Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 967

 

2019        12          16                                  2019/ШЦТ/967

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Н.Х  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Дархан Жамба овгийн Н.Х ид холбогдох эрүүгийн 1911029211292 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дархан Жамба овгийн Н.Х , 1997 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, Сүлд инновац ХХК-д IT инженер ажилтай, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо 53/Д-220 тоотод оршин суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 673 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр торгох ялыг биелүүлсэн, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Х  нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах нийтийн байранд 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчим өөрийн найз эмэгтэйг Б.Ган-Ес, Л.Ууганбаяр нартай хардаж маргалдаж байх явцдаа улмаар Б.Ган-Есийн гуянд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Х  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 10/,

Хохирогч Б.Ган-Ес нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би  тухайн өдөр найз болох Мөнгөнсүх, Ууганбаяр, Сумъяа нарын хамт нийтийн байрны өрөөндөө пиво уугаад сууж байтал манай байрны дээд давхарт амьдардаг зүс таних эмэгтэй хаалга тогшоод, орж ирээд утсаараа яриулаач гэж гуйгаад Мөнгөнсүхийн утсаар залгаж ярихад цаад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд тэр эмэгтэй “манай найз залуу утсаа салгаад гадуур яваад байна” цуг амьдрах хэцүү юм. Сэтгэл санаа хэцүү байгаа болохоор бааранд орохоор гарч байна гэхээр нь  Ууганаа бид хоёр түүнийг хамт бааранд оръё гээд бид гурав хамтдаа 3, 4 дүгээр хорооллын бааранд ороод нэг нэг пиво уугаад одоо явъя гэсэн чинь Хулан гэх эмэгтэй явахгүй гээд байхаар нь Ууганбаяр бид хоёр түүнийг орхиод такси бариад гэртээ ирсэн. Энэ үед Мөнгөнсүх манайд ганцаараа байсан. Араас нэг танихгүй залуу орж ирээд Мөнгөнсүхийг асуугаад байсан. ...бид хоёр түүнд болсон асуудлыг үнэнээр нь хэлээд түүнийг бааранд үлдээгээд ирсэн гэдгээ хэлсэн. Гэтэл Хантайж гэх залуу баар луу явж найз эмэгтэйгээ авч ирнэ гээд манайхаас гарсан. Бид гурав унтахаар хэвтэж байтал Хантайж буцаж орж ирээд намайг дуудаад “дээшээ манай өрөөнд ороод ирээч” гэхээр нь би гарах гэтэл Ууганбаяр хамт оръё гээд надтай цуг явсан. Дээшээ гараад Хантайж Хулан нарын байдаг өрөө рүү орсон чинь Хулан өрөөний цонхны хажууд зогсчихсон уйлчихсан нүүр нь улайсан байдалтай байж байсан. Гэтэл Хантайж Хуланд хандаж “надад хэлсэн зүйлээ одоо энэ хоёрт хэл дээ” гэсэн чинь Хулан нь юм ярихгүй байж байгаад Хантайжид “би чамайг хүсэхгүй байна” гэсэн чинь Хантайж нь “би чамайг хүссэндээ хамт байгаад байгаа юм уу” гээд маргалдаад байсан. Бид хоёр Хантайжид “бид хоёр үнэнээ хэлсэн шүү дээ” гэсэн чинь бид хоёрыг маргааш шар махтай чинь хатаана гээд байхаар нь түүнтэй маргалдаж байтал Хантайж нь Ууганбаяр бид хоёрыг хоёр гараараа зэрэг цохихоор нь би түүнийг биеэр нь тэврээд авсан чинь Хантайж мултрах гээд зүтгэх үед Ууганбаяр бас түүнийг зуураад авсан чинь Хантайж өрөөний буланд байх хутга сэрээ хураасан хэсэг рүү дөхөх гээд байхаар нь бид хоёр түүнийг хутганаас нь холдуулах гээд ноцолдож байтал Хантайж миний хамар луу толгойныхоо ар хэсгээр хойшоо мөргөсөн чинь миний хамар өвдөөд түүнийг тавьж үүдээр нь гараад үүдэнд байх жижиг коридороор дамжин урт коридорт гараад урд талын буланд нь очиж хамраа үзсэн чинь гайгүй болохоор нь Ууганааг яаж байгаа бол гэж айгаад буцаад орсон. Гэтэл Ууганбаяр Хантайжийг араас нь тэвэрчихсэн хананд нуруугаараа шахагдсан байдалтай зогсож байсан. Хантайж нэг гартаа хутга барьчихсан арагшаа Ууганбаярын гэдсэнд тулгачихсан байхаар нь би дөнгөж хаалгаар ортол Хантайж гартаа барьсан хутгаараа миний зүүн хөлийн гуянд нэг удаа хатгаад авсан. Тэгэхээр нь би буцаж гарсан чинь хөл эвгүй болоод коридорт унасан...” гэх мэдүүлэг /хх 13-15/,

Гэрч У.Хулан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хантайж намайг бусадтай хардаад гэртээ Ган-Ес, Ууганбаяр гэх хоёр залууг дагуулан орж ирсэн. Тэгээд тэр гурав маргалдаж байгаад бие биеэ цохиод байх шиг болохоор би салгах гэж ойртсон боловч намайг хөөгөөд түлхээд байхаар нь би ойртож чадахгүй тэр гурваас холдоод зогсож байсан чинь тэр гурав ноцолдоод газар өнхрөөд байсан би айгаад уйлаад зогсож байтал Ган-Ес гэх залуу гараад явсан араас нь нөгөө найз нь гарч яваад эргэж орж ирээд “манай найз гадаа унасан байна" гэхээр нь бид гурав хамт гарсан чинь Ган-Ес гэх залуу шалан дээр унасан гуянаас нь цус гарсан байсан. Гэрт тэр гурав ноцолдож байхад хэн нэгэн нь хутга барьсан эсэхийг нь хараагүй. Өмнө мэдүүлэг өгөхдөө би Ган-Ес гэх залууг хутга барьсан байсан гэж худлаа хэлсэн юм. Тэр гурвын хэн нь ч хутга барьж надад харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх 26-29/,

Гэрч Л.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би найз Ган-Есийн амьдардаг нийтийн байранд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны 23 цагийн орчим очсон Ган-Есийн найз нар болох хэдэн залуучууд болон нэг танихгүй эмэгтэйн хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд Ган-Есийн гэрт байсан Хулан гэх эмэгтэй болон Ган-Ес бид гурав 3, 4 дүгээр хороололд байх бааранд хамт ороод байж байтал Ган-Ес бид хоёр явахаар болтол нөгөө эмэгтэй “манай найз залуу энд байна би жаахан бүжиглэж байгаад явна” гээд байхаар нь бид хоёр түүнийг үлдээгээд хоёулаа Ган-Есийн гэрт буцаж ирсэн. Тэдний гэрт нь ирэхэд Мөнгөнсүх гэх найз л ганцаараа Ган-Есийн гэрт үлдээд унтаж байсан. Гэрт нь байж байтал нэг танихгүй залуу орж ирээд “танай гэрт байсан нэг залуутай уулзах гэсэн юм түрүүн би утсаар нь ярих гэтэл манай найз охины найзынх нь дугаар утсан дээр нь байсан юм энэ талаар уулзаж найз охиноо хайж байгаа юм” гэхээр нь танай найз охиныг хэн гэдэг юм гэсэн чинь Хулангоо гэдэг гэхээр нь бид хоёр хамт бааранд очиж байж байгаад уг эмэгтэй баарандаа үлдээд бид хоёр сая наашаа ирсэн гэдгээ хэлсэн чинь “аан за за” гэчхээд гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд Ган-Есийг дуудаад “хөгшөөн ороод ирээ манай найз охин ирчихлээ” гэхээр нь Ган-Ес бид хоёр түүнийг дагаад 3 давхарт байх өрөөнд орсон чинь Хулангоо гэх эмэгтэй байж байсан. Хантайж гэх залуу Ган-Есийг “түрүүнийхээ ярьсан зүйлийг ярь даа” гээд байхаар нь Хулангоо нь бид хоёртой хамт баар луу явсан талаар  нь ярьсан чинь Хантайж Хулангоог “Чи түрүүн өөр зүйл ярьсан. Энэ хоёр залуу чамайг эргүүлээд аваад явсан гэсэн чинь одоо энэ хоёр залуу чинь чамайг өөрөө дурандаа явсан гээд байна шүү дээ” гээд уурлаад Ган-Ес бид хоёрыг “Би маргааш та хоёрыг шар махтай чинь хатаана” гээд байхаар нь бид хоёр гарж явах гэтэл Хантайж Ган-Естэй хэрэлдэж байгаад Ган-Есийг баруун гараараа нэг удаа намайг зүүн гараараа нэг удаа цохихоор нь бид хоёр түүнийг хоёр талаас нь бариад автал Хантайж өрөөний зүүн талын хана орчим байсан бүдэг цагаан өнгийн дугуй хуванцар савтай байсан хутга авах гээд дайраад байхаар нь Ган-Ес араас нь тэврээд би Хантайжын зүүн талаас нь түүнийг хоёр мөрнөөс нь зулгаагаад байж байтал Ган-Есийг дагзаараа арагшаа мөргөсөн чинь Ган-Ес “яая хамар” гээд түүнийг тавиад хаалгаар гарахаар нь би ч бас түүнийг тавьсан чинь хутга шүүрээд авахаар би түүнийг араас нь тэврээд автал хутгатай гараараа арагшаа миний гэдсэнд тулгахаар нь би түүнийг тавьсан. Тэгтэл Ган-Ес эргээд орж ирэхэд Хантайж барьж байсан хутгаараа Ган-Есийн зүүн гуянд нь нэг удаа хутгалсан чинь Ган-Ес буцаад гараад явсан. Хантайж эргэж хараад над руу хутгаа чиглүүлэн бариад “гараад найзыгаа аваад ир” гэхээр нь өрөөнөөс нь гараад Ган-Есийг харсан чинь коридорт хөндлөн хэвтчихсэн зүүн гуянаас нь цус асгараад шалан дээр тогтсон байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Н.Мөнгөнсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Унтаж байтал Ууганбаяр гэнэт орж ирээд “Ган-Ес 3 давхарт хутгалуулчихлаа” гэхээр нь би дээшээ 3 давхарт гарсан чинь коридорт Ган-Есийн гуянаас нь цус гарсан байдалтай атиралдаад хэвтэж байсан бөгөөд хажууд нь Хулангоогийн найз залуу гэх эрэгтэй зогсож байсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл Хантайж гэх залуу “Би юмаа мэднэ. Амин тус газар хаана байдгийг нь мэднэ” гээд байсан бөгөөд утсаар цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Тэгэхэд Ган-Ес түүнд цагдаа дуудахаа түр байж бай гэсэн чинь Хантайж дахин утсаар залгаад дуудлагаа буцааж байсан. Тэгэхээр нь би Ган-Есийг босгож түшээд Хантайжийн амьдардаг гэх өрөө рүү орсон чинь уг өрөөнд Хулангоо гэх эмэгтэй байж байсан бөгөөд өрөөний урд хананы орчим хар иштэй цус болчихсон хутга байсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/,

Гэрч Б.Сэрчинбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Машиндаа унтаж байтал Ууганбаяр цонх нүдээд сэрээхээр нь машинаас гарсан чинь Ган-Ес машины урд гуянаас нь цус гарчихсан байдалтай нэг танихгүй залуугийн хамт зогсож байсан. Би юу болсон талаар асуухад Ууганбаяр, Ган-Ес нар надад хэлэхдээ “хамт ирсэн энэ залуу Ган-Есийг хутгалсан” гэж байсан. Уг залууг өмнө нь танихгүй боловч өөрийгөө Хантайж гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Гэрч Ц.Сумъяабазар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ган-Ес орон дээрээ хэвтчихсэн гуяа даавуугаар боочихсон цус болчихсон байж байсан. Энэ үед Ууганбаяр, Сэрчээ, Мөнгөнсүх нар хамт байсан. Яасан талаар асуухад “хамт байсан эмэгтэйн найз залуу нь хутгалчихсан. Маргааш өглөө эмнэлгээр явахаас гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13350 дугаар дүгнэлтэд: “...Б.Ган-Есийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 40/,

Шүүгдэгч Н.Х  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр 02-ны өдрийн орой амьдарч байсан нийтийн байрандаа ирсэн чинь манай найз охин Хулан байхгүй байхаар нь хайж яваад манай байрны доод давхарт амьдардаг залуучуудтай хамт баар луу явсан гэдгийг нь мэдээд үүнээсээ болж Хулан болон Ган-Ес, Ууганбаяр нарыг нүүрэлдүүлж уулзахаар Ган-Ес Ууганбаяр нарыг өрөө лүүгээ дагуулж орсон. Манай өрөөнд энэ асуудлаас болж маргаан болоод Ган-Ес, Ууганбаяр бид гурав ноцолдож эхэлсэн. Тэгээд Ган-Ес бид хоёр зууралдсан чигээрээ өрөөний буланд байсан гал тогооны хэрэгслүүд дээр унах үед хутга сэрээ хийдэг байсан шилэн сав болон аяганууд унаж хагарсан. Энэ үед би уг хагархайнууд дээгүүр Ган-Есийн хамт өнхөрч байхад уг хагархайнууд миний гар болон гэдэс орчим зулгалж гэмтээсэн. Би тухайн үед нимгэн фуболктой байсан юм. Зууралдаж байгаад би Ган-Есийг гараараа нэг удаа цохисон чинь Ган-Ес гараад явсан. Шалан дээр хутга унасан байхаар нь би уг хутгыг аваад гартаа барьсан чинь Ууганбаяр нь миний араас тэврээд авахаар нь би түүнийг айлгах гээд хутгаараа түүний гэдсэнд тулгаад “намайг тавь” гэж хэлээд байж байтал гаднаас Ган-Ес буцаж орж ирээд намайг өшиглөх гэхээр нь би барьж байсан хутгаараа түүний зүүн гуянд нэг удаа хатгасан. Ган-Ес гарч яваад коридорт унаад түүний гуянаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 54/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар тогтоол /хх 108/, шүүгдэгч Н.Х ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 101/, хохирогч Б.Ган-Есийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 100/, шүүгдэгч Н.Х ид холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-64, 103-107/, яаралтай тусламжийн хуудас /хх 73-75/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Х  нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 1 дүгээр гудамжны 1 тоотод байрлах нийтийн байранд 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчим өөрийн найз эмэгтэйг Б.Ган-Ес, Л.Ууганбаяр нартай хардаж маргалдаж байх явцдаа улмаар Б.Ган-Есийн гуянд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 10/, хохирогч Б.Ган-Есийн “...Хантайж нэг гартаа хутга барьчихсан арагшаа Ууганбаярын гэдсэнд тулгачихсан байхаар нь би дөнгөж хаалгаар ортол Хантайж гартаа барьсан хутгаараа миний зүүн хөлийн гуянд нэг удаа хатгаад авсан. Тэгэхээр нь би буцаж гарсан чинь хөл эвгүй болоод коридорт унасан...” гэх мэдүүлэг /хх 13-15/, гэрч У.Хулангийн “...Ган-Ес гэх залуу гараад явсан араас нь нөгөө найз нь гарч яваад эргэж орж ирээд “манай найз гадаа унасан байна" гэхээр нь бид гурав хамт гарсан чинь Ган-Ес гэх залуу шалан дээр унасан гуянаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 26-29/, гэрч Л.Ууганбаярын  “...Хантайж барьж байсан хутгаараа Ган-Есийн зүүн гуянд нь нэг удаа хутгалсан чинь Ган-Ес буцаад гараад явсан. Хантайж эргэж хараад над руу хутгаа чиглүүлэн бариад “гараад найзыгаа аваад ир” гэхээр нь өрөөнөөс нь гараад Ган-Есийг харсан чинь коридорт хөндлөн хэвтчихсэн зүүн гуянаас нь цус асгараад шалан дээр тогтсон байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Н.Мөнгөнсүхийн “...Хантайжийн амьдардаг гэх өрөө рүү орсон чинь уг өрөөнд Хулангоо гэх эмэгтэй байж байсан бөгөөд өрөөний урд хананы орчим хар иштэй цус болчихсон хутга байсан...” гэх мэдүүлэг /хх 32-33/, гэрч Б.Сэрчинбаярын “...Ган-Ес машины урд гуянаас нь цус гарчихсан байдалтай нэг танихгүй залуугийн хамт зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 34-35/, гэрч Ц.Сумъяабазарын “...Ган-Ес орон дээрээ хэвтчихсэн гуяа даавуугаар боочихсон цус болчихсон байж байсан...” гэх мэдүүлэг /хх 36-37/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13350 дугаар дүгнэлт /хх 40/, шүүгдэгч Н.Х ийн “...Ган-Ес буцаж орж ирээд намайг өшиглөх гэхээр нь би барьж байсан хутгаараа түүний зүүн гуянд нэг удаа хатгасан. Ган-Ес гарч яваад коридорт унаад түүний гуянаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх 52-53/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Ган-Ес нь “...Хантайжаас эрүүл мэндийн зардалдаа 200.000 төгрөг авсан одоо ямар нэгэн хохирлын маргаан байхгүй, гомдол саналгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Н.Х  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархан Жамба овгийн Н.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х ид 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН