Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 12

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2016/00534 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ниймгийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХХХ нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаатай ТҮБД 4-1 шатлалаар цалинжих нөхцөлтэйгөөр цэцэрлэгийн багшаар ажиллахаар ХХХХХ-ийн эрхлэгч ХХХХ-тайхөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ХХХХ-ийн нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч ХХХХ ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авмагцаа би хэрвээ бүлгийн багшаар ажиллах боломжгүй бол туслах багшаар ажиллах хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч тус цэцэрлэгийн эрхлэгч нь туслах багшаар ажиллахыг нь хүлээн зөвшөөрөөгүй. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 1 жил, 11 сар хугацаатайгаар бүлгийн багшаар ажиллуулахаар гэрээ байгуулсан байдаг.

Энэхүү гэрээний нөхцөлд хэрэв мэргэжлийн багш ирэх юм бол хөдөлмөрийн гэрээг цуцлана гэсэн заалт огт байхгүй. Тиймээс 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Огт хамааралгүй, ажилгүй байсан хүнийг оруулж ирээд бүлгийн багшаар ажиллуулсан зүйл байхгүй. Гэрээ байгуулагдахаас өмнө ХХХХ өөрийн боловсрол, чадвартай тохирсон туслах багшийн орон тоон дээр ажиллаж байсан. Гэтэл цэцэрлэгийн багшийн орон тоо гарахад туслах багшаар ажиллаж байсан ХХХХг цэцэрлэгийн багшаар ажилд авч ажиллуулсан атлаа цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүн ирэхэд ХХХХг буцаагаад туслах багшаар ажиллуулж болох байтал ажлаас нь чөлөөлсөн.

Одоог хүртэл энэ бүлэг багшгүй байгаа. ХХХХ 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдсний дараа буцаад туслах багшаар ажиллах хүсэлт гаргасныг хүлээж аваагүй атлаа 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр туслах багшаар өөр хүн ажилд авсан байдаг. Гэрээг хүчин төгөлдөр бус гэдэгт санал нийлэхгүй байна. Тус гэрээнд мэргэжилийн багш ирэхэд ажлаас чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ хуулийн мэдлэг дутмаг байсан болохоор уг тушаалд алдаа гаргасан гэж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХХ нь тус цэцэрлэгт 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилд орсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилд авах тухай тушаал гарган хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн гомдол гаргасан байна.

Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэсэн явдал нь техникийн хувьд алдаа гаргасан байна. Тушаал гаргахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 гэж бичихийг 5 дугаар зүйлийн 5.12.1 гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 гэж бичихийг 38.1.1 гэж бичиж техникийн алдаа гаргажээ. ХХХХ нь сургуулийн өмнөх багшийн мэргэжилгүй учир бид анх ажилд авахдаа энэ талаар тохиролцон мэргэжлийн ажилтан ажилд орох хүртэл тохиролцсон байдаг бөгөөд энэ талаар ажилд авах ажлаас чөлөөлөх тушаалд тусгасан байдаг.

Энэ жилээс мэргэжлийн багш ажилд орох өргөдөл гаргасан тул ХХХХг ажлаас чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд ажилласан хугацаанд нь бичилт хийн өгөх явдал бол тодорхой асуудал юм. Гагцхүү ажилтан нь байгууллагатай тооцоо хийгээгүй бөгөөд ажиллаж байх хугацааны эд хөрөнгийн дутагдал 145 067 төгрөгийн асуудал байгаа.

ХХХХ нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ уг дутагдлыг ирэх хичээлийн жил эхлэхэд арилгана хэмээн бичсэн байдаг. Байгууллагын зүгээс ажиллаж байх хугацааны цалин олговрыг бүрэн өгсөн тул дээрх тооцоог байгууллагатай хийж дуусгах нь ажилтны үүрэг гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийн асуудлыг уг хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх хүсэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн багшаар баклавар болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллана гэж заасан байдаг. Боловсролын яамнаас энэ шаардлагыг удаа дараа тавьж, албан бичиг явуулсан байдаг. ХХХХХ бол алслагдсан дүүрэг учраас энэ шаардлагыг хангасан багш, боловсон хүчин олддоггүй талтай. Гэвч хүүхдүүдэд багш зайлшгүй шаардлагатай байсан учраас ХХХХтай харилцан тохиролцсоны үндсэн дээр бүлгийн багшаар ажиллуулахаар болсон.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байгаа юм. Учир нь, Төрийн албаны тухай хуульд “...төрийн албан хаагчид тавих нэгдсэн шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалд мэргэшсэн, мэдлэг чадвартай байх явдал юм...” гэсэн байдаг. Төрийн албан хаагч нь төсвийн мөнгөөр цалинждаг учраас ямар ч ажлыг хийхэд мэргэжил боловсролтой байх ёстой.

Анхнаасаа цэцэрлэгийн багш мэргэжилтэй хүнийг ажилд авах ёстой байсан. Тэгэхээр тус гэрээ хүчин төгөлдөр бус ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХХХХг ажиллаж байх хугацаанд цалинг нь хугацаанд нь өгч байсан ба ажлаас халагдсны дараа ажилгүйдлийн тэтгэмж гээд нэг сарын цалинг олгосон. Уг тушаалд мэргэжлийн багш ирсэн даруйд хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж байсныг тайлбарлаж өгсөн. Мөн тус гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХг ХХХХХ-ийн бүлгийн багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХХээс ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 251 441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2. дахь хэсэгт заасныг баримтлан олговорт олгогдох 1 251 441 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь төлж, нэхэмжлэгч ХХХХ-ийн нийгмийн даатгалын дэвтрийг байгууллагаас буцаан олгож, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилт хийхийг ХХХХ-түүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ХХХХХээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид үндсэн шаардлагад 70 200 төгрөг, олговорт гаргуулсан дүнгээс тооцон 34 585 төгрөг, нийт 104 785 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Шүүхийн шийдвэрээс харахад хэлцэл нь хууль зөрчсөн байсан ч талуудын хүсэл зоригтой нийцэж байвал хэлцэл хүчин төгөлдөр байхаар байна. Гэвч Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэнэ” хэмээн заасан байдаг. Мөн Иргэний хуулийн тайлбарт талуудын байгуулж болох хэлцэл, илэрхийлж болох хүсэл зориг хязгааргүй байдаг тул хуулиар хориглосон зүйлс талуудын хэлцлийн объект болох боломжгүй юм хэмээн тайлбарласан байдаг тул шүүгчийн дээрх тайлбар нь үндэслэлгүй юм.

Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт орсон байх тул талуудын хоорондын хэлцэл хүчин төгөлдөр хэмээн тайлбарлаж байгаа ч яг ямар өөрчлөлт орсон, түүнд тулгуурлаж ямар тайлбар хийж байгаа нь тодорхойгүй, сургуулийн өмнөх боловсрол олгох багш нь мэргэжлийн байх гэсэн шаардлагыг хуулийн өөрчлөлтөөр нэмсэн мэтээр тайлбарласан байна.

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлг өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Сургуулийн өмнөх боловсролып тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “дипломын” гэснийг “бакалавр” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “хоолны зардал”, гэснийг “хоолны зардлын тодорхой хувь” гэж тус тус өөрчилсүгэй хэмээн заасан байх тул шүүхийн тайлбар үндэслэлгүй байна.

Ажилгүй байсан хугацааны олговорт 1 251 441 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбарын 2 дахь хэсэгт “...ажилтан нь байгууллагатай тооцоо хийгээгүй бөгөөд ажиллаж байх хугацааны эд хөрөнгийн дутагдал 145 067 төгрөгийн асуудал байгаа. ХХХХ нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ уг дутагдалыг ирэх хичээлийн жил эхлэхэд арилгана хэмээн бичсэн байдаг.

Байгууллагын зүгээс ажиллаж байх хугацааны цалин, олговрыг бүрэн өгсөн тул дээрх тооцоог байгууллагатай хийж дуусгах нь ажилтны үүрэг юм” гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...207 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч нь хэдий хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн ч ажилтанг хохироосон уу гэвэл үгүй юм. Харин ч мэргэжлийн эрхгүй хүнийг ажиллуулсан ч бусад мэргэжлийн хүмүүстэй адил цалин олгож, ажлаас чөлөөлөх үедээ хөдөлмөрийн хуульд заасан олговор олгосон, ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын бичилтийг хуулийн дагуу хийж явсан байдаг” хэмээн ажлаас чөлөөлөх тушаалд заасан 1 сарын олговрыг олгосон гэж тайлбарлаж байхад шүүх олговор олгоогүй мэтээр ойлгосон, энэ талаар шүүх хуралдаанд аль аль талаас асууж тодруулаагүй атлаа олговрыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд бодож хариуцагчаас гаргуулсан, мөн үүнээс тооцон улсын тэмдэгтийн хураамжид 34 585 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-тхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг анх ажилд авахдаа мэргэжлийн ажилтан орох хүртэл хугацаанд түр томилсон, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болох хуулийн заалтыг техникийн алдаа гаргаж зөрүүтэй бичсэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талууд хөдөлмөрийн гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, хариуцагч байгууллага нь 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Б/14 тоот тушаал гарган нэхэмжлэгч ХХХХг мөн өдрөөс цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилж, ажилтан ажил үүргийг гүйцэтгэж байсан, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/15 тоот тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс буюу дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж,  ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 3,4,18,19/

            Ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болон хугацааг харилцан тохиролцож, гарын үсэг зуран, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ХХХХг бүлгийн багшаар томилсон тушаалаар баталгаажсан байх тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасанд нийцсэн, хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 3-4/

            Хариуцагчаас татгалзлын үндэслэлдээ Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар цэцэрлэгийн бүлгийн багш нь “...сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй” байх ёстой гэсэн тайлбар гаргасан нь ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлснийг зөвтгөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй юм.

Хариуцагч байгууллагын хувьд хуулийн дурдсан зохицуулалтыг гэрээ байгуулах үед мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар нэхэмжлэгчийг бүлгийн багшаар авч ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэгт зааснаар “мэргэжлийн багш ажилд орох хүртэл” гэсэн тодорхой нөхцөл, хугацаатайгаар гэрээ байгуулсан, уг үндэслэл бүрдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй болно.

            Уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад хотоос алслагдмал дүүрэгт мэргэжлийн багш байгаагүйн улмаас ХХХХг ажиллуулсан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан болно.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан журмаар байгуулагдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээнд мэргэжлийн багш ажилд орох хүртэлх гэсэн хугацааг талууд тухайлан тохиролцоогүй байх тул мэргэжлийн хүн ажилд авах болсон нь хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болохгүй юм.

            Иймд  Ажилд томилох тухай Б/14 тоот тушаалд “...мэргэжлийн багш ажилд орох хүртэл хугацаагаар бүлгийн багшаар томилон ажиллуулсугай...” гэж, ажлаас чөлөөлөх тухай Б/15 тоот тушаалд “Мэргэжлийн багш ажилд орох хүсэлт ирүүлсэн тул...” гэж бичсэнийг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй ба ажил олгогч уг тушаалыг ажилтанд танилцуулсан, ажилтан уг нөхцөлийг зөвшөөрсөн гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

            Түүнчлэн ХХХХг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх “ажилтан санаачилсан” гэх, мөн уг хуульд байхгүй 5 дугаар зүйлийн 5.12.1 гэх заалтыг баримталсан алдаатай байх бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” эрх хэмжээний хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаагүй гэж үзнэ.

            Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байна.

            Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үед Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “...сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй багш ажиллах...” хуулиар тогтоосон шаардлагад нийцүүлэн ажилтан шалгаруулж авах ажил олгогчийн эрхийг шүүхийн энэхүү шийдвэр хязгаарлахгүй.

Мөн хариуцагч тал ХХХХг ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон талаар анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй ба нэхэмжлэгч нь уг 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг шүүхийн шийдвэрээр олгох олговроос суутгах тооцуулахад шүүхийн энэхүү шийдвэр  саад болохгүйг дурдах нь зүйтэй.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 104/ШШ2016/00534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ