Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 37

 

2017 оны 11 сарын 22 өдөр

          Дугаар

123/ШШ2017/0037

                                 Төв аймаг

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Титан капитал” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөлдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтооолын “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Титан капитал” ХХК-ний захирал Ричард Саур, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Төв аймгийн Баян сумын нутаг Гурван зохио нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026455 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 2017 оны 6 сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4493 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн засаг дарга "дэмжихгүй" санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг судалсны үндсэн дээр Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 55 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал"-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг "дэмжихгүй" гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн.

Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 55 тоот "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал, ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 09-ны өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн Титан Капитал ХХК-д холбогдох хэсгийг, Баян сумын ИТХ-ын 2015 оны 10 сарын 30-ны 15 тоот тогтоолын Титан Капитал ХХК-д холбогдох хэсгийг тус тус эс зөвшөөрч байна. Үүнд: Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон. Тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн    Төлөөлөгчдийн    Хурлын    болон    аймаг,    нийслэлийн    иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр capын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д "Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал"  төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан "... хариу ..."-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал  эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатын "дэмжихгүй" саналын үндэслэл нь "Газрын тухай хуулийн 6-р зүйлиин 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалт" гэсэн байна.      Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:" гээд 6.2.1-д "бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар" гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй.

Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны тухай хуулийн 4.2-д "Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана" гэж заасан. Гэтэл энэ нь мөн л ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт бус усыг хэрхэн ашиглах тухай зохицуулалт байна.

Иймд Төв аймгийн Засаг даргын 55 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 09 дүгээр тогтоолын 9-д "Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна" гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.1-д "Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 10-ны 36 дугаар Хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг мөн зөрчсөн байна. Мөн Баян сумын "санал" нь Дээд Шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзахаар байхад Тахилгат уул, өвөлжөө хаваржаа давхцаж байна гэдэг үндэслэлээр татгалзсан нь мөн л дээрх Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 10-ны 55 тоот санал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн акт  байна. Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Титан    капитал"    ХХК-наас    захиргааны    хэргийн    шүүхэд    гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Аймгийн Засаг дарга Д.Баярбат нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалтаар даалгасан үүргийг хэрэгжүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот "Титан капитал" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй" гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар ирүүлсэн албан бичгийн хариуд аймгийн Засаг даргын зүгээс АМГ-т зөвхөн саналаа хүргүүлсэн байхад буюу Ашигт малтмалын газраас хэрхэн эцсийн шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад саналыг захиргааны шийдвэр гэж үзэж захиргааны хэрэг үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т "19.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ..." гэж заасны дагуу сум болон аймгийн ИТХ-ийн саналыг авч, эдгээр саналыг харгалзан Ашигт малтмалын газарт уламжилсан билээ. Холбогдох сум болон аймгийн ИТХ-аас "дэмжихгүй" гэсэн санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас "дэмжиж" санал явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.

 Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх:-ийн” харьяалах нутаг дэвсгэрт нъ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх... гэж тодорхой заасан байдаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2 "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймаг, сумын ИТХ болон аймгийн Засаг даргын санал нь захирамжилсан шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гэж үзэж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг зөвхөн Ашигт малтмалын газар эцэслэн шийдвэрлэдэг бөгөөд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж байна. Аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах талаар хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй юм. Харин аймаг сумаас ирсэн саналыг хууль ёсны эсэхийг хянан үзээд шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах эрх хэмжээ нь зөвхөн Ашигт малтмалын газарт байгаа тул тус компани нь Ашигт малтмалын газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ашигт малтмалын газарт аймгийн Засаг даргаас өгсөн санал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд Ашигт малтмалын газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Титан капитал" ХХК-ний нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар зарим сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд холбогдох сумд, мэргэжлийн байгууллагаас авсан санал, дүгнэлтийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд зарим сумын Багийн иргэдийн Нийтийн хурал, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, саналыг харгалзан үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад тэмдэглэлээр үүрэг өгч даалгасан. Энэхүү хэлэлцсэн асуудалд "Титан капитал" ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд санал авах асуудал хамаарагдсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн 59-р зүйлийн 2-т зааснаар "Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн", 62 дугаар зүйлийн 62.1 "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна", 62.2 “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие дааж шийдвэрлэж болно" гэж аль ч шатны Хурлын эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага тул аливаа асуудалд тэдний эрх ашгийн үүднээс ханддаг. Ашигт малтмал хайх. олборлох үйл ажиллагаа нь иргэдийн ялангуяа малчдын эрх ашгийг ямар нэгэн хэмжээгээр хөнддөг тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай Ашигт малтмалын газрын мэдэгдэлд санал өгөхдөө тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэд, малчдын саналыг тэргүүн ээлжинд харгалзан үздэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасны дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тэмдэглэл нь захирамжилсан шинжийг агуулаагүй учраас захиргааны акт биш бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Иймээс "Титан капитал" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хүчингүй болгуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулинд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж зааснаас биш Тэргүүлэгчид саналаа гаргахдаа заавал тогтоолоор саналаа өгнө гэж санал өгөх хэлбэрийг заагаагүй юм.

 Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид саналаа тэмдэглэлээр өгсөн нь дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаал "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг Засаг даргын зүгээс хууль зүйн үндэслэлгүй санал өгсөн бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн байдаг бөгөөд энэ талаар эцсийн шийдвэрийг Ашигт малтмалын газар гаргаж байгаа. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д "харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх" гэж санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул аймгийн Засаг даргын гаргасан "дэмжихгүй" саналыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Аймгийн Засаг даргын санал нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй бөгөөд энэ саналаас болж нэхэмжлэгч "Титан капитал" ХХК-ний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар Баян сумын нутагт 58.3 мянган га газрыг хамарсан ашигт малтмалын ашиглалтын 61, 93 мянган га газрыг хамарсан ашигт малтмалын хайгуулын 39, нийт 151.3 мянган га газрыг хамарсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоод байгаа бөгөөд энэ нь тус сумын нутаг дэвсгэрийн 52.1 хувийг эзэлж байна. Тус сумын малын тоо толгой өсөж бэлчээрийн хүрэлцээ хангамж, ургац муудсанаас даац нь 8.7 хувиар хэтэрсэн гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ сумын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг авто болон төмөр замын зэрэгцээ хурдны авто болон төмөр зам баригдах болсон, эдгээрийг дагалдан шинэ суурьшлын бүс үүсэж, шилжин ирэх өрх, хүн амын тоо нэмэгдэх хандлагатай болсон тул малын бэлчээр, хадлангийн талбай багасах магадлал өндөр байгаа болно. Иймд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 36 дугаар тэмдэглэлээс болж нэхэмжлэгч "Титан капитал" ХХК-ны хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд манай шийдвэрээс болж энэ компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Төв аймгийн Баян сумын нутгийн иргэд, малчдын язгуур эрх ашиг, малын бэлчээр хадлангийн талбай багасаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Энхтайван, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантуяа нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "з:', 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь заалтанд заасны дагуу тус компани Баян сумын ИТХуралд албан ёсоор хүсэлт огт гаргаж ирүүлээгүй байна. Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад Ашигт малтмалын газрын 2015.10.09-ний өдрийн 6/7905 тоотоор кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар: Төв аймгийн Баян сумын Гурван зохио нэртэй 1103.02 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Энэ албан мэдэгдлийн дагуу Төв аймгийн ИТХурлын Тэргүүлэгчид Баян сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжтой эсэх асуудлаар хуралдаж дараах шийдвэр гаргасан. Үүнд: Төв  аймгийн  ИТХурлын  Тэргүүлэгчдийн  хуралдааны  тэмдэглэлээр  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, Усны тухай хуулийн 4 дугаар зүйлийн 4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна. Баян сумын газар, нутгийн зарим хэсгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авах тухай шийдвэр 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07/710 тоот албан бичгийн дагуу Баян сумын ИТХурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 тоот албан бичгээр хариуг Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт уламжилсан. Иймд гаргасан энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Титан капитал” ХХК-иас анх шүүхэд хандан "Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн “Титан капитал” ХХК-д холбогдох хэсэг, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, №026455 дугаарт бүртгэгдсэн Гурван зохио нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах" гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлийн “Титан капитал” ХХК-д холбогдох хэсэг, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.1

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өгсөн 55 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол биш тэмдэглэлээр санал өгсөн нь хууль бус гэж, хариуцагч аймгийн Засаг дарга  нь  холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “дэмжихгүй” гэж санал ирсэн байхад  аймгийн Засаг даргаас “дэмжиж” санал явуулах хууль зүйн үндэслэлгүй, бид эрх хэмжээнийхээ хүрээнд саналаа өгсөн гэж тус тус  тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь "Титан капитал" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026455 дугаарт бүртгэж анхан шатны шүүлт хийсний дараа Төв аймгийн Баян сумын “Гурван зохио” нэртэй газарт  1103.02 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2015 оны 10 дүгээр сарын 09-ны өдрийн 6/7905 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ2.

Төв аймгийн Засаг дарга уг мэдэгдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүсч буй талбай байрших Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад3 шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэхийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07/710 тоот албан бичгээр мэдэгджээ.

1 Хавтаст хэргийн 1-2, 81 тал

2 Хавтаст хэргийн 67 тал

3  Хавтаст хэргийн 65 тал

Үүний дагуу Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдаанаар "Титан капитал"  ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай асуудлыг хэлэлцээд 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 07 дугаар тогтоолоор, сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот албан бичгээр тус тус “дэмжихгүй” гэсэн саналыг аймгийн Засаг дарга, ГХБХБГазарт хүргүүлж, эдгээр саналыг үндэслэн мөн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлээр “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгасан4 байна.

 Төв аймгийн Засаг дарга  дээрхи шийдвэрийг биелүүлж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” тухай  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай саналыг  Ашигт малтмалын газарт5 хүргүүлжээ.

 Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул гэсэн үндэслэлээр өргөдлийн бүртгэлийн NE-026455 дугаарт бүртгэгдсэн "Титан капитал"  ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэж, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7/4493 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдсэн6 болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар дээрхи саналуудынхаа үндэслэл, агуулгыг “Титан капитал” ХХК-ий хайгуул хийхийг хүссэн талбай нь Баян сумын зарим иргэдийн өвөлжөө, хаваржаа, аймгийн тусгай  хэрэгцээнд авсан газар болон малын бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газартай  давхцалтай, сумын хэмжээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газар нэмэгдсэнээс газрын даац хүрэлцэхгүй  байгаа тул хайгуулын тусгай  зөвшөөрөл шинээр олгох боломжгүй гэж  тайлбарлаж буй нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх боловч нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь давхцалтай, давхцлын талаар маргахгүй гэж байх тул шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 07 дугаар тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 тоот албан бичгээр өгсөн санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэл, аймгийн Засаг даргын 20 15 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55

 

 
 

 

 

 

4 Хавтаст хэргийн 132 тал

5 Хавтаст хэргийн 63 тал

6  Хавтаст хэргийн 6 тал

дугаартай санал зэрэг маргаан бүхий актууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах. . .” 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” эрхтэй гэж заасантай тус тус нийцэж байна.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Баян сумын “Гурван зохио” нэртэй газрын  1103.02 гектар талбайд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан нийтээр ашиглах газар, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигт малтмал хайхыг хуулиар хориглоогүй хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж эрх олгосон байгаагаас биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй гэж үзэхээр байна. Үүнээс гадна аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.13-т зааснаар  харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх бүрэн эрхтэй гэж заасны дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 36 дугаар тэмдэглэлээр өгсөн шийдвэрийг  үндэслэн санал өгсөн байх тул Төв аймгийн Засаг даргын  55 тоот “дэмжихгүй” саналыг хууль зөрчсөн гэж үзэх  үндэслэлгүй байна.

Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь харъяалах нутаг дэвсгэртээ оршин сууж, амьдарч буй иргэдийн язгуур эрх, хууль ёсны  ашиг сонирхол, эдийн засгийн эх үүсвэр, тэдний голлон эрхэлж буй үндэсний баялаг болох мал сүрэг, түүний бэлчээр, газрын даац зэргийг судлан үзээд байгаль орчныг хамгаалах, газар нутгийг хамгаалалтад авах, зохицуулах зэргээр эрх хэмжээнийхээ хүрээнд Баян суманд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж өгсөн санал нь  Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна”, арван зургаадугаар зүйлийн 2-д иргэн нь “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасантай болон дээрх хуулийн заалтуудтай нийцсэн бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь “тогтоол” хэлбэртэй байх тухай хуулиар тодорхойлон заагаагүй байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн “Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ...Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдааны тогтоол байна... гэж заасан байхад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нар саналаа “тогтоол”, “тэмдэглэл”-ийн алинаар ч өгсөн байсан хэлбэрийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, улмаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагааг явуулна” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох хянан шийдвэрлэх үйл ажиллагааг тодорхойлж, үүний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх үүргийг зааж,  зохицуулсан байх бөгөөд энэ маргааны хувьд ч аймгийн Засаг даргын хүргүүлсэн  2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн  55 дугаар саналыг хуулийн хугацаанд хүлээн аваад 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэснээс үзвэл маргаж байгаа актуудаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд  хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд тус актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18  дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  Титан капитал" ХХК-ний “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолын “Титан капитал” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХАЖИДМАА