Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 975

 

2019        12          18                                   2019/ШЦТ/975

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Б.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Шар хуурч овгийн Б.Б өд холбогдох эрүүгийн 1911027031281 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шар хуурч овгийн Б.Б , 1969 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул-2 захын гадна талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-991 а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Баянмөнх нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-991а тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Оюунгэрэлийг хардалтын улмаас цээж, нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд нь “зовхи, хацар, шанаа, уруул, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамар, хүзүүнд зулгаралт, шуу, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баянмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/,

Хохирогч Б.Оюунгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 10 дугаар сарын 9-ний 19 цагийн орчим Автобус бааз дээр Баянмөнх бид хоёр харьж явтал Норжин залгаад та хоёр хүлээж бай танайд оръя гэхээр нь бид хоёр хүлээж байгаад Норжинтой хамт гэрлүүгээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-991 а тоотод ирээд. Хоол цайгаа хийж идээд байж байтал Норжин, Баянмөнх хоёр цалин буусан ганц юм гээд Баянмөнх би дэлгүүр яваад ирье надад мөнгө байгаа гээд яваад Хараа гэх нэртэй 0.33 граммын савалгаатай архинаас нэгийг, Тэрэлж ундаа нэг, Шинэ сүү хоёрыг авч ирсэн. Баянмөнх, Норжин бид гурав нөгөө архиа задлаад хувааж уусан. Оройн 23 цаг 30 минутын орчим би унтах гээд ороо засаад байж байтал Баянмөнх гэнэт намайг барьж аваад ор луу шидээд, цээжин дээр минь гарч суугаад зодож эхэлсэн. Тэгээд би Норжин руу чи цагдаа дуудаад өгөөч гэтэл Норжин би айгаад байна гээд байсан. Баянмөнх миний нүүр, цээж рүү олон цохисон. Баянмөнх архи уухаараа зоддог... ...2019 оны 9 дүгээр сараас манай охин Жавхлантуул, 5-н настай охиныхоо хамт ирээд бидний түрээсэлж байсан байшинд хамт амьдарч байсан. Баянмөнх урьд нь архи уухаараа л хэрүүл маргаан хийгээд зодох гээд байдаг байсан. 2017 оны 12 дугаар сард согтуу үедээ дайрч, гар хүрэхээр нь цагдаад өгсөн бөгөөд 30 хоног баривчилгаанд явж байсан. Өөрөөр бол хэрэлдэж маргалдах үе байсан ч энэ болсон явдал шиг намайг зодож, гэмтэл учруулж байгаагүй. Цагдаа ирэх үед бол миний дээр суучихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх 15-17/,

Гэрч Д.Норжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед  Баянмөнх гэнэт янхан, хулгайчаа, залуу нөхрөө олж ир гээд Оюунгэрэл эгчийг зодоод эхэлсэн. Би айгаад яаж ч чадахгүй, чи хүн аллаа гэтэл нэг мөсөн алаад хаячихъя гээд хоолойг нь боогоод байсан... ...Дараа нь нүүр, ам руу нь хамаагүй нэлээн олон удаа гараараа цохиод байсан. Боль гэхэд тоолгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/,

Гэрч А.Халиун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө Согоот 113 чиглэлд цагдаа, жолооч ахлах ахлагч С.Батзаяагийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-991а тоотод нөхөр нь эхнэрээ зодоод байна гэх дуудлагын дагуу очиход, дуудлага өгсөн эмэгтэй тухайн байрны үүдэнд хүлээж байсан. Гэрийг зааж өгсний дагуу гэрт орж шалгахад хүчирхийлэл үйлдсэн Баянмөнх гэгч газар гудсан дээр гадуур хувцастайгаа хэвтчихсэн, зодуулсан эмэгтэй Оюунгэрэл нь дан хувцастай, дээгүүр өмссөн хувцас нь сунаад хөх нь ил гарчихсан, уйлсан байдалтай энэ хүн намайг зодоод байна гэж хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч О.Жавхлантуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манай ээж одоогоос 4-5 жилийн өмнөөс Баянмөнх гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. Хааяа нэг ээж Баянмөнхийг архи уусан гэж ярьж байсан. Урьд нь Баянмөнхөд зодуулж байгаагүй, хэрэв ямар нэг юм болсон юм бол манай ээж надад байнга хэлж ярьдаг...” гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12331 дугаар дүгнэлтэд: “...Б.Оюунгэрэлийн биед зовхи, хацар, шанаа, уруул, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хүзүүнд зулгаралт, шуу, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 30/;

Шүүгдэгч Б.Баянмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд гэртээ ирэхэд эхнэр Б.Оюунгэрэл хоол хийж, Норжин бид хоёр миний авсан Хараа архийг хувааж уусан. Эхнэр Б.Оюунгэрэл архинаас 2 хундага уусан. Тэгээд нэг мэдсэн нилээн согтчихсон, эхнэрээ зодсон байна лээ. Би тухайн үед архи уугаад нилээн муудсан байсан тул сайн санахгүй байгаа юм. Би архи уухаараа эхнэрээ хуучин нөхөртэй нь хардаад байдаг болчихсон байна лээ. Тэгээд л хардаад гар хүрч зодсон байна...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 12 дугаар сарын 10-ны  өдрийн 327 дугаар  тогтоол /хх 60/, шүүгдэгч Б.Баянмөнхийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 54/, хохирогч Б.Оюунгэрэлийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/, шүүгдэгч Б.Баянмөнхийн ажлын газрын тодорхойлолт /хх 43/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 59 дүгээр шийдвэрийн хуулбар /хх 48-49/,         Аюулын зэргийн үнэлгээ /хх 07/зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-991а тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Оюунгэрэлийг хардалтын улмаас цээж, нүүр лүү нь цохиж, эрүүл мэндэд нь “зовхи, хацар, шанаа, уруул, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамар, хүзүүнд зулгаралт, шуу, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/, хохирогч Б.Оюунгэрэлийн “...би унтах гээд ороо засаад байж байтал Баянмөнх гэнэт намайг барьж аваад ор луу шидээд, цээжин дээр минь гарч суугаад зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 15-17/, гэрч Д.Норжингийн “...Баянмөнх гэнэт янхан, хулгайчаа, залуу нөхрөө олж ир гээд Оюунгэрэл эгчийг зодоод эхэлсэн. Би айгаад яаж ч чадахгүй, чи хүн аллаа гэтэл нэг мөсөн алаад хаячихъя гээд хоолойг нь боогоод байсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/, гэрч А.Халиунгийн “...Баянмөнх гэгч газар гудсан дээр гадуур хувцастайгаа хэвтчихсэн, зодуулсан эмэгтэй Оюунгэрэл нь дан хувцастай, дээгүүр өмссөн хувцас нь сунаад хөх нь ил гарчихсан, уйлсан байдалтай энэ хүн намайг зодоод байна гэж хэлээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/, гэрч О.Жавхлантуулын “...Манай ээж одоогоос 4-5 жилийн өмнөөс Баянмөнх гэх хүнтэй хамтран амьдарч эхэлсэн. Хааяа нэг ээж Баянмөнхийг архи уусан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12331 дугаар дүгнэлт /хх 30/; шүүгдэгч Б.Баянмөнхийн “...Тэгээд нэг мэдсэн нилээн согтчихсон, эхнэрээ зодсон байна лээ. Би тухайн үед архи уугаад нилээн муудсан байсан тул сайн санахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 38-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Оюунгэрэл нь “...надад гомдол, санал, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Баянмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнх оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар хуурч овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхөд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнх нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН