Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1878

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2019         12          16                                   2019/ШЦТ/1878    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ц.Гантулгабат,   

Нарийн бичгийн дарга П.Тулга,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баярсайханы Б.Эд холбогдох эрүүгийн 1906 06385 2665 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Э,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны автобусны буудал дээр иргэн Б.Өлзийбаттай маргалдсаны улмаас нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06385 2665 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Өлзийбатын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 01 цагийн үед талбайн автобусны буудлаас Офицеруудын ордон явах 1000 төгрөгөөр явдаг унаанд суусан. Тэгээд Офицеруудын ордон дээр ирэхэд би таксины жолоочид “цааш нь 16 дугаар хороолол руу гэртээ хүргүүлье, таксины мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгсэн жолооч "таксинд явдаггүй, энд буу” гэхээр нь “чи таксинд явсан болоод энд хүргэж ирсэн юм байгаа биз дээ” гэж хэлээд таксинаас буусан. Тус таксины жолооч мөн бууж ирээд маргалдаж хоорондоо заамдалцсан. Тэгээд гэнэт нөгөө таксины жолооч миний толгой хэсэг рүү цохьсон ба түрхэн зуур ухаан балартсан гэх мэдүүлэг /хх 8-9/,

 

Гэрч Б.Болортулгын мөрдөн байцаалтад өгсөн:

Би тус өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байх гэртээ унтаж байтал шөнийн 01 цагийн үед нөхөр Өлзийбат утсаар залгаж би Офицерын урд талын автобусны буудал дээр таксины жолоочид зодуулчихлаа, чи хүрээд ир гэж хэлсэн. Ингээд хувцасаа өмсөөд гэрээсээ гараад 15 минутын дараа тус газар очиход манай нөхөр Офицерын урд талын автобусны буудал дээр амнаас нь их хэмжээний цус гарчихсан өмсөж явсан хувцас нь цус болчихсон зогсож байсан бөгөөд хажууд нь зодсон гэх таксины жолооч нь 18-22 орчим насны өндөр туранхай цагаан царайтай залуу утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залуу дээр очоод чи наад утсаараа бичлэг хийхээ боль гэж хэлсэн ба манай нөхөр тус залууг заагаад энэ намайг зодсон залуу гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 11/,

 

Гэрч О.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... манай найз залуу машинаас буухад нөгөө ах заамдаж байгаад хацар руу нь нэг удаа цохьсон. Харин манай найз залуу буцаагаад нэг удаа нүүр хэсэг рүү нь цохьсон бөгөөд тэр хоёр заамдалцаад зууралдаад зогсоод байсан. Б.Эы хамарнаас жоохон цус гарсан. Харин нөгөө залуугийн ам хэсгээс жоохон цус гарсан байсан. ... гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12680 дугаартай:

Б.Өлзийбатын биед дух, зүүн шанаа, зүүн чамархайн хуйх, зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад шарх, цээж, зүүн даланд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 19/,

 

Шүүгдэгч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би тус өдөр найз охин Мөнхчимэгийн хамт өөрийн 6712 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудлаас 4 хүн аваад Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны урд талын буудал дээр буулгасан. Ингээд хүмүүсээс мөнгөө аваад буулгах гэтэл үл таних ах ганцаараа буухгүй үлдсэн. Тэгэхээр нь би ахаа буугаарай гэж хэлтэл цаашаа 16 дугаар хороолол явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 16 дугаар хороолол явахгүй, та энд буучих гэж хэлтэл тэр ах надад хандан “приус унасан пизда нар ийм том болчихсон юм уу зүгээр 16 дугаар хороолол явдаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явахгүй ахаа та зүгээр буучих гэж хэлтэл намайг хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд буухдаа толгойны ард дагзруу гараараа цохиод буусан. Ингээд буучихаад намайг буугаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буутал тэр ах намайг заамдсан бөгөөд би буцаагаад заамдсан. Тэгтэл тэр ах гараараа миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа нөгөө ахын зүүн хацар, шанаа хавьцаа нь нэг удаа цохьсон ба үргэлжлүүлээд би тэр ахыг тэврээд цаашаа Түц рүү түлхсэн. Тэгтэл тэр ах над руу орилоод чамайг ална гэх мэт үг хэлж байсан ба над руу дайраад байхаар нь би болиулах гэх зууралдсан. ...

... би баруун гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Намайг цохьсоны дараа уруулын дотор талаас нь цус гарсан байсан. Би Б.Өлзийбатаас уучлал гуйж эвлэрсэн мөн хохирол болох 250.000 төгрөг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 38-39/,

 

-Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх 3/, Б.Эы иргэний үнэмлэхний лавлагаа /хх 24/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 25/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 47-48/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Эгийн иргэн Б.Өлзийбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.Өлзийбат “Б.Өлзийбат миний бие иргэн Б.Эаас хохирол болох 250.000 төгрөг авч эвлэрсэн. Иймээс гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт авагдсан байх тул Б.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ