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Одоо дахиж гэмт хэрэг үйлдэхгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10, 39/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14, 47/,

            Хохирогч У.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “..2019 оны 06 дугаар сарын 20-ны өглөө 08 цагт дэлгүүрээ онгойлгоод цэвэрлэгээ хийсэн. Дэлгүүрт цэвэрлэгээ хийж байхдаа дэлгүүрийн үүд хэсэгт байдаг амралтын өрөөнд өөрийн цүнхтэй эд зүйл, тортой хувцсаа өлгүүрт өлгөж орхисон байсан. Тэгээд дэлгүүрт хүн орж ирээд нэгж авна гэхээр нь би тэр хүний дугаар луу нэгж явуулчхаад харсан чинь манай амралтын өрөөний хаалга онгорхой байхаар нь би гайхаад хяналтын камераа шүүж үзэхэд 10 цагийн орчим ягаан цамцтай хар өмдтэй эмэгтэй хүн дэлгүүрийн хаалгаар орж ирээд үүдний амралтын өрөө рүү ороод өлгүүрт байсан цүнхийг үүрээд тортой хувцсыг бариад гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх 19-22/,

Гэрч О.Энхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сард бид хоёр хамт гадуур явж байтал надаас салаад алга болчихсон тэгэхээр нь би гэртээ ирээд байж байтал би нэг утас оллоо гээд утас барьчихсан орж ирсэн ямар загварын утас гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд тэр утсыг нь аваад бид хоёр хороололд манай хамаатны дүү Цэрэндолгорт 50.000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө нэг шил архи аваад гэртээ ирээд байж байтал цагдаа нар орж ирээд гар утас хулгай хийсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 10 дугаар сарын 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-19-42 дугаар үнэлгээний тайланд: “...үнэлэгдэж буй хөрөнгө гар цүнх 28.000, зүүлт 120.000, хэтэвч 134.400, подволк 15.000, ээмэг 20.000, кулон 15.000, бөгж 18.000, бугуйн цаг 51.000 төгрөг нийт 401.400 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 28-29/,

Хохирогч Б.Мөнхзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбогд авто угаалгын газарт зохион байгуулагчаар ажилладаг юм. 2019 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчим ажил дээрээ ирээд өөрийн гар утсаа үлдээгээд бие засах газар орчхоод эргээд ирсэн чинь миний гар утас алга болсон байсан ...хяналтын камер шүүж үзэхэд 40 орчим насны шар цоохор цамцтай хар өнгийн өмдтэй бор царайтай үсээ хойд талдаа нэг боосон эмэгтэй хүн хулгайлан авч байгаа бичлэг үлдсэн байсан. Миний хулгайд алдагдсан утас хар хөх өнгийн Самсунг Эс-8 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх 42/,

Эд зүйлийн үнэлгээ “...Самсунг эс-8 загварын гар утас 320.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 43/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 46/,

Шүүгдэгч Г.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би үйлдсэн хэрэг болон сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би мөнгө олж архи гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх 30-31, 48-49/,  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 53/, шүүгдэгч Г.А д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 66-67/,  шүүгдэгч Г.А гийн хувийн байдлыг тодорхойлох баримт, хохирогч У.Цэцэгмаад хохирол төлбөр төлсөн баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А  нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” хүнсний дэлгүүрийн үүдний өрөөнд байсан хохирогч У.Цэцэгмаагийн цүнхтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 401.400 төгрөгний хохирол учруулсан, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянбогд” авто угаалгын газраас хохирогч Б.Мөнхзаяагийн 320.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-8 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10, 39/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14, 47/, хохирогч У.Цэцэгмаагийн “..би гайхаад хяналтын камераа шүүж үзэхэд 10 цагийн орчим ягаан цамцтай хар өмдтэй эмэгтэй хүн дэлгүүрийн хаалгаар орж ирээд үүдний амралтын өрөө рүү ороод өлгүүрт байсан цүнхийг үүрээд тортой хувцсыг бариад гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх 19-22/, гэрч О.Энхболдын “...тэр утсыг нь аваад бид хоёр хороололд манай хамаатны дүү Цэрэндолгорт 50.000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө нэг шил архи аваад гэртээ ирээд байж байтал цагдаа нар орж ирээд гар утас хулгай хийсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх 23-24/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 10 дугаар сарын 02 дугаар сарын 02-ны өдрийн ЧД1-19-42 дугаар үнэлгээний тайлан /хх 28-29/, хохирогч Б.Мөнхзаяагийн “...Миний хулгайд алдагдсан утас хар хөх өнгийн Самсунг Эс-8 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх 42/, эд зүйлийн үнэлгээ “...Самсунг эс-8 загварын гар утас 320.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 43/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 46/, шүүгдэгч Г.А гийн “...Би үйлдсэн хэрэг болон сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би мөнгө олж архи гэж хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх 30-31, 48-49/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоов.

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Мөнхзаяад гар утсыг буцаан хохиролгүй болгож хохирогч У.Цэцэгмаад 400.000 төгрөгийг хүлээлгэн өгч хохирогч нар нь “...гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Г.А г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчун овгийн Г.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар уг тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.  

5. Шүүгдэгч Б.Баасандорж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН