Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 974

 

2019       12          18                                   2019/ШЦТ/974

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Г.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Буурч овгийн Г.Б д холбогдох эрүүгийн 1911030751309 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Буурч овгийн Г.Б , 1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, КТМ авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, аав, ахын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС 3 дугаар гудамж 63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Далайг “шалан дээр цустай шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газарт нь 5-с 6 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд үүдэн нэг шүдний уг хэсгийн хугарал, уруул, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч Ж.Далай нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн найзууд болох Билгүүн, Цэрэн, Отгонбат, Бүрнээбаяр, Хатансайхан нартай нийлээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгүүний лагарын байшинд очиж амрахаар болоод 24 ширхэг пиво, 1 шил архи аваад очиж ууцгаасан юм. Тэгээд Хатансайхан, Отгонбат, Билгүүн 3 түрүүлээд унтаад Цэрэн, Бүрнээбаяр бид 3 үлдээд үлдсэн архи хувааж уугаад сууж байсан ба би Билгүүний байгаа өрөө рүү очоод хажууд нь уугаад сууж байсан чинь Билгүүн босож ирээд намайг алагдаад авахаар нь би зөрүүлээд алагдсан чинь Билгүүн шууд зүүн хацар луу гараараа хүчтэй цохиход миний амнаас цус гарсан бөгөөд тухайн үед би Билгүүнээ яаж байгаа юм бэ андаа гэж хэлсэн чинь чи яагаад манай гэр лүү нулимаад байгаа юм бэ гэж хэлээд 4-5 удаа миний нүүр, нүд, уруул хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх 10-11/,

Гэрч Д.Цэрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хатансайхан, Бүрнээбаяр, Отгонбат, Билгүүн, Далай бид 6 нийлж Билгүүний лагарын байшинд амралтын өдрүүдийг өнгөрөөх төлөвлөгөөтэй очсон юм. Тэгээд авчирч ирсэн архи, дарс пивоо хувааж ууцгаагаад сууж байтал гадаа харанхуй ч болж Хатансайхан, Отгонбат, Билгүүнээ 3 унтаад Бүрнээбаяр, Далай бид 3 сэрүүн архиа хувааж уугаад сууж байтал Далай гэнэт босоод Билгүүний байгаа өрөөнд очоод “Билгүүнээ андаа босоод ирээ” гэж хэлээд чангаар дуудаж байгаа сонсогдсон бөгөөд цаад талын өрөөнд нэлээн удаад байхаар нь Бүрнээбаярын хамт яваад очиход Далай газар уначихсан нүүрнээс нь цус гарчихсан Билгүүнээр босоод зогсчихсон байхаар нь “Юу болоод байгаа бэ" гэсэн чинь Билгүүнээ “Энэ манай гэрт шүлсээ хаяад байхаар нь цохичихлоо” гэж хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч А.Хатансайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тухайн үед сэрээд харахад Далайгийн хамар ам хэсгээс нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Б.Бүрнээбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Далай газар дээшээ хараад хэвтсэн Билгүүн босоод зогссон байдалтай чанга чанга дуугаар ярилцаж байсан. Юу болсон талаар асуухад Билгүүн “Далай манай гэрт шүлсээ хаясан” гэх хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14226 дугаар дүгнэлтэд: “...Ж.Далайн биед дээд үүдэн нэг шүдний хугарал, уруул, баруун зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 24/

Шүүгдэгч  Г.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн найзууд болох Цэрэн, Отгонбат, Бүрнээбаяр, Хатансайхан, Далай нартай хамт өөрийн лагарын байшин руу 1 шил архи, 24 ширхэг пиво, 2.5 литрийн савлагаатай пиво 2 савыг аваад бид нар манай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн лагарын байшинд очиж архи ууж ярилцаж байгаад орой болчихоор нь би түрүүлээд унтаад өгсөн юм. Далай намайг унтаж байхад татаж чангаагаад байхаар нь би босоод “Яагаад байгаа бэ?” гэж хэлээд хацар луу нь түлхсэн чинь Далай миний өөдөөс инээгээд хацар руу алагдаад бид 2 бие биенийгээ 2-3 удаа зөөлөн алагдаад тоглоод байж байсан чинь Далай гэнэт намайг чанга алагдаад авахаар нь би зөрүүлээд хацар луу нь гараараа цохисон чинь амнаас нь цус гарчихсан. Миний өөдөөс нулимаад цустай шүлсээ гэрийн шал руу хаяад байхаар нь би 5-6 удаа нүүр, хацар, нүд, уруул хэсэг рүү цохисон чинь гэрт байсан найзууд маань бүгд бид хоёрыг салгаад бид зургаа унтаад тус өдрийн үдээс хойш 3-4 цагийн үед Далай, Цэрэн, Отгонбат, Бүрнээбаяр, Хатансайхан нар яваад би гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 31/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 42/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 331 дүгээр тогтоол /хх 58/, шүүгдэгч Г.Б ий гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч Ж.Далайгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/, хохирогч Ж.Далайгийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 51/, хохирогч Ж.Далайд хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх 54/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Далайг “шалан дээр цустай шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газарт нь 5-с 6 удаа цохиж эрүүл мэндэд нь “дээд үүдэн нэг шүдний уг хэсгийн хугарал, уруул, баруун, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, шанаад зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Ж.Далайгийн “...чи яагаад манай гэр лүү нулимаад байгаа юм бэ гэж хэлээд 4-5 удаа миний нүүр, нүд, уруул хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх 10-11/, гэрч Д.Цэрэнгийн “...Бүрнээбаярын хамт яваад очиход Далай газар уначихсан нүүрнээс нь цус гарчихсан Билгүүнээр босоод зогсчихсон байхаар нь “Юу болоод байгаа бэ" гэсэн чинь Билгүүнээ “Энэ манай гэрт шүлсээ хаяад байхаар нь цохичихлоо” гэж хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч А.Хатансайханы “...Би тухайн үед сэрээд харахад Далайгийн хамар ам хэсгээс нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/, гэрч Б.Бүрнээбаярын “...Далай газар дээшээ хараад хэвтсэн Билгүүн босоод зогссон байдалтай чанга чанга дуугаар ярилцаж байсан. Юу болсон талаар асуухад Билгүүн “Далай манай гэрт шүлсээ хаясан” гэх хэлсэн..” гэх мэдүүлэг /хх 21-22/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14226 дугаар дүгнэлт /хх 24/, шүүгдэгч  Г.Б ий “...Далай гэнэт намайг чанга алагдаад авахаар нь би зөрүүлээд хацар луу нь гараараа цохисон чинь амнаас нь цус гарчихсан. Миний өөдөөс нулимаад цустай шүлсээ гэрийн шал руу хаяад байхаар нь би 5-6 удаа нүүр, хацар, нүд, уруул хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх 31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Ж.Далай нь “...хохирлын ямар нэгэн маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Г.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурч овгийн Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН