Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1879

 

 

 

 

 

 

 

 

2019          12          16                                   2019/ШЦТ/1879   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Ганзориг,

Хохирогч С.Дашдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ю.Батболд,

Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 1906 04264 2535 дугаар хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Н.Н.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110-04 тоотоос С.Дашдэмбэрэлийн 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Н.Н нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Дашдэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Бөхийн өргөөний орчим хөгшчүүл тоглодог саадны орчим 16 цагийн үед явж байхад Н.Н гээд байгаа эмэгтэй, хажууд нь хамт нүд муутай нэг эмэгтэй байсан ба ганц жижиг архи аваад өгчихөөч гээд янз бүрийн зовлон тоочоод байхаар нь би дэлгүүр рүү ороод 0.33 литрийн “Хараа” нэртэй архи аваад хаана уух юм бэ гэхээр нь манайх ойрхон байгаа манайд очъё гээд дагуулаад гэртээ очсон. Тэгээд гэрт архи ууж байхад тэр 2 эмэгтэй хоорондоо маргалдаж байгаад гараад явсан чинь Н.Н нь удаж байгаад буцаж орж ирээд явуулчихлаа гэсэн. Тэгээд архи ууж байгаад манайд хоносон. Маргааш өглөө нь мөн ганц архи аваад өгчих гэхээр нь би 5.000 төгрөг өгч явуулсан. Тэгээд тэр өдөр архи ууж байгаад миний банканд хийх гээд ширээн дээр гаргаад тавьсан байсан 1.500.000 төгрөгийг авсан байсан. Би энэ Н.Н гээд байгаа эмэгтэйг өмнө нь танидаггүй байсан. Тухайн өдрөөс л танидаг болсон гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Н.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би “Бүрэн дуулга” хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг ба албан газруудтай гэрээгээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2019 оны 07 дугаар сард Хөгжим бүжгийн дээд сургуульд хамгаалагчаар ажиллаж байсан. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа буучихаад Сансарт хүү Отгонбаатарынд очоод усанд орчихоод сууж байхад 17 цагийн үед миний дүү Н.Н миний утас руу залгахаар нь утасаа авахад “та хаана байна” гэхээр нь “би сансарт байна” гэхэд халамцуудуу “би цалингаа авчихлаа, танд мөнгө аваачиж өгөх гэсэн юм, түр хүлээж байгаарай” гэсэн ба удаагүй “та гараад ирээч, хүмүүс мөнгө авах гээд байна” гэхээр нь гадаа гарахад Н.Н ирчихсэн байсан. Надтай уулзахад согтуу байхаар нь хаагуур юу хийж яваа юм гээд загнахад “найзуудтайгаа жаахан уучихсан юм, танаас их мөнгө авсан, өгөх гэсэн юм” гээд бэлнээр мөнгө гаргаж өгөөд “наана чинь 1.450.000 төгрөг байгаа, та 1.000.000 төгрөгийг нь өрөндөө авчих, би Алдармаад өртэй, 450.000 төгрөгийг нь өгчихөөрэй” гэж хэлчихээд явсан. Би мөнгийг нь тоолж үзэхэд 1.450.000 төгрөг байсан. Маргааш нь өөрийн том охин Алдармааг гэртээ дуудаад Н.Н эгч чинь чамд өртэй гэсэн үүнийг өгчихөөрэй гэсэн гэж хэлээд 450.000 төгрөгийг нь өгөхөд “өө ашгүй” гээд авсан юм. Тухайн үед Н.Н нь ажил хийгээд явж байгаа гэдгийг сонссон болохоор би анзаараагүй, өөрөө ч надад хэлэхдээ цалингаа авсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 20/,  

 

            -гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

 

Шүүгдэгч Н.Нн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үе байх Дэмбээ ахтай таараад гэрт нь очоод тэгээд намайг Дэмбээ ах дайлаад тэгэ^ тэднийд хоносон. Тэгээд 16-ны өдөр намайг архинд яваад ир гээд мөнгө өгсөн тэгээд би архинд явсан. Тэгээд 16-ныхаа өдөр битүү архидаад орой нь 23 цагийн үед орныхоо доороос мөнгө гаргаж ирээд ширээн дээр шидээд байсан тэгээд намайг 23 цагийн үед үзэмний шүүсэнд яваад ир гэсэн тэгэхээр нь би ширээн дээрээс нь 1.500.000 төгрөгийг нь авч гараад дээшээ алхаж явч байгаад замд нэг ядарсан хүн байхаар нь 20.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд би такси бариад Баянцээлийн 29-р байранд очих замдаа таксины жолоочийн утсаар Алдармаа гэх дүүрүүгээ залгаад том ахыг гарч ирээд мөнгө авчих би цалингаа авсан юм гэж хэлсэн. Тэгээд таксиндаа 20.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд ахдаа 1.440.000 төгрөгийг ах Лхагвадоржид өгсөн. Тэгээд ах маань Алдармаа дүүд 440.000 төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 1 саяыг нь Үржин эгчид өгөөрэй гээд хэлсэн. Миний буруу үйлдэл тул би хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Н.Нн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт /хх 32, 30, 33/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 110-04 тоотоос С.Дашдэмбэрэлийн 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх ба шүүгдэгч Н.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Н.Нн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч С.Дашдэмбэрэлд учирсан хохиролоос 100.000 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 1.400.000 төгрөгөөс төлөгдсөн зүйлгүй байх тул шүүгдэгч Н.Нгээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Нд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоос төлж барагдуулаагүй байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд гаргасан оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохиролыг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргасан.

Уг хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд “Надад одоо мөнгө байхгүй. Би тогооч хийдэг, 2-3 сар ажил хийж байгаад төлөх боломжтой” гэж оролцогчийн асуултад хариулсан.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэснээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байхад хохиролыг төлөөгүй атлаа шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулаад төлөх боломжгүй гэж үзлээ. Хэрэг шүүхэд шилжиж ирсэнээс хойш өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж шүүх дээр ирэх, энэ байдал нь  шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болсоныг харгалзсан болно. Шүүх хуралдааныг хойшлуулахад ч өмгөөлөгч хохиролыг төлөх хугацаа шаардлагатай талаар санал гаргаж байсан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь ямар нэгэн байдлаар хохиролыг төлөх талаарх идэвхитэй үйлдэлийг шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохиролыг хэрхэн, яаж төлөх нь тодорхой бус, төлбөрийн эх сурвалжгүй байна.

           

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаарх Эрүүгийн хуульд заасан хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх нөхцөл боломжгүй бүрдээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж болдог.

Хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх ойлголтод шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх эх үүсвэр, арга хэлбэр, хугацаа нь тодорхой байх, тодорхой хугацаанл биелэгдэх боломжтой  байх ойлголт хамаарна. Түүнээс бус төлнө гэж мэдүүлснийг илэрхийлсэн гэж тооцох боломжгүй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Нг шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгийн цагдан хоригдсон тав хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Н.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нгээс 1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Дашдэмбэрэл /ус42031710/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ