Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0031

 

 

 

 

 

 

 

“С н к” ХХК, “А и” ХХК, “Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, Ш.С, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Хэнтийн аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Г.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э, өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Хэнтийн аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э нарын давж заалдах гомдлоор “С н к” ХХК, “А и” ХХК, “Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Орон нутгийн өмчийн газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж Хэнтий аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг” даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Х” ХХК-ийг хассан шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүд, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “С н к” ХХК, “А и” ХХК-иудын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн тавин хувь буюу 35100 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү гаргуулж “С н к” ХХК, “А и” ХХК-иудад, нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч нараас адил тэнцүү гаргуулж тус компанид олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч бидний нэхэмжлэлийн 3 шаардлагаас “Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хариуцагчийг нэхэмжлэгчтэй  гэрээ байгуулахыг  даалгах” шаардлагыг анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ /шийдвэрийн 24 дүгээр тал/ ...үнэлгээний хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг байгууллага тул түүний дотоод бүрэн эрхэд шүүхээс халдах шаардлагагүй гэж үзэн “С н к” ХХК, “А и” ХХК-иудын “Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хариуцагчийг нэхэмжлэгчтэй  гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дүгнэснийг хэрэгт авагдсан баримтуудын буруу үнэлсэн гэж үзэж байна.

Тодруулбал хэрэгт авагдсан баримтаар үнэлгээний хорооны 2020 оны 05 сарын 05-ны хуралдааны тэмдэглэл, үнэлгээний хорооны зөвлөмжөөр нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийн хүргүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргэсэн байдаг бөгөөд энэ шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага хэргийн оролцогчдын хэн аль нь гаргаагүй, 2020 оны 05 дугаар сарын 19-ний шийдвэр хүчингүй болохыг шүүх тогтоосон атал дахин үнэлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгомогц энэ шийдвэрийг үндэслэн хийгдсэн гэрээ хүчингүй болж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны хуралдаанаас гарсан шийдвэр нь хүчинтэй болж бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй тул энэхүү гомдлоор шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг  даалгах шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн зэрэгцээ нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...захиалагчаас тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 14.1-д сургуулийн барилгын техникийн шаардлагыг тогтоохдоо сургуулийн барилгын цахилгааны дэд станцын хүчин чадлыг 6 кВт байхаар тогтоосон байхад “М к” ХХК, “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерт уг дэд станцын хүчин чадлыг 10 кВт-аар ирүүлсэн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

          Энэ үйл баримтыг хариуцагч тал тайлбар болон бичгийн нотлох баримтаар няцааж чадаагүй ба гуравдагч этгээд “М к” ХХК-ийн тендерийн материалд давуу үзүүлэлт ирүүлэх нь тендерээс хасах үндэслэл болохгүй гэснээс өөр тайлбар, үндэслэл бүхий няцаалт гаргаагүй ба техникийн нөхцөлийг хэн нэг этгээдээс өөрчлөх эрх хэмжээ байхгүй тул “М к” ХХК-ийн ирүүлсэн тендер нь техникийн нөхцөлийг зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт хийхгүй орхигдуулан, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх ба нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хуулийг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

          Учир нь нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэл болон гуравдагч этгээд “М к” ХХК-иудын хувьд ТОӨЗ-ийн 14.1-д заасан “...6 кВт-ийн хүчин чадал бүхий цахилгааны дэд станц барих...” талаар заасныг зөрчөөгүй ба 10 кВт-ийн хүчин чадалтай цахилгааны дэд станц барихаар тендерийн баримт бичигтээ тусгасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-т “энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхийн үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчөөгүй буюу энэ хуульд зааснаар 6 кВт гэдэг бол захиалагчийн тогтоосон доод хэмжээ ба түүнийг нэхэмжлэгчийн түншлэл болон гуравдагч этгээдүүд давуулан хангаж байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй тул анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэл нь тендерийн баримт бичигт заасан доод үзүүлэлтүүдийг бүрэн хангасан, зарим тохиолдолд давуулан хангасан болохыг анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн байх ба ийнхүү давуулан хангасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.  

          2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үнэлгээний хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Х” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн хасахдаа “жижиг ажлууд олны орхигдуулсан” гэх байдлаар тодорхойгүй дүгнэлт хийсэн ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3.1-т заасан “худалдан авах ажиллагаанд ил тод байх” зарчимд нийцээгүй, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан “Тендерийн үнэлгээний заавар” баримт бичгийн 6.5-д “Тендер хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж... хавсаргана. Мөн энэ маягтад шаардлага нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах...” гэж заасанд нийцэхгүй ... Дээрх шалгаруулалтад “Х” ХХК-ийг хасахдаа тус компанийн тендер ямар шаардлага хангахгүй байгааг хэлэлцээгүй, харин тендерээс хассан мэдэгдэлдээ тус компанийг ТОӨЗ 14.1 /ж/-д заасныг зөрчин “Ажлын тоо хэмжээг хийхдээ Б блокийн дээврийн фонар угсрах, будах орхигдуулсан, металл рамтай вакум хаалга угсрах ажлуудыг хасаж ирүүлсэн, Г блокийн хулдаасан шал 10 м.кв дутуу гэж дүгнэснийг нэхэмжлэгч “Х” ХХК нь магадлашгүй ажлын зардалд нийт 200 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа тул хэрэв үнэлгээний хороо энэ ажлыг орхигдуулсан гэж үзэж байгаа бол уг зардлаас хийх боломжтой, иймд төсөвт тусгаагүй гэж үзэхгүй гэж тайлбарласныг шүүх буруутгах үндэслэлгүй.

          “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийн төсөвт тендерээр хийх ажлын зардал бас магадлашгүй ажлын зардлууд тус тус тусгагдсан байгаа бөгөөд дутуу төсөвлөсөн гэх 17.4 сая төгрөгийн ажлыг хэрхэн хийх талаар тус компаниас тодруулга авах эрх нь хариуцагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар олгогдсон байхад хариуцагч ийнхүү тодруулга, тайлбар гаргуулаагүй байж тус компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв.

          “... хариуцагч үнэлгээний хорооны дарга Г.Х-аас шүүх хуралдаан дээр “Х” ХХК нь тендер ирүүлэхдээ 5 блок барилга, ус хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил дээр 17 ажил орхигдуулсан, сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэ асуудлаар өөр бичгийн нотлох баримт байхгүй байгаа ба “Х” ХХК-ийг тендер шалгаруулалтаас хасах үндэслэлд ийм дүгнэлт ч байгаагүй тул энэ тайлбарыг /тайлбар нь нотолгооны хэрэгсэл биш тул нотлох баримт гэж үзэхгүй/ нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал хариуцагчаас сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй талаар болон 17 ажил орхисон талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхэд уг асуудалтай холбоотой тайлбар, хүсэлт өмнө нь амаар болон бичгээр гаргаж байгаагүй бөгөөд уг үйл баримт нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байх ...

          Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “...үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер ерөнхий шаардлагад нийцээгүй гэж үзэн үнэлгээнээс хасаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус гэж үзэн, хүчингүй болгох шаардлагыг хангаж шийдвэрлэв”  гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй.

          Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 9/1058 дугаартай мэдэгдэлд дурдсан “...ажлын тоо хэмжээг хийхдээ Б блокийн дээврийн фонар угсрах, будах ажлыг орхигдуулсан, металл рамтай вакум хаалга угсрах ажлуудыг хасаж ирүүлсэн, Г блокийн хулдаасан шал 10 м.кв дутуу, жижиг ажлууд нэлээдгүй орхигдуулсан” гэдэг үндэслэлүүдийг няцаасан нэг ч баримтууд хэрэгт авагдаагүй бөгөөд гагцхүү амаар л тайлбар гаргадаг /тайлбар нотолгооны хэрэгсэл биш/, түүнчлэн аливаа тендерт оролцогч нь тухайн тендерийн баримт бичигт заасныг нэг бүрчлэн хангасан тохиолдолд хянах шатнаас үнэлэх шат руу ордог байхад нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд дээр дурдсан зөрчлүүдтэй байна гэж үзэж тендерийн үнэлгээний хороо үзэж, тендерийг ирүүлсэн үнээр нь үнэлэх шат руу оруулаагүйг хууль бус гэж тогтоосон баримтгүй, түүнийг няцааж чадаагүй, мөн хариуцагч тендерийн үнэлгээний хорооноос шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбоотойгоор шүүх хуралдааны нотлох баримтыг судлах шатанд судлаад бүхэл бүтэн хүзүүвчин барилгын төсвийг орхигдуулсан болох нь тогтоогдсон /хэргийн бүх оролцогчид нотлох баримт судлахад харж байсан/, энэ барилга нь өөрөө хамгийн бага үнийн санал ирүүлсэн манай компанийн төсвөөс үзэхэд л 100 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий барилга тул магадлашгүй ажлын зардлаас санхүүжүүлэх боломжгүйн дээр ... журамд зааснаар уг зардлаас санхүүжих ажилд хамаарахгүй байхад анхан шатны шүүхээс энэ асуудалд огт дүгнэлт хийлгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийжээ.

          Тодруулбал 10 м.кв байна уу 1 м.кв байна уу тендерийн баримт бичигт заасан доод үзүүлэлтийг бууруулах эрх тендерт оролцогчдод байхгүй, хэрэв нэг л нэгжээр бууруулсан энэ нь тендерийн баримт бичигт заасныг зөрчсөн зөрчил болох байтал бууруулсан, дутуу орхигдуулсан шалтгаанаа баримттайгаар, үндэслэлтэйгээр няцааж чадаагүй.

          3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын “...нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ “...Үнэлгээний хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг байгууллага тул түүний дотоод бүрэн эрхэд шүүхээс халдах шаардлагагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө энэхүү шаардлагаа хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан болохыг тодруулсан байхад ийнхүү шаардлагад хамааралгүй хариуцагчид холбогдуулан дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй.

          Мөн тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн болон 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлуудаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийг 2 удаа шалгаруулсан шийдвэрийг гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргад гаргасан шийдвэрээ болон уг шийдвэрийн дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан, мөн энэхүү үйл баримттай холбогдуулан хэргийн оролцогчид нь огт маргаагүй.

          Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийг 2 удаа хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хамгийн сайн гэж үнэлэгдсэн болохыг үнэлгээний хороо хурлаараа шийдвэрлэж, түүний дагуу гэрээ байгуулахыг зөвлөсөн тул захиалагч буюу Хэнтий аймгийн Засаг дарга гэрээ байгуулах үүрэгтэй болохыг хуулиар хуульчилсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь хууль зөрчихгүй бөгөөд хэн нэгэн төрийн байгууллага албан тушаалтны эрх хэмжээнд хөндлөнгөөс халдсан зүйл байхгүй.

          Өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тендерийн үнэлгээний хорооны хурлын шийдвэр буюу тэмдэглэлд үнэлгээний хорооны дарга гарын үсэг зураагүй байдаг боловч энэхүү асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж заасныг хариуцагчийн зүгээс зөрчсөн үйлдэл болох ба нэхэмжлэгч нарыг буруутгах боломжгүйн зэрэгцээ мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т  тендерийн үнэлгээний хороо нь “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж заасны дагуу захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Хэнтий аймгийн Засаг дарга нь хууль бусаар өөрчлөх эрхгүй, зөвхөн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үүрэгтэй болохыг хуулиас харж болохоор байна.

          Гэтэл хариуцагч нарын зүгээс дээрх хуулийн дагуу болж өнгөрсөн 2 удаагийн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэргүй, эсхүл тендерийн үнэлгээг дахин хийхийг үүрэг болгосон хэн нэгний шийдвэргүй байхад ямар ч шалтгаангүйгээр дахин 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, уг тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн нэхэмжлэгчийг шалгаруулсан байсан шийдвэрээсээ буцаж, эсрэгээрээ хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, уг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан тендерт ирүүлсэн материал нь ТОӨЗ-т нийцэхгүй “М к” ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг ноцтой зөрчихийн зэрэгцээ мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

          Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо: “... Нэг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Х” ХХК-ийн дутуу төлөвлөсөн гэх 17.4 сая төгрөгийн ажлыг хэрхэн хийх талаар тус компаниас тодруулга авах эрх нь хариуцагчид Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар олгогдсон байхад хариуцагч ийнхүү тодруулга, тайлбар гаргуулаагүй байж тус компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д тендерийн үнэд арифметик алдаа болон орхигдуулсан жижиг хэмжээний зөрүүг залруулах, үнийн хөнгөлөлтийг харгалзан тендерийн үнийг бууруулах, захиалагч энэ хуульд заасныг үндэслэн үнэлгээний бусад шалгуур үзүүлэлтийг сонгосон бол тэдгээрт харгалзах саналуудыг мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэ дээр харгалзан тооцож тендерийн харьцуулах үнийг тодорхойлно. Мөн “Барилгын төсөв зохиох дүрэм” /БНбД 81-95-12/-д 2 дахь хэсэгт нэмэгдэл зардалд барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцөлийг бүрдүүлэх зардлуудыг заасан бөгөөд дараах зардлууд нэмэгдэл зардалд тооцогддог байна. Үүнд:

-Захиргааны оффисын зардал

-Ажилтны цалин

-Бусад

-Ажил зохион байгуулалт

-Лаборатори, шинжилгээ цотограф

-Цэвэрлэгээ

-Ажилчдыг дадлагажуулах

-Хүйтний улирлын нэмэгдэл зардлуудыг тусгасан байна.

          Мөн “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм” /БНбД 81-94-12/-д Барилгын эдийн засгийн норматив бичиг баримт /цогцолбор 81/-д шифр 46 /БНбД 81-53-05/ шалны ажил, шифр 47 /БНбД 81-54-05/ дээврийн ажлыг төсөвт заавал тусгахаар заасан байна. Гэтэл “Х” ХХК нь Б блокны дээврийн фонер угсрах, будах орхигдуулсан, металл рамтай вакум хаалга уграх ажлуудыг хасаж ирүүлсэн, Г блокны хулдаасан шал 10 м.кв дутуу, жижиг ажлуудыг нилээдгүй орхигдуулсан бөгөөд эдгээр ажлыг төсөвт заавал тусгах шаардлагатай орхигдуулж болохгүй ноцтой зөрчил гаргасан гэдгийг дээрх дүрмээр батлагдаж байна. Мөн нэхэмжлэгч талын тайлбарласнаар нэмэгдэл зардлаас тус ажлыг хийж залруулах гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус ажлуудыг нэмэгдэл зардалд тооцдоггүй гэдгийг мөн дүрэмд зааснаар боломжгүй гэдэг нь батлагдаж байгаа юм.

          Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар тодруулга авах эрх захиалагчид хуулиар олгогдсон боловч захиалагч нь залруулах боломжгүй асуудлаар тодруулга авах үүргийг хуулиар хүлээгээгүй байна.

          Иймд тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар захиалагч тодруулга, тайлбар гаргуулаагүй байж тус компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн гэх нь үндэслэлгүй юм.

          Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар захиалагч Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээгүй, хууль ёсны үндэслэлгүйгээр өөрчлөх эрхгүй байна. Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун нь “аймгийн Засаг дарга зөрүүтэй асуудлыг тодруул гэсэн тул тендерт дахин үнэлгээ хийсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч аймгийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны олонхийн саналаар шийдвэрлэсэн үнэлгээний дүгнэлтийг дангаараа хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэхийг шаардах эрх хэмжээгүй гэж үзлээ гэжээ.

          Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Захиалагч “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер иүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоос өмнө энэ хуулийн заасан чадавхийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг дахин магадлаж болно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж засан бөгөөд захиалагч нь зөрүүтэй асуудлаар үнэлгээний хороонд дахин магадлахыг даалгах, зөрчлийг арилгуулах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй юм.

          Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны олонхийн саналаар шийдвэрлэсэн үнэлгээний дүгнэлтийг дангаараа хүчингүй болгох, дахин үнэлгээ хийлгэхийг шаардах эрх хэмжээгүй гэж үзсэн нь захиалагчид хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд үндэслэлгүй байна.

          Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Үнэлгээний хорооны дарга Г.Х-аас шүүх хуралдаан дээр “Х” ХХК нь тендер ирүүлэхдээ 5 блок барилга, уг хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил дээр 17 ажил орхигдуулсан, сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй байсан” гэж тайлбарыг гаргасан бөгөөд энэ асуудлаар өөр бичгийн нотлох баримт байхгүй байгаа ба “Х” ХХК-ийг тендер шалгаруулалтаас хасах үндэслэлд ийм дүгнэлт ч байгаагүй тул Г.Х-ны шүүх хуралдаан дээр гаргасан энэ /тайлбар нь нотолгооны хэрэгсэл биш тул нотлох баримт гэж үзэхгүй/ нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

          Хариуцагч Г.Х нь шүүх хуралдаанд нотлох баримтыг судлан шинжлэх үе шатанд /шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан /Си Ди/-ээр ирүүлсэн нотлох баримт/ буюу /”Х” ХХК-ийн тендерт ирүүлсэн ажлын төсөв/-ийг шинжлэн судлуулж 5 блок барилга, ус хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил дээр 17 ажил орхигдуулсан, сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй гэдгийг хэргийн оролцогч болон шүүх хуралдаан даргалагчид нэг бүрчлэн тайлбарлаж харуулсан болно. Гэтэл шүүхэд нотлох баримтын шаардлага ханган /Си Ди/-ээр ирүүлсэн нотлох баримт/ буюу /”Х” ХХК-ийн тендерт ирүүлсэнб ажлын төсөв байсаар байтал бичгийн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

          Дөрөв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана”, мөн хуулийн 108.3-д “шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заажээ.

          Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай бүрэн эрхээр нь бичгээр үйлдэгдсэн байх боловч тус шийдвэр нь 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн эхээр нь үйлдэж, шүүгч гарын үсэг зураж хэргийн оролцогч нарт 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр и-мэйл хаягаар илгээсэн болно.

          Ийм учир тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасныг зөрчсөн бөгөөд шүүх нь процессын алдаа гаргасан байна. Мөн тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэж заасан байна. Гэвч шүүх нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааны даргалагч нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг л танилцуулсан бөгөөд маргаантай асуудал болох шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийг хэргийн оролцогч нарт огт тайлбарлаагүй юм. Ийм учир шүүх хуралдаан даргалагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108/.1 дэх заалтыг зөрчиж процессын алдаа гаргасан байна. Мөн дээр дурдсанчлан Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хуульд заасан 14 хоногийн хугацаанд бичгээр үйлдээгүй нь шүүгчийн бие даасан хараат бус байдалд халдсан байх гэсэн хардлага төрүүлж байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батаа, Б.Энхжин нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газар, сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай тендерийн Үнэлгээний хороонд (Цаашид “Үнэлгээний хороо” гэх) холбогдуулж 1) Орон нутгийн өмчийн газраас зарласан сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох 2) Хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох 3) Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Мөн нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хороонд холбогдуулан 1) Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Х” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах 2)Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох 3)Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 23 дугаартай шийдвэрээр Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хэнтий аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Мөн тус шүүх нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Х” ХХК-ийг хассан шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүд, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгох, Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгасугай гэж шийдвэрлэсэн болно.

Гуравдагч этгээд “М к” ХХК нь Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч уг шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Үнэлгээний хороог төлөөлсөн Үнэлгээний хорооны даргын итгэмжлэлийн тухайд:

Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд “...Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны дарга Г.Х” оролцсон. Хэргийн оролцогчийн ирцтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Э нь Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулууны итгэмжлэл хэрэгт авагдсан эсэх тухай тодруулж өгөхийг хүссэн. Мөн шүүх хуралдааны төгсгөлд нэмэлт тайлбар хэлэх үе шатанд дахин энэ талаар хэлсэн байдаг.

Шүүхийн шийдвэрт өмгөөлөгч Б.Э “...Шүүх хуралдаан эхлэхэд буюу хэргийн оролцогчийн ирцийг шалгахад үнэлгээний хорооны дарга шүүх хуралдаанд ямар эрх зүйн статустай оролцож байгаа вэ?, олгосон итгэмжлэл байна уу? гэж асуусан” гэжээ.

Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны дарга Г.Х-нд итгэмжлэл олгогдсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш юм. Учир нь Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх...” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заажээ. 

Хэнтий аймгийн Засаг дарга нь Үнэлгээний хороог Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/100 дүгээр захирамжаар нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус захирамжаар Үнэлгээний хорооны дарга Г.Х-нд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй болно.

Шүүх ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заагдаагүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаан явагдсан гэж үзэх үндэслэл юм.

Хоёр. Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлоогүй хариуцагчийг өөрийн санаачлагаар хамтран хариуцагчаар татсан тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагадаа Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар тодорхойлоогүй.

Гэтэл шүүхийн шийдвэрт “... “С н к” ХХК, “А и” ХХК-иудын Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар ... холбогдуулан”, мөн “...Тамгын газрын дарга гэрээ байгуулсан байгаагаас үзвэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг уг гэрээг байгуулсны хувьд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и”ХХК, “Х” ХХК-ийн гаргасан “М к” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хариуцагч мөн гэж үзлээ” гэжээ.

Шүүх нь өөрийн санаачлагаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-ыг илтэд зөрчсөн үйлдэл юм. Мөн ийнхүү хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг оролцуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагатай танилцуулж, тайлбар аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Гурав. Шүүх нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн асуудлын тухайд:

Шүүхийн шийдвэрт “...Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ...гэрээг хүчингүй болгох” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ талуудын шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-уудыг тус тус илтэд зөрчсөн үйлдэл юм.

Дөрөв. Шүүх нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн асуудлын тухайд:

Шүүх үндэслэх хэсэгт “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг “Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Х” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

Шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, Үнэлгээний хорооны аль шийдвэртэй маргаж байгаа тухай асуусан боловч “хариулахгүй” гэсэн. Мөн асуулт, хариултын төгсгөлд шүүгч нь “Х” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж асуусан боловч хууль зүйн фактанд маргаж байна гэсэн хариултыг өгсөн.

Гэтэл шүүх нь шийдвэрийн тогтоох хэсэгт “...Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Х” ХХК-ийг хассан шийдвэр, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүд” хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү тодорхой бус байхад шүүх нэг талын санаачлагаар өөрчилж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойлох нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ талуудын шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-уудыг тус тус илтэд зөрчсөн үйлдэл юм.

Тав. Шүүх гэрээг буруу дүгнэсэн асуудлын тухайд:

Шүүхийн шийдвэрт “...Тамгын газрын дарга гэрээ байгуулсан байгаагаас үзвэл Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг уг гэрээг байгуулсны хувьд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК, “Х” ХХК-ийн гаргасан “М к” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хариуцагч мөн гэж үзлээ” гэжээ.

Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар №УТХО-2020/31 дүгээр 1500 суудалтай сургуулийн барилгын ажлын гэрээг Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-ийн захирал нар байгуулсан.

Энэ нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Засаг дарга нь “харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч” байх ба тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Засаг даргын Тамгын газар нь “...Засаг даргын ажлын алба” байна гэж тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Засаг дарга нь төсөв захиран зарцуулахтай холбоотой гэрээнд гарын үсэг зурах ба тус гарын үсэг зурахтай холбогдуулан баримт бичгийг бэлтгэх чиг үүргийг Засаг даргын Тамгын газар гүйцэтгэх юм.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар №УТХО-2020/31 дүгээр гэрээг Хэнтий аймгийн Засаг дарга нь “М к” ХХК-тай байгуулсан юм.

Шүүх нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК хооронд гэрээг байгуулсан гэж үйл баримтыг буруу дүгнэжээ.

Зургаа. Шүүх Г.Т-ын дипломыг буруу дүгнэсэн асуудлын тухайд:

Шүүхийн шийдвэрт “М к” ХХК-ийн тендерийн баримт материалдаа Г.Т нь Уул уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер гэх дипломын хуулбар ирүүлсэн байгаа тул түүнийг барилгын цахилгааны инженер гэж үзэхгүй ... Учир нь уул уурхайн салбарын чиглэлээр мэргэжил эзэмшсэн талаарх инженерийн дипломыг барилгын инженертэй адилтган үзэхгүй буюу хоёр өөр салбар шинжлэх ухааныг нэг болгож зөвшөөрөх үндэслэлгүй” гэжээ.

Шүүхийн шийдвэр дурдсан шиг Монгол улсад барилгын цахилгааны инженер гэдэг мэргэжил байхгүй. Харин Цахилгааны инженер болон Уул уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжил байдаг.

Уул уурхайн цахилгааны тоног төхөөрөмжийн ашиглалтын инженерийн мэргэжил суурь цахилгааны кредит цагийг судалж, уул уурхайн томоохон хүчин чадалтай цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцахын тулд гүнзгийрүүлж нэмэлт кредит цагаар судалж төгсдөг.

Г.Т-ын диплом дээрээс цуглуулсан кредит цагийг харахад цахилгааны инженерээр төгссөн нь тодорхой харагдахаас гадна нийгмийн даатгалын дэвтрийн “даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл” хэсэгт цахилгааны инженерээр 2013 оноос 2016 он хүртэл, “М к” ХХК-д Оюу толгойн төслийн шат угсрагч, цахилгааны инженерээр 2018 оноос хойш ажиллаж байгааг харж болно.

Долоо. Шүүх архивын лавлагааг нотлох баримтад тооцоогүй нь нотлох баримтыг буруу дүгнэсэн тухайд:

Шүүхийн шийдвэрт н.Г-ийн дипломын хуулбар ирүүлээгүй, Политехникийн дээд сургуулийн Ректорын 1989 оны тушаалыг ирүүлсэн нь Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 5.2(в), 5.3(г) заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэхгүй гэжээ.

Хүний амьдрал баялаг учраас диплом болон бусад баримт бичиг гээгдэх, хулгайд алдах, устаж алга болох тохиолдол гарч болно. Энэ тохиолдолд хурдан хугацаанд шинээр гаргах боломжгүй байдаг тул Монгол улсад архивын лавлагааг эх материалын оронд ашигладаг.

Тендерийн баримт бичигт Д.Г Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Политехникийн дээд сургуулийн ректорын тушаал, тус тушаалын хавсралт №2, Оюутнаар батлах тухай Ректорын тушаал зэргийг хавсаргаж өгсөн байдаг.

Шүүх нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагааг нотлох баримтад тооцоогүй нь илт үндэслэл муутай байна.

Найм. Шүүх албан бичгийн огноог андуурч буруу дүгнэсэн асуудлын тухайд:

Шүүхийн шийдвэрт “Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан бичгээр “М к” ХХК-ийн өр төлбөрийн талаарх лавлагааг гаргахдаа өрийг 04 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулсан гэсэн нь он, сар, цаг хугацааны хувьд түрүүлж гарсан байх тул эргэлзээтэй” гэжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манай байгууллагад ямар нэгэн тодорхойлолт гаргаж өгөөгүй.

Манай байгууллагад Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тодорхойлолт гаргасан ба энэ талаарх баримт тендерийн баримт бичигт авагдсан. Шүүх хэргийн үйл баримтыг буруу ташаа дүгнэжээ.

Ес. Шүүх тендер нээсэн огноог андуурч тооцсон асуудлын тухайд:

Шүүхийн шийдвэрт тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4(б)-д Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна гэж шалгуур үзүүлэлт тогтоосон байх тул “М к” ХХК-ийг тендер нээсэн өдрөөр нийгмийн даатгалын шимтгэл төлөх өргүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно гэжээ.

Тендер нээсэн өдөр нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болно. Тендер нээсэн өдрөөс өмнө татвар, хураамжийг бүрэн төлсөн нь яагаад нийгмийн даатгалын шимтгэл төлөх өргүй байсан гэж үзэх үндэслэл болсонгүйг ойлгосонгүй. Шүүх тендер нээсэн огноог буруу тооцож дүгнэсэн гэж үзлээ.

Нийгмийн даатгалын өр төлбөргүй тухайд Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 03/2464 дугаар албан бичигт нотлох баримтыг ирүүлсэн. Энэхүү албан бичгийн хамт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архивын мэдээлэлд “... “М к” ХХК 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн үлдэгдэл 0.00 төгрөг” гэжээ.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл 3,200,000 төгрөгийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төвлөрсөн санд “Нийгмийн даатгалын шимтгэл төлбөр” утгаар шилжүүлсэн баримт, 112,000,000 төгрөгийг Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын шимтгэл төлбөр” утгаар шилжүүлсэн баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иймд манай байгууллага нь тендер нээсэн өдөр ямар нэгэн татвар, хураамжийн өр төлбөргүй байхад шүүх өр төлбөртэй гэж дүгнэсэн нь тендер нээсэн огноог андуурч тооцсон учир ингэж дүгнэсэн байх гэж үзлээ.

Арав. Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдоогүй асуудлаар дүгнэсэн тухайд:

Захиалагчаас Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 14.1-д сургуулийн барилгын техникийн шаардлагыг тогтоохдоо сургуулийн барилгын цахилгаан дэд станцын хүчин чадлыг 6кВт байхаар тогтоосон байхад “М к” ХХК, “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлээр ирүүлсэн тендерт уг дэд станцын хүчин чадлыг 10кВт-аар ирүүлсэн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Мөн “...гуравдагч этгээд “М к” ХХК-ийн “тендерийн материалд давуу үзүүлэлт ирүүлэх нь тендерээс хасах үндэслэл болохгүй” гэснээс өөр тайлбар, үндэслэл бүхий няцаалт гаргаагүй гэжээ.

Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие шүүхийн асуулт, хариултын шатанд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ дэд станцын хүчин чадлын талаар Сангийн яаманд гаргасан гомдолд тусгасан эсэх талаар асуухад хариулт өгөөгүй. Нотлох баримт шинжлэн судлахад “Х” ХХК-ийн Сангийн яаманд гаргасан гомдолд дэд станцын асуудлаар гомдол гаргаагүй нь нотлогдсон.

Мөн “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлээр оролцсон нэхэмжлэгчдээс Сангийн яаманд гаргасан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/71 дугаар гомдолд 6кВт ирүүлснээр хасагдсан үндэслэлтэй маргахгүй гэсэн.

Өөрөөр хэлбэл дэд станцын хүчин чадлыг 10кВт болгож сайжруулсан асуудлаар нэхэмжлэгч “Х” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаагүй, “С н к” ХХК, “А и” ХХК-иуд энэ талаар маргахгүй гэсэн байхад шүүх шийдвэртээ дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг илтэд зөрчсөн байна.

Арван нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын хууль зөрчсөн үйлдлүүдийн тухайд:

1. Урьдчилсан хэлэлцүүлэгт итгэмжлэлгүй хүн оролцуулж, хүсэлтийг хангаж шийдсэн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар итгэмжлэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр нь энэхүү хуульд заасан хэлбэрийн шаардлага хангахгүй буюу өнгөтөөр хувилсан итгэмжлэлтэй урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон.

Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний бие урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох үед “энэхүү итгэмжлэл нь эх хувиараа биш юм уу? гэхэд мэйл хаягаар сканердаад ирүүлсэн. Шуудангаар эх хувь ирж байгаа” гэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх хууль зүйн шаардлага тавигдсан байхад цахимаар итгэмжлэл авах, хуулбар хувиар итгэмжлэл авах зэргээр тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралд оролцож, хүсэлтээ хангуулж шийдвэрлүүлсэн.

2. Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 5 цагийн өмнө мэдэгдсэн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.3-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ гэж заасан.

Шүүх 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байхаар товлосон.

2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хэргийн оролцогч нарт хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О-аас шүүгчийн 77 дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай гомдол гарсан учир 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болохгүй, хойшлогдсон тухай утсаар мэдэгдсэн.

Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед шүүхээс гэнэт утсаар залгаж, өнөөдөр 15 цагт урьдчилсан хэлэлцүүлэг болохоор болсон тухай мэдэгдсэн (дуу бичлэгтэй). Ийнхүү урьдчилсан хэлэлцүүлгийг 5 цагийн өмнө мэдэгдэж, 330 киллометрийн зайнаас шүүх хуралдаанд хоцорч ирсэн.

Дараа нь шүүх энэ асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр “Шүүгч: Миний бие шүүхийн тамгын газрын даргад шүүгчийн туслахаас албан ёсоор асуулга авах хүсэлт гаргах гэж байгаа. Яагаад гэхээр 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бид нар хуралдаад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 00 минутад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар бүгд тохиролцсон байсан. Тэгсэн манай шүүгчийн туслах буруу ойлгоод надаас зөвшөөрөл авахгүйгээр бүгдэд нь зарласан байсан” гэсэн.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг Анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн тухайд:

Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О шүүгчийн 77 дугаар захирамжид өөрчлөлт оруулах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.

Шүүгч 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 84 дүгээр шүүгчийн захирамж өөрчлөх тухай захирамжаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4. Шүүх албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийлгэхээр үүрэг болгосон тухайд:

Хэнтий аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт  шүүгч захирамжаас гадуур албан бичгээр шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа явуулахыг даалгасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж хуульчилсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүгчийн 86 дугаар актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжид заагдаагүй барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай 2020 оны 07 дугаар сарын сарын 24-ний өдрийн 54 дугаартай албан бичгийг үндэслэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь маргаан дагуулж байгаа билээ. Тухайлбал, манай байгууллагад тус бичгийг үндэслэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зөрчлийн акт тавьсан ба тус зөрчлийг актыг Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Мөн тус албан бичигтэй холбоотойгоор барилга угсралтын үйл ажиллагааг зогсоож, манай байгууллагын цахилгааныг тасдаж лацадсан, барилгын талбай руу нэвтрэхийг хориглосон үйлдлийг хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг нэхэмжлэлийн шаардлагаар Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.

Цаашид шүүх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрээс гадуур албан бичгээр шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааг хэрэгжүүлэхийг даалгах байдал хэвээр үргэлжилвэл Монгол Улсад шүүхийн дарангуйлал тогтож, эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, эрх зүйт төр үгүй болох үндэс суурь болно.

5. Шүүх хэргийн материалтай танилцуулаагүй асуудлын тухайд:

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж нотлох баримттай танилцуулахгүй, нотлох баримтаас хуулбарлаж өгөхгүй гэсэн тул 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр, 08 дугаар сарын 12-ны өдөр, 08 дугаар сарын 13-ны өдөр нотлох баримттай танилцах, нотлох баримтаас хуулбарлаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан.

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 59 дүгээр “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нэгдүгээрт Хэргийн оролцогч нарыг байлцуулан нотлох баримттай танилцуулах /аль нэг талд давуу байдал олгохгүйгээр/ хоёрдугаарт Хариуцагч аймгийн Засаг дарга өөрчлөгдсөн. Шинээр томилогдсон Засаг дарга Ц.И-д эрх үүргийг тайлбарлах шаардлагатай байсан тул тухайн нотлох баримтыг шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн оролцогч нарт танилцуулсан болно гэсэн тайлбар өгсөн.

Шүүхийн дээрх хэргийн материалтай танилцуулахгүй гэсэнтэй холбоотой тайлбарыг ойлгоогүй ба хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй.

6. Шүүх хуралдаан удаашрахад хүргэсэн асуудлын тухайд:

Шүүх хуралдааны явцад манай байгууллагаас шалтгаалж шүүх хуралдаан удааширсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч тал хэлэхээс гадна шүүгч мөн удаа дараа хэлж байсан. Манай байгууллагаас нэг удаа өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хойшлуулсан.

Шүүх нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж (69 дүгээр захирамж) гаргадаг, дараа нь тус захирамжаа хүчингүй болгодог (77 дугаар захирамж), хүчингүй болгосон захирамжидаа өөрчлөлт оруулдаг (84 дүгээр захирамж), дахин шинээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж (86 дугаар захирамж) гаргадаг.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримт цугларсан гэж шүүх хуралдаан хийх гэхэд шүүгч нь нэхэмжлэгч компанитай төрөл садангийн хамааралтай гэсэн шалтгаанаар өөрөө татгалзаж, Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхээс Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх рүү хэрэг шилжиж 2 сар гаруй хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон билээ.

Эцэст нь манай компанийн хувьд цар тахлын улмаас улсын төсөв хүндрэлтэй энэ цаг үед санхүүжилт бүрэн зогссон ч өөрсдийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг хэвийн явуулж 45 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Цаашид бүтээн байгуулалт хэвийн явагдвал БСШУСЯ/202001209 тендерийн дугаартай 1500 суудалтай сургуулийн барилга нь төлөвлөгөөт хугацаа болох 2021 оны 08 дугаар сард бүрэн ашиглалтад орж, Хэнтий 1 дүгээр сургуулийн 151 багшийн ажиллах болон 2650 сурагчийн суралцах орчин бүрдэж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 23 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

          Нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З нар нь “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж, мөн “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О нь “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э нар мөн адил “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” тус тус давж заалдах гомдол гаргажээ.

          Анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэжээ. Хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагагүй бөгөөд нэмж цуглуулах нотлох баримт байхгүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой алдаа гаргасан гэж үзэх боломжгүй. Иймд давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

          1/ Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209” дугаартай нээлттэй тендер зарлагдсан байна. Тендерийн баримт бичгийг Хэнтий аймгийн Засаг даргын Орон нутгийн өмчийн газар боловсруулж, тус газраас зарласан байна. Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан, аймгийн Засаг дарга нь захиалагч байна. Харин шалгарсан компанитай захиалагчийг төлөөлж аймгийн Засаг даргын Тамгын газар “М к” ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээ”-г байгуулсан мэт харагдаж байна. Гэвч тухайн гэрээг аймгийн Засаг дарга баталсан байх бөгөөд энэ гэрээний тухайд аймгийн Засаг дарга оролцогч нэг тал болжээ. Түүнчлэн энэхүү гэрээний нэг тал болох гуравдагч этгээд “М к” ХХК өөрийгөө “аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан” гэж үзэж буй болохоо илэрхийлж байна.

          Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд аймгийн Засаг даргыг гэрээний нэг тал гэж үзээд хариуцагчаар тодорхойлсон, харин нэхэмжлэгч “Х” ХХК аймгийн Засаг даргын Тамгын газрыг гэрээний нэг тал гэж үзэж хариуцагчаар тодорхойлж, хэн аль нь “М к” ХХК-тай байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. 

          Анхан шатны шүүх гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар байгуулсан гэж дүгнээд гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс гэрээг аймгийн Засаг даргатай байгуулсан гэж үзэв.

          Нэгэнт аймгийн Засаг даргыг гэрээний нэг тал гэж үзсэн тул Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтад /2 удаа дурдагдсан/ “Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгож” гэснийг, “Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гэрээг хүчингүй болгож” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

          Нэгэнт ийнхүү өөрчлөлт оруулсан тул “М к” ХХК-ийн давж заалдах гомдолд дурдагдаж буй “Шүүх нь өөрийн санаачлагаар нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шүүхийн өмнө эрх байх зарчим”, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “мэтгэлцэх зарчим”-ыг илтэд зөрчсөн үйлдэл юм. Мөн ийнхүү хариуцагчаар Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг оролцуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагатай танилцуулж, тайлбар аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн” гэсэн  үндэслэлүүдийг хүлээн авах боломжгүй байна.

          2/ Тендер шалгаруулалттай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулсан бөгөөд уг харилцаанд оролцогчдын эрх, үүрэг зэргийг тодорхой тусгасан. Гэтэл Үнэлгээний хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тендерт үнэлгээ хийсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хорооны дарга Г.Х нь “аймгийн Засаг дарга дахин үнэл гэж даалгасан” гэж тайлбарлан Үнэлгээний хороог дахин хуралдуулж, уг тендерт дахин үнэлгээ хийсэн ба уг үнэлгээгээр “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийг дахин шалгаруулсан болох нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

          Ийнхүү урьд нь хоёр удаа үнэлгээ хийж дээрх шийдвэр гаргасны дараа Үнэлгээний хорооны дарга Г.Хэрлэнчулуун нь тодорхой үндэслэлгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Үнэлгээний хороог дахин хуралдуулж, “М к” ХХК-ийг шалгуур үзүүлэлт хангасан гэж дүгнэн гүйцэтгэгчээр шалгаруулжээ. Шүүх хуралдаанд Үнэлгээний хорооны гишүүд дахин авч үзэх нь зүйтэй юм байна гэж үзээд 3 дахь удаагаа хуралдаж шийдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлд Үнэлгээний хорооны тухай заасан бөгөөд уг хорооны гишүүдэд 3 дахь үнэлгээг өөрийн санаачлагаар хийх эрх хэмжээ олгогдоогүй байна.

          Гуравдагч этгээдээс өөрийг нь шалгаруулсан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж маргаж, үүнийгээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж заасны дагуу захиалагч Хэнтий аймгийн Засаг даргад эрх нь байгаа, үүний дагуу 3 дахь удаагийн Үнэлгээ хийгдсэн хэмээн тайлбарлаж байна.

          Бодит байдал дээр захиалагч аймгийн Засаг дарга зөвхөн 1 удаа эргэн нягтлах агуулгаар цохолт хийсэн, харин 2 дахь удаагийн үнэлгээний дараа Үнэлгээний тайлан, зөвлөмж зэрэгт зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Ийнхүү захиалагч зөвшөөрсөн, хуулийн дагуу дараагийн процесс явагдах ёстой байхад Үнэлгээний хороо өөрийн санаачлагаар дахин хуралдсан байна. Иймд “М к” ХХК-ийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

          3/ Мөн гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо Г.Х гэж хүний эрх зүйн байдлыг тодотгон тайлбарлаж, заавал итгэмжлэлтэй байх ёстой гэж дурджээ. Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК болон “Х” ХХК нь хариуцагчаар Үнэлгээний хороог тодорхойлсон бөгөөд тус хороог дарга нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй юм. Иймд анхан шатны шүүхийг эрх зүйн чадамжгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзэхгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

          Тэр тусмаа “...Шүүх ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заагдаагүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаан явагдсан гэж үзэх үндэслэл юм” гэсэн нь үндэслэлгүй. Энэхүү хэргийг анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлээгүй байна.

          4/ Түүнчлэн гуравдагч этгээд “нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэж маргаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа:

          а/ “Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

          б/ Хариуцагчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг хүчингүй болгох;

          в/ Нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах гэж,

          Нэхэмжлэгч “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа:

          а/ Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчээр “М к” ХХК-ийг шалгаруулж, “Х” ХХК-ийг хассан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах;

          б/ Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын хууль бус гэрээг хүчингүй болгох;

          в/ Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/ ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэж тус тус тодорхойлсон байна.

          Үүнд тодорхойгүй зүйл алга байна. Учир нь “М к” ХХК-ийг  шалгаруулсан зөвхөн нэг удаагийн Үнэлгээний хорооны хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр болсон, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ гэдэг нь зөвхөн “М к” ХХК-тай байгуулсан 1 гэрээ байгаа, “Х” ХХК-ийг хассан шийдвэрийн тухайд зөвхөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хассан, өөр олон дахин хуралдаж хассан шийдвэрийг дахин дахин гаргаагүй байна. Хэрвээ “М к” ХХК-тай байгуулсан хэд хэдэн гэрээ байгаа, “М к” ХХК-ийг шалгаруулсан хэд хэдэн удаагийн шийдвэр байгаа бол чухам аль захиргааны акттай маргаж байгааг шүүх тодруулах нь зүйн хэрэг юм. Гэтэл энэ тохиолдолд тодруулах, шүүх төөрөлдөх олон захиргааны акт байхгүй байна. Гуравдагч этгээд “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, байгуулсан гэрээ зэрэг нь зөвхөн нэг байна.

          5/ Мөн гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд “... Шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гомдоогүй асуудлаар дүгнэсэн” гэжээ. Шүүх шийдвэрээ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн гаргах ёстой. Мөн талуудын маргаж байгаа үйл баримтын талаар ч дүгнэлт хийх ёстой. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 14.1-д сургуулийн барилгын техникийн шаардлагыг тогтоохдоо сургуулийн барилгын цахилгаан дэд станцын хүчин чадлыг 6кВт байхаар тогтоосон байхад “М к” ХХК болон”С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлээр ирүүлсэн тендерт уг дэд станцын хүчин чадлыг 10кВт-аар ирүүлсэн тухайд анхан шатны шүүх дүгнэлт хийжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Хэдийгээр гуравдагч этгээд “М к” ХХК болон “С н к” ХХК, “А и” ХХК-иуд хоорондоо маргаагүй боловч “Х” ХХК энэ талаар маргаж байгаа тул шүүх тодорхой дүгнэлт хийх ёстой. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн үйлдэл биш юм. Иймд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

          Нөгөө талаар нэгэнт 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан тул “Х” ХХК шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй, энэ тохиолдолд “урьдчилан шийдвэрлэх гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагаа бүгдийг нь бичээгүй байна” зэргээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. Иймд барилгын цахилгаан дэд станцын хүчин чадлын талаар урьдчилан гомдсон эсэх нь ач холбогдолгүй. 

          6/ Мөн давж заалдах гомдолд “... Шүүх архивын лавлагааг нотлох баримтад тооцоогүй нь нотлох баримтыг буруу дүгнэсэн” гэсэн үндэслэлийг дурджээ. Гэтэл Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 5.2. (в), 5.3 (г)-д заасан шаардлагад “диплом”-ыг ирүүлэх тухай агуулга байхаас ямар нэгэн байдлаар захирлын тушаал ирүүлэх тухай заагаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн хийсэн “ТОӨЗ-ийн 5.2. (в), 5.3 (г)-д заасан шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт зөв болжээ.

          7/ Энэхүү хэргийг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах гомдолд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан гэж зөрчлүүдийг дурдсан байна. Гэвч дурдаж буй зөрчил гэх зүйл нь “шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэж үзэхээргүй байгааг дурдах нь зүйтэй.

          8/ Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдолдоо “Х” ХХК-ийн дутуу төлөвлөсөн гэх 17.4 сая төгрөгийн ажлыг хэрхэн хийх талаар тус компаниас тодруулга авах эрх нь хариуцагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар олгогдсон байхад хариуцагч ийнхүү тодруулга, тайлбар гаргуулаагүй байж тус компанийг шаардлага хангаагүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэв” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тухай дурдаад өөрийн үндэслэлээ тайлбарлажээ. Гэвч хамгийн гол нь давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь “Х” ХХК-ийг хассан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанд огт яригдаагүй байна. Тэмдэглэлээс үзвэл Б.Г /үнэлгээний хорооны гишүүн/ “Х” ХХК-ийн төсвийг нэг бүрчлэн тусгаж үзэхэд Ажлын тоо хэмжээг хийхдээ Б блокын дээврийн фонар угсрах, будах, металл рамтай вакум хаалга угсрах ажлуудыг хассан, Г блокын хулдаасан шал 10 м.кв дутуу. Жижиг ажлуудыг нилээдгүй орхигдуулсан нь барилгын үндсэн хийцийг орхигдуулсан тул төсвийн хувьд шаардлага хангахгүй байна” гэж танилцуулсан нь тэмдэглэлд тусгагджээ. Үүний дараа “Х к” ХХК-ийн талаар И.Б /үнэлгээний хорооны гишүүн/ танилцуулсан байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн тайлбарлаж байгаа үндэслэлээр “Х” ХХК-ийг хасаагүй болох нь тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

          9/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд мөн адил захиалагч Хэнтий аймгийн Засаг даргын эрхийн талаар дурджээ. Тодруулбал “... хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж засан бөгөөд захиалагч нь зөрүүтэй асуудлаар үнэлгээний хороонд дахин магадлахыг даалгах, зөрчлийг арилгуулах хуулиар олгогдсон бүрэн эрхтэй юм” гэжээ.

          Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд бодит байдал дээр захиалагч аймгийн Засаг дарга зөвхөн 1 удаа эргэн нягтлах агуулгаар цохолт хийсэн, харин 2 дахь удаагийн үнэлгээний дараа Үнэлгээний тайлан, зөвлөмж зэрэгт зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Ийнхүү захиалагч зөвшөөрсөн, хуулийн дагуу дараагийн процесс явагдах ёстой байхад Үнэлгээний хороо өөрийн санаачлагаар дахин хуралдсан болох нь тогтоогдож байна. 3 дахь удаагийн үнэлгээг захиалагчийн шийдвэртэй холбон тайлбарлах боломжгүй.

          10/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “... 5 блок барилга, ус хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил дээр 17 ажил орхигдуулсан, сургуулийн барилгын хүзүүвчийн ажлыг төсөвт тусгаагүй гэдгийг хэргийн оролцогч болон шүүх хуралдаан даргалагчид нэг бүрчлэн тайлбарлаж харуулсан болно. Гэтэл шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан /Си Ди/-ээр ирүүлсэн нотлох баримт/ буюу /”Х” ХХК-ийн тендерт ирүүлсэн ажлын төсөв байсаар байтал бичгийн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ. Гэвч “Х” ХХК-ийг хассан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд ус хангамж, компьютерийн сүлжээ, гадаад тохижилтын ажил зэрэг нь огт яригдаагүй байна. Иймд энэхүү зөрчлийг байгаа гэж үзэж буй бол дахин үнэлэхдээ бодитойгоор хэлэлцэн, тэмдэглэлд тусгах нь зүйтэй. Үнэлгээний хороо огт хэлэлцээгүй асуудлыг шүүхийн шатанд нэмж гаргаж буйг хүлээн авах боломжгүй.

          11/ Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр үйлдэж ёсчилж гараагүй талаар хариуцагч давж заалдах гомдолдоо дурджээ. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдийн аль алинд хамаарахгүй юм. Иймд энэ талаар гарсан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

          12/ Нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өмгөөлөгч нараас тус шүүхэд давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах гомдлын агуулга нь “шүүхийн шийдвэрт өөрчлөлт” оруулахыг хүсэж байна.

          Анхан шатны шүүхээс “М к” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгосон тул “С н к” ХХК болон “А и” ХХК-ийг шалгаруулсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэр хэвээрээ, хүчинтэй үлдсэн, иймд нэхэмжлэл бүхэлдээ хангагдаж шийдвэрлэгдэх ёстой гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ анхан шатны шүүхээс “Х” ХХК-ийг хассан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон тул, тухайн этгээдийг оролцуулалгүй хийгдсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн дагуу “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчтай гэрээ байгуулахыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэлгүй орхисон нь үндэслэлтэй болжээ.

          13/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-аас давж заалдах гомдлынхоо эхний хэсэгт сургуулийн барилгын цахилгааны дэд станцын хүчин чадлыг 6 кВт байхаар тогтоосон байхад “М к” ХХК, “С н к” ХХК, “А и” ХХК-иудын түншлэлийн ирүүлсэн тендерт уг дэд станцын хүчин чадлыг 10 кВт-аар ирүүлсэн гэх асуудлын талаар дурдаад ... энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.10-д “энэ хуулийн 28.4-т заасан шалгуур үзүүлэлтэд тендерт оролцогчийн чадавхийн үзүүлэлтүүдийг хамааруулахгүй бөгөөд энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасны дагуу захиалагчийн тогтоосон доод шаардлагыг давуулан хангаж байгаа нь түүний тендерийг шалгаруулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчөөгүй гэж тайлбарлажээ.

          Тухайн тохиолдолд анхан шатны шүүхээс “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн харьяа Хэнтий аймаг дахь салбарын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/237 дугаар албан бичигт “... 10 кВт-ийн хүчдэлийн түвшин заагаагүй ба манай аймгийн төв нь 6 кВт-ын хүчдэлтэй цахилгаан шугам сүлжээтэй болно” гэснийг үндэслэж шийдвэрээ гаргасан нь зөв гэж үзэв. Хэнтий аймгийн төв нь өөрөө “өндөр талдаа” 6 кВт-ын хүчдэлтэй цахилгаан шугам сүлжээтэй бол сургуулийн барилгын дэд станцын хүчин чадал 10 кВт байгаад хэвийн ажиллах боломжгүй.

          Хэдийгээр орчин үеийн /дэд станцад суурилагдах/ тоног төхөөрөмж 6 киловольтоос 10 киловольтод ажиллах хүчин чадалтайгаар үйлдвэрлэгддэг боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тухайд энэ байдал тодорхойгүй, 10 киловольт гэж шууд заасан тул 6 киловольтын хүчдэл бүхий цахилгаан шугам сүлжээнд 10 кВт-ын дэд станц барина гэж ойлгогдохоор байна. Иймд өмгөөлөгчийн гомдолд дурдсаны дагуу шалгуур доод үзүүлэлтийг давуулан биелүүлж байгаа хэлбэр гэж дүгнэх боломжгүй.

          14/ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг эс зөвшөөрч, “... тендерийн баримт бичигт заасан доод үзүүлэлтийг бууруулах эрх тендерт оролцогчдод байхгүй, хэрэв нэг л нэгжээр бууруулсан энэ нь тендерийн баримт бичигт заасныг зөрчсөн зөрчил болох байтал бууруулсан, дутуу орхигдуулсан шалтгаанаа баримттайгаар, үндэслэлтэйгээр няцааж чадаагүй” гэж гомдолдоо дурджээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Үнэлгээний хорооны хуралдаанаар “Х” ХХК-ийг хассан Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж байгаа ажээ.

          Анхан шатны шүүхээс энэ талаар “Үнэлгээний хороо 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Х” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэн хасахдаа жижиг ажлууд олныг орхигдуулсан гэх байдлаар тодорхойгүй дүгнэлт хийсэн нь мөн өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

          “Х” ХХК-ийг ингэж тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан худалдан авах ажиллагаанд ил тод байх зарчимд нийцээгүй, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан Тендерийн үнэлгээний заавар баримт бичгийн 6.5-д “Тендерийг хянан үзсэн дүнг 6 дугаар маягтад бөглөж ... хавсаргана. Мөн энэ маягтад шаардлагад нийцэхгүй гэж тодорхойлогдсон тендерийн талаар дэлгэрэнгүй тайлбар, шалтгааныг хавсаргах ...” гэж заасанд нийцэхгүй байна.

          Дээрх шалгаруулалтаар “Х” ХХК-ийг хасахдаа тус компанийн тендер ямар шаардлага хангахгүй байгааг хэлэлцээгүй зэрэг үндэслэлийг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

          15/ Өмгөөлөгч мөн шүүхийн шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн “С н к” ХХК, “А и” ХХК-иудын “...нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт холбогдуулан гомдол гаргажээ.

          Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн болон мөн оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас “С н к” ХХК, “А и” ХХК-ийн түншлэл, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас “М к” ХХК тус тус хамгийн сайн гэж үнэлэгдэж, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гарч байжээ. Гэхдээ үүнээс өмнө “Х” ХХК-ийг хасаад улмаар зөвхөн “С н к” ХХК, “А и” ХХК-ийн түншлэл, “М к” ХХК-ийг л харьцуулж дүгнэж байжээ. Нэгэнт шүүхээс “Х” ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй гэж дүгнэсэн тул “С н к” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С н к” ХХК болон “А и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “М к” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр, Хэнтий аймгийн Засаг дарга болон “М к” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гэрээг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож,

Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” БСШУСЯ/202001209 дугаартай нээлттэй тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Х” ХХК-ийг хассан шийдвэрийг хүчингүй болгож, “Сургуулийн барилга, 1500 суудал /Хэнтий, Хэрлэн сум/” ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт ирүүлсэн материалаар дахин үнэлгээ хийхийг даалгаж,

Нэхэмжлэгч “С н к” ХХК болон “А и” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгч шалгарсан болохыг тогтоож, хариуцагчийг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч “С н к” ХХК, “А и” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З, нэхэмжлэгч “С н к” ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээд “М к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Бнараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                       Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР