Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 21 дүгээр гудамж, 525 тоотод оршин суух, Хольдог овогт Намдагийн Ундралбуянд /РД:ШГ82091805/ холбогдох

Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангид 240 000 төгрөг гаргуулахыг тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Ундралбуян нь Жи Мобайл ХХК-тай 2015 оны 3 сарын 13-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240 000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20 000 төгрөг өгч  12 сарын хугацаатай сар бүр 20 000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Н.Ундралбуян нь одоо 160 000 төгрөгний төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Н.Ундралбуянаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 160 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундралбуян нь, “Жи мобайл” ХХКомпанитай 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төхөөрөмж худалдаж авсан. Гэрээний нөхцөл нь 12 сарын хугацаатай сар бүр 20 000 төгрөг төлж дуусгах байсан. Тэгэхэд хариуцагч нь 60 000 төгрөгийг төлсөн байдаг. Үлдэгдэл төлбөр 160 000 төгрөг, алданги 80 000 төгрөг нийт 240 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь хариуцагч Н.Ундралбуянд холбогдуулан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 240 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь цахилгаан барааны засвар, цахилгаан барааны худалдаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь 5055873 тоот регистр, 9011041082 тоот дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 2-р хуудас/

Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь хариуцагч Н.Ундралбуянтай 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 12 хүртэлх сарын хугацаатай, сар бүр тэнцүү хэмжээгээр хуваарийн дагуу төлөх нөхцөлтэйгээр төхөөрөмж зээлээр худалдахаар №1190869 дугаартай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан болох нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, зээл төлөх хуваарь, төлбөрийн нэхэмжлэх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5-6, 8-9-р хуудас/

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Н.Ундралбуянгийн зээлээр авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт 160 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 80 000 төгрөг, нийт 240 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн. 

Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 30-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, хариу тайлбараа 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэх байсан боловч хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.

 Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зохигч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.5-д “хэрэглэгч нь зээлээр авсан төхөөрөмжийн төлбөрийг энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь хууль болон гэрээнд зааснаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй болно.

Иймд төхөөрөмжийн үнэ нь 240 000 төгрөг бөгөөд хариуцагч нь урьдчилгаанд 20 000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Н.Ундралбуянгаас төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 160 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Мөн нэхэмжлэгчээс гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй төлбөрөө төлөөгүй тул хариуцагчаас алдангид 80 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 160 000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-д “хэрэглэгч төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй бол компани хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Гэвч зохигч талуудын хооронд байгуулагдсан Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулагдсан байх тул алдангийг 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл тооцоход 92 хоног буюу нийт 44 160 төгрөг /160 000 х 0,3=480 төгрөг, 480 х 92 =44 160/ байна гэж үзэв.  

 

 

Иймд хариуцагч Н.Ундралбуянаас төхөөрөмжийн үлдэгдэл үнэ 160 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй алдангид 44 160 төгрөг, нийт 204 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч Н.Ундралбуянд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түүний нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримтад бичигдсэн 99171243 дугаарын утсаар мэдэгдэж, шүүхийн тов мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Ундралбуянгаас төхөөрөмжийн үлдэгдэл үнэ болон алдангид нийт 204 160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 840 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6774 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН