| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/1840/Э |
| Дугаар | 1880 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц. Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1880
2019 12 16 2019/ШЦТ/1880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Д.Сарантуяа,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 1906 03657 2461 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Сарантуяагаас "БНХАУ-руу тээвэр хийх С зөвшөөрөл гаргаж өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд нийт 14.475.000 төгрөгийг 5429223550 тоот дансруу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03657 2461 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч Б.Г нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манайхаас түлш авдаг Руншин шан ХХК-ний Монгол дахь төлөөлөгч Хасаа гэх өвөрмонгол залуу надруу залгахаар нь би яагаад та нар манайхаас түлш авахаа больчихсон юм гэтэл манайх Хятад улс руу тээвэр хийх С зөвшөөрлөө авч чадахгүй болоод зогсчихсон. Таньд туслах арга байна уу гэхээр нь би мэдэхгүй байна гэтэл миний хажууд манай жолооч Шижирбаатар гэх залуу байж таараад манай найз С зөвшөөрөл гаргаж өгнө гэж ярьж байсан гэхээр нь би гаргуулчих юмсан гэж яриад өнгөрсөн. Шижирбаатар маргааш нь болно гэж байна гээд утсаар ярихаар нь би Хасаатай яриад бичиг баримтаа бүрдүүлээд өгчих гэж хэлсэн. ...Шижирбаатарын эхнэр нь бичиг баримтыг ирж аваад Б.Г гэх хүнд өгсөн. Тэгсэн Б.Г надруу залгаад та С зөвшөөрлийнхөө мөнгийг надруу шилжүүл гэхээр нь гайхаад ийм хурдан уу гэхэд өнөөдөр шууд эндээс хэвлэж өгнө гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12.357.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2.100.000 төгрөгийг 5429223550 дугаартай Алтанцэцэг гэх хүний дансруу Хятад улс руу тээвэр хийх хилийн С зөвшөөрөл авах гээд шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш ямар ч сураггүй болчихсон гэх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,
... надад 14.475.000 төгрөгийн хохирол учирснаас 4.000.000 төгрөг төлөгдөж үлдэгдэл нь одоог хүртэл төлөгдөөгүй гэх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Гэрч Э.Шижирбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
... Б.Г Шинэ авто худалдааны төв дээр ажилладаг гэж өөрөө хэлсэн. Б.Г надад хэлэхдээ С зөвшөөрөл гаргуулах хүн байна уу гэхээр нь би Сарантуяа эгчид дугаарыг нь өгөөд орхисон. Б.Г миний 99130871 дугаарлуу яриад зөвшөөрөл авахаар бүрдүүлсэн материалуудаа "We chat"-aap зургийг нь явуулчих гэхээр нь Сарантуяа руу яриад зургийг нь явуулчих гэнээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Б.Болорчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Манай нөхөр Шижирбаатар намайг Сарантуяа эгчийнхээс бүрдүүлсэн бичиг баримтыг гэрээс нь очиж аваад 21 дүгээр хороололд байгаа Б.Г гэдэг хүнд өгчих гэсэн. Би Сарантуяа эгчийн гэр байх Кристал таунаас очиж аваад Б.Г гэдэг хүнд 21 дүгээр хорооллын Мини зах дээр аваачиж өгсөн. Надад нүхтэй хавтастай бичиг баримт өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
-хохирогчийн цагдаагийн байгууллагад 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/,
-хохирогч Д.Сарантуяагийн Хаан банкны 5003952745 тоот данснаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12.375.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2.100.000 төгрөгийг 5429223550 тоот дансруу шилжүүлсэн талаарх тус банкны шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4, 18 тал/,
-шүүгдэгч Б.Гийн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “миний бие Д.Сарантуяагаас 14.475.000 төгрөгийг ажил бүтээж өгөх зорилготой авсан нь үнэн. Уг ажилаа бүтээж чадаагүй учраас мөнгийг 7 дугаар сарын 05-ны дотор төлж дуусгахаа баталж байна” гэх хүсэлт /хх-ийн 16 тал/,
- Б.Гийн болон түүний эхнэр иргэн Ц.Алтанцэцэгийн 5429223550, 5925417961 тоот депозит данснуудын хуулга /хх-ийн 24-38 тал/,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 02 дугаар сарын орчим Шижирбаатар нь машины С зөвшөөрөл гаргаж өгөх боломж байна уу гэхээр нь би хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би танил Төөгий гэх залуугаас машины С зөвшөөрөл гаргах боломжтой юу гэж асуутал хүнээс асууя гэсэн. Тэгээд ойролцоогоор хэдэн төгрөг болох вэ гэтэл 14.475.000 төгрөг болох юм байна гэхээр нь би эхнэр Алтанцэцэгийн дансаар Сарантуяа гэх хүнээс 14.475.000 төгрөгийг 2 хувааж авсан. Тэгээд Төөгий бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Төөгийд би ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Тэгээд би Сарантуяагаас авсан мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад өр зээлэндээ өгөөд дуусгачихсан. Надад ямар ч С зөвшөөрөл гаргах эрх байхгүй. Төөгий гэх залуугийн бүтэн нэр утасны дугаарыг мэдэхгүй. 3 жилийн хугацаагаар Япон улс руу явсан сурагтай байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, НДШ төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 20-22 тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох шунахайн санаа зорилготой, орлого олохыг хүссэн шүүгдэгчийн идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Аливаа тусгай зөвшөөрлийг Монгол Улсад төрийн захиргааны байгууллагаас батлан гаргасан тодорхой журмын дагуу төрийн байгууллагаас эрхлэн явуулах үйл ажиллагаагаар дамжуулан олгодог. Төрийн байгууллагын үдсэн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрлийг төрөөс олгох болохоос хувь хүн, хуулийн этгээд олгодоггүй болно.
Тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр эрхлэх ямарваа нэгэн үйл ажиллааг эрхлэгч нь тусгай зөвшөөрөл олгох эрх зөвхөн төрийн байгууллагын эрх гэдгийг ойлгож, уг байгууллагад өөрсдөө шууд хандаж, тухайн төрийн байгууллагаас үйлчилгээ үзүүлэх журмын дагуу холбогдох ажиллагааг гүйцэлдүүлж байх нь зохистой.
Шүүгдэгч Б.Г нь ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий субект биш болохоо өөр сайтар ухамсарлаж байсан ч хохирогч Д.Сарантуяа рүү 2019 оны 02 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд өөрөө утсаар холбогдож итгэл төрүүлэн өөрийн эхнэрийн данс руу мөнгө шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Шүүгдэгч Б.Г нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч шунахайн сэдэлтээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Г нь иргэн Д.Сарантуяад “БНХАУ-руу тээвэр хийх С зөвшөөрөл гаргаж өгнө" гэж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.Г нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч Б.Гийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Сарантуяад учирсан 14.475.000 төгрөгийн хохирол учруулсанаас 4.000.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Г төлж барагдуулсан тухай хохирогч мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс үлдэх 10.475.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Гт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулаагүй зэрэг байдлуудыг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай хүсэлтийг хангаж энэ талаарх хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглэх нөхцөл боломж бүрдээгүй байна.
Учир нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар хуульчилсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж болдог.
Хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх ойлголтод шүүгдэгчийн хохирол нөхөн төлөх эх үүсвэр, арга хэлбэр, хугацаа нь тодорхой байх, тогтоосон хугацаандаа биелэгдэх боломжтой байх ойлголт хамаарна. Түүнээс бус төлнө гэж мэдүүлсэнийг илэрхийлсэн гэж тооцох боломжгүй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 10.475.000 /арван сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Сарантуяа /ТА62091861/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ