| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1500/Э |
| Дугаар | 1526 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 1526
2019 10 02 2019/ШЦТ/1526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Д М яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03147 1959 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Д.Мнь 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аризона нэртэй пабад Г.Үржинхандтай маргалдаж, харилцан зодолдож, Д.М үйлдлийн улмаас Г.Үржинхандын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ммэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Үржинхандын өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аризона” пабыг ажиллуулдаг ба манай пабад 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 2019 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 00:00 цагийн орчим 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүн орж ирж үйлчлүүлээд 03:00 цагийн орчим уг хүмүүс тооцоогоо хийгээд гараад явсан. Уг хүмүүс гарч яваад 10 орчим минутын дараа буцаж орж ирээд камераа шүү, мөнгө алга болсон байна гэж хэлээд буцаад ороод ирсэн. Тэр үед манай пабад байсан АПУ-н ажилтан болох эмэгтэй яасан, юу болсон гэж асуухад уг эмэгтэйтэй нэг охин хэрэлдэж эхэлсэн. /эрүүлжүүлдэг охин/ Ингэж хоорондоо хэрэлдэж байхад цаанаас мөнгө байна, өмдний арын халаасанд байна гэж хэлээд хамт явж байсан эмэгтэй хүүхэд нь гаднаас ороод ирсэн. Гэвч уг эрүүлжүүлдэг охин болон АПУ-н сурталчилгааны 2 эмэгтэй хоорондоо хэрэлдэж байгаад маргаан ширүүсээд хоорондоо бүр чанга дуугаар маргалдаж эхлэхэд хамт явж байсан хүмүүс нь цагдаагийн эрүүлжүүлдэг охиныг аваад гараад явсан. Би аваад гарахаар нь текний ардаас гараад АПУ-н сурталчилгааны охинтой хамт зогсож байхад цагдаагийн эрүүлжүүлдэг охин буцаж орж ирээд шууд үгийн зөрүүгүй миний нүүр рүү нэг удаа цохиод, дараа нь шууд үсдэж аваад намайг ширээн дээр унагаасан. Ширээн дээр унагаасныхаа дараа миний нүүр рүү гараараа цохисон. Бас хөлөөрөө өшиглөөд байсан. Үүнийг харсан зөөгч банди нар намайг салгаж авсан...
...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг миний биед М гэх эмэгтэй учруулсан. Би тархины томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, нийт 128.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо надад гомдол санал гэхээр зүйл байхгүй. /хх-ийн 10-11, 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Хатанбаатарын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 18-р хороо, “Аризона” нэртэй пабад өөрийн үеэл эгч болох Мг авахаар очсон. Тэгээд тухайн үед намайг “Аризона” нэртэй шөнийн цэнгээний газар ирэх үед миний үеэл эгч болох М өөрийн найзуудын хамт “Аризона” нэртэй бааранд тооцоогоо хийгээд гарч ирж байсан. Тэгээд тэд нар гарч ирээд удаагүй байж байтал миний үеэл эгчийн шавь болох Мишээл гэх эрэгтэй бэлэн 70.000 төгрөгөө хаячихлаа гэж хэлсэн. Тэгээд би болон тэнд байсан хүмүүс бүгдээрээ буцаад “Аризона” нэртэй бааранд камер шүүхээр орсон. Тэгээд бид нар “Аризона” бааранд ороод ойролцоогоор 5-10 минут эргэж тойрч мөнгө хайж байгаад олдохгүй болохоор нь бүгдээрээ буцаад гарсан. Тэгтэл М эгч надад хандан би буцаж баар руу ороод камерийг нь шүүлгэчихээд гараад ирье гэж хэлсэн. Тэгээд би гадаа үүдэн дээр тамхи татаад зогсож байгаад М эгчийг удаад байхаар нь баар руу яваад ортол М эгчийг баарны кассны урд нэг залуу барьчихсан М эгч уйлсан байдалтай байсан. Тэгэхээр нь эгчээс юу болсон талаар асуутал М эгч надад хандан сая намайг нэг эмэгтэй алгадчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус баарны хяналтын камерийг шүүлгэж үзтэл улаан цамцтай залуу М эгчийг нэг удаа гараараа алгадаж байхыг харсан. Тэгтэл тэнд байсан баарны нэг ажилчин эмэгтэй М эгчийг хэл амаар доромжилж байгаад М эгчийг үсдээд авсан. Тэгтэл М эгч тэр эмэгтэйг зөрүүлээд үсдсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын голоор ороод тэр хоёрыг хоёр тийш салгасан. Тэгтэл М эгчтэй маргалдсан баарны ажилчин эмэгтэй дахиад очиж орилж дайраад М эгчийг үсдэж дараад ширээ мөргүүлсэн. Тэгэхээр нь би дахин очиж салгаад М эгч болон түүний найзуудыг баарнаас аваад гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Мишээлийн өгсөн: ...Би өөрийн найз болох М, Болд-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ нарын хамт тус газраар үйлчлүүлж байсан. Би тэр үед их согтсон байсан тул болсон асуудлыг бүрэн дүүрэн санахгүй байна. Миний санаж байгаагаар манай найз М нь тус газрын текний хажууд хоёроос гурван эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би явж очоод өөрийн найз Мг тус эмэгтэйчүүдээс өмөөрсөн боловч тэнд байсан хоёроос гурван эрэгтэй хүн намайг тус газраас гаргаж зодсон. Манай дүү Хатанбаатар /Хатнаа/ бид нарыг авахаар ирж таараад намайг тэдгээр хүмүүсээс салгасан. Намайг эргэж тус газарт ороход манай найз М нэг эмэгтэй хүнтэй үсдэлцээд зууралдаад байж байсан. Энэ үед хажууд нь байсан эмэгтэй хүмүүс Мгийн араас хөл, нуруу хэсэгт нь өшиглөөд байсан. Би Мг цохисон эсэхийг хараагүй. Би тэр хоёрыг салгаад тэр газраас гараад удалгүй цагдаа нар ирж бид хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 6198 дугаартай шинжээчийн:
1. Г.Үржинхандын биед баруун хацар, хамрын нуруунд цус хуралт, баруун зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байах боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Мгийн: ...Би уг гэмтлийг Г.Үржинхандын биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Г.Үржинханд нь намайг үсдээд дарахаар нь би хариу үсдсэн. Би Г.Үржинхандын нүүр рүү нэг ч удаа цохиогүй. Нүүрэнд учирсан гэмтлээ надтай үсдэлцэж байхдаа өөрөө ширээний булан мөргөсөн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,
- Шүүгдэгч Д.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27, 28 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Мнь 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аризона” нэртэй пабад Г.Үржинхандтай маргалдаж, харилцан зодолдож, Д.Мгийн үйлдлийн улмаас Г.Үржинхандын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Д.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Г.Үржинхандад 128.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Мд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.М нь 2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аризона нэртэй пабад Г.Үржинхандтай маргалдаж, харилцан зодолдож, Д.М үйлдлийн улмаас Г.Үржинхандын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Үржинханд, гэрч Ж.Хатанбаатар, Э.Мишээл, яллагдагчаар өгсөн Д.Мнарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 6198 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Үржинханд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх ба шүүгдэгч Д.Мгийн зүгээс 128.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Мг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Мнь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Д.Мнь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Д М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д М 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ