Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 13

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06281 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК,

Хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдох,

 

Эмнэлгийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 201 522 612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч ХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “ХХХХХ” ХХК-тай тоног төхөөрөмж захиалан худалдаж авах гэрээ байгуулсан. Гэрээний зорилго нь “ХХХХХ” ХХК-д тендерийн тоног төхөөрөмж нийлүүлэх байсан. Нийт 8 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон ба үүнээс 7 тоног төхөөрөмж маргаангүй нийлүүлэгдсэн.

“ХХХХ” ХХК-ийн захиалгын дагуу 8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг оруулж ирж хариуцагчид нийлүүлэхэд, Риал тайм Пи Си Ар /Real time PCR/ гэх төхөөрөмжийг ХХХ-өөс тендерийн шаардлага хангасан тоног төхөөрөмж биш байна гэж хүлээж аваагүй байдаг. Энэ талаар “ХХХХХ” ХХК-д мэдэгдэхэд ХХХ-д нийлүүлчих, бид асуудлыг зохицуулна гэж хэлсний дагуу 2014 оны 03 дугаар сард дээрх Реал тайм Пи Си Ар тоног төхөөрөмжийг ХХХ-д нийлүүлсэн. Үүний дараа “ХХХХХ” ХХК-иас “...бид захиалгын алдаа гаргасан байна, Real time PCR ABI7500 тоног төхөөрөмжийг дахин оруулж ирээч” гэсэн санал тавьсан. Үүний дагуу анх тохиролцсон үнийн дүнд тохиролцсон үнээр Real time PCR ABI7500 тоног төхөөрөмжийг 2014 оны 6 дугаар сард оруулан ирж, ХХХ-д хүлээлгэж өгөх гэтэл ХХХ хуучин төхөөрөмж байна авахгүй гэж хэлсэн.

Ингээд бид энэ Real time PCR ABI7500 төхөөрөмжийг буцааж авсан. Гэтэл “ХХХХХ” ХХК-иас дахин Real time PCR ABI7500 төхөөрөмжийг оруулаад ир гэж хэлсний дагуу 51 000 ам.долларын үнэ бүхий шинэ Real time PCR ABI7500 төхөөрөмжийг оруулж ХХХ-д хүлээлгэж өгсөн, одоо энэ төхөөрөмжийг ХХХ нь ашиглаж байгаа.

Гэрээний дагуу хүлээлгэн өгсөн хавсралтад тусгагдсан 8 нэр төрлийн төхөөрөмжийн нийт үнэ 400 800 000 төгрөгөөс 355 240 000 төгрөгийг төлж үлдэгдэл 45 560 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 45 560 000 төгрөгт алданги тооцож, алданги 22 780 000 төгрөг /алдангийг 0.5 хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсон/, хамгийн сүүлд ХХХ-д хүлээлгэж өгсөн Real time PCR ABI7500 төхөөрөмжийн үнэ болох 51 000 ам.доллар буюу тухай үеийн төгрөгийн ханшаар тооцож 93 004 620 төгрөг, мөн хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас болж 51 000 ам.долларын үнэ бүхий төхөөрөмж оруулж ирэхийн тулд банкнаас зээл авч хүү төлсөн тул гэрээнээс учирсан хохиролд хүүд төлсөн 40 177 992 төгрөг, нийт 201 522 612 төгрөгийг “ХХХХХ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХХХХ” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээг нэхэмжлэгч компанитай байгуулсан ба “ХХХХ” ХХК нь Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвөөс зарласан тендерийн шалгаруулалт хангасан тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон.

Гэрээний нийт төлбөр 400 800 000 төгрөг болсон байдаг. Үүнээс 355 240 000 төгрөгийг бид төлсөн. Үүн дээр манай зүгээс маргахгүй тул үлдэгдэл 45 560 000 төгрөгийг төлөх болно. Бараа нийлүүлэх явцад гэрээгээр тохиролцсон 8 нэр төрлийн бараанаас эхний нийлүүлсэн Real time PCR төхөөрөмж нь тендерийн шаардлагад нийцээгүй. Энэ нь ХХХ-өөс бидэнд ирүүлсэн албан бичгээс харагдана. Нэгэнт тендерийн шаардлага хангаагүй тул бид тоног төхөөрөмжийг хүлээж аваагүй. Тендерийн шаардлагад нийцэх тоног төхөөрөмж нийлүүл гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу дахин шаардлага хангасан тоног төхөөрөмж ахин оруулж ирсэн болохоос бид дахин нэмэлт тоног төхөөрөмж худалдаж авахаар тохиролцоогүй. Хэрэв 51 000 ам.доллараар тоног төхөөрөмж оруулж ирсэн бол бидэнтэй эхлээд ярилцаж тохиролцож, нэмэлт гэрээ хийх ёстой байсан.

“ХХХХ” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлээгүй улмаас дахин оруулж ирсэн тоног төхөөрөмжийн үнийг бид хариуцах ёсгүй. Анхны хүлээлгэж өгсөн Real time PCR төхөөрөмжийг бид хүлээж аваагүй. Хэрэв ХХХ дээр байгаа гэж үзэж байгаа бол тухайн байгууллагаас нь гаргуулах шаардлагаа гаргаж болно. Иймд 51 000 ам.доллар буюу 93 004 620 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбогдуулж зээл авч, хүүд төлсөн нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна. Гэрээнд алдангийн талаар тохиролцсон боловч гэрээний үнийг хэдий хугацаанд төлөх байсан нь тодорхойгүй. Мөн гэрээний үүргээ хариуцагч хэрхэн яаж биелүүлсэн бэ, энэ маргаантай байдлаас болоод бидний зүгээс үлдэгдэл төлбөрийг өгөөгүй байгаа. Иймд алдангид нэхэмжилсэн 22 780 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 45 560 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155 962 612 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 582 563 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагч “ХХХХХ” ХХК-иас 385 750 төгрөгийг нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан 3/2013 тоот “Эмнэлэгийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид уг гэрээний хавсралтад заагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Уг гэрээний хавсралтын 2-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид “Real time” PCR system-ийн Thermofishet Scientific үйлдвэрийн төхөөрөмжийг 27 722 727 төгрөгийн үнээр нийлүүлэхээр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа бүрэн биелүүлж хариуцагчид гэрээний хавсралтад заагдсан тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг, болон уг тоног төхөөрөмжийг ХХХ-өөс хариуцагч “ХХХХХ” ХХК-д буцааж хүргүүлсэн нь албан бичгээр нотлогдож байгаа.

Гэтэл шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд мэдээлэл хүргүүлж байсан электрон шууданд үндэслэж, талуудын хооронд “тендерийн баримт бичигт заагдсан тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.

Хариуцагчийн нэхэмжлэгчид захиалан авчруулсан төхөөрөмжийг ХХХ хүлээн авахгүй гэсэн тул талууд амаар харилцан тохиролцож ABI7500 Real time PCR төхөөрөмжийг дахин захиалж авчруулсан. Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан ХХХ-д одоо уг төхөөрөмж ашиглагдаж байгаа, “ХХХХХ” ХХК нийлүүлсэн гэсэн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогдоно гэж заасан.  Нэхэмжлэгч нь хариуцагчид ABI7500 Real time PCR төхөөрөмжийг нийлүүлсэн, хариуцагч хүлээн авсан байгаа тул уг төхөөрөмжийн үнийг төлөх хууль зүйн үндэслэлтэй юм. Уг тоног төхөөрөмжийн үнэ нь хэрэгт авагдсан төлбөрийн баримт болон уг төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс ирүүлсэн үнийн санал зэрэг нотлох баримтаар хангалтгай тогтоогдож байгаа гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс “...талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагчийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа тодорхойгүй байх...” гэсэн үндэслэлээр алданги 22 780 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд гэрээний 6.1-д заасан “...тоног төхөөрөмжийг нийлүүлснээс хойш захиалагч талын төлбөр дансанд орсны дараа нийлүүлэгч талд төлнө. Энэ нь гэрээнд зааснаар 30 хоногоос хэтрэхгүй байна...” гэж заасан төлбөр төлөх хугацааг анхаарч үзээгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг нийлүүлсний дараагаар хариуцагч нь бүх төхөөрөмжийг ХХХ-д хүлээлгэн өгсөн. Уг тендерийн захиалагч Эрүүл мэндийн яам болон гүйцэтгэгч “ХХХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн XXV.3.8 дугаартай гэрээний дагуу бараа бүтээгдэхүүийг 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэж өгч, санхүүжилтийг авахаар тохиролцсон байна. Алдангийг уг тоног төхөөрөмжийг нийлүүлснээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрснөөс тооцохоор харилцан тохиролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 560 000 төгрөг, алданги 22 780 000 төгрөг, нэмэлт захиалгын гэрээний дагуу нийлүүлсэн ABI 7500 PCR маркийн төхөөрөмжийн үнэ 51 000 ам.доллар буюу 93 004 620 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 40 800 000 төгрөг, нийт 201 522 612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 45 560 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх 155 962 612 төгрөгийг эс зөвшөөрч маргасан байна.

            Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь 8 нэр төрлийн шаардлага хангасан тоног төхөөрөмжийг нийлүүлэх, захиалагч “ХХХХХ” ХХК нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин 27 272 727 төгрөгийн үнэ бүхий Real time PCR төхөөрөмжийн шаардлага хангаагүйг буюу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахтай холбоо үүссэн үр дагаврын талаар маргажээ.

            “ХХХХ” ХХК-ийн  гэрээгээр нийлүүлсэн 8 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 27 272 727 төгрөгийн үнэ бүхий Real time PCR нь шаардлага хангаагүйгээс дахин ийм төрлийн өөр тоног төхөөрөмжийг үнийн дүнд багтаан нийлүүлсэн тул 51 000 ам.доллар буюу 93 004 620 төгрөгийг болон үүнтэй холбоотой хохиролд шаардсан 40 800 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагч татгалзлаа гаргасан бол  нэхэмжлэгч нь захиалагчаас амаар нэмэлт захиалга өгсний дагуу 51 000 ам.долларын  үнэ бүхий ABI 7500 PCR маркийн төхөөрөмжийг нийлүүлсэн тул захиалагч гэрээний үүргийн дагуу үнийг төлөх ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

             Нэхэмжлэгч нь гэрээгээр нийлүүлсэн Real time PCR маркийн тоног төхөөрөмжийг худалдан авагч тал захиалгын үнийн дүнд багтаан тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах шаардлага гаргаснаар нийлүүлсэн боловч буцаасан, харин нэмэлт захиалгын дагуу ABI 7500 PCR төхөөрөмжийг 2014 оны 6 дугаар сард нийлүүлсэн гэжээ.

Гэтэл ABI 7500 PCR төхөөрөмжийг 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч суурилуулсан, 43 000 000 төгрөгийн үнэтэй гэсэн баримтыг Зоонозын  өвчин судлалын үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн байна. /хх-66-74, 80/

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2 тал 45 560 000 төгрөг гэж баталгаажуулсан жагсаалтад  Real time PCR нь 27 272 727,27 төгрөгийн үнэтэйгээр тусгагджээ./хх-126/

Зохигчдын тайлбар, хэргийн дээрх баримтууд дахь маргаж буй тоног төхөөрөмжийг нийлүүлсэн хугацаа, үнэ зөрүүтэй байх ба хэрэгт авагдсан баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Зохигчид ABI 7500 PCR төхөөрөмжийг дахин нийлүүлэхтэй холбоотойгоор нэмэлт захиалга хийсэн эсэх, ийнхүү захиалсан бол үнийг хэрхэн тохиролцсон, үлээлгэн өгсөн эсэх, эхний нийлүүлсэн төхөөрөмжийг хэрхсэн талаар харилцан зөрүүтэй баримт, тайлбар гаргасан тохиолдолд хэргийн уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал ABI 7500 PCR төхөөрөмжийн үнийн саналын талаарх e-mail-д үзлэг хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасантай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ХХХХ” ХХК-аас 2013 онд бараа нийлүүлэхтэй холбоотойгоор “ХХХХХ” ХХК руу явуулж байсан e-mail-д үзлэг хийлгүүлэх хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 15-нд гаргасан байна. /хх-101/

            Шүүгч нотлох баримтад үзлэг хийлгүүлэх зохигчдын хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/28073 дугаар захирамжаар шийдвэрлэж, үнийн санал илгээсэн 2016 оны e-mail-д үзлэг хийлгэх нэхэмжлэгч талын хүсэлтийг хангасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ХХХХ” ХХК-аас 2013 онд бараа нийлүүлэхтэй холбоотойгоор “ХХХХХ” ХХК руу явуулж байсан e-mail-д үзлэг хийлгүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. /хх-105/

Улмаар шүүх хуралдааны шатанд энэ тухай хүсэлтийг хариуцагч талаас дахин гаргахад нэхэмжлэгч тал “е-mail-ээр харилцаж байснаа үгүйсгээгүй” гэх үндэслэл заан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь /хх-148,149/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна. Учир нь талууд тухайн үед e-mail-ээр харилцаж байсан эсэх нь чухал биш, харин хэрхэн ямар нөхцлөөр харилцан, тохиролцож байсан агуулга нь хэргийг шийдвэрлэхэд  ач холбогдолтой.

            Мөн ABI 7500 PCR төхөөрөмжийг нийлүүлэх явцыг мэдэх Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тухайн үед аж ахуйн няраваар ажиллаж байсан ХХХХ, “ХХХХХ” ХХК-ийн менежер ХХХХ нарыг гэрчээр асуулгах хариуцагчийн хүсэлтийг “хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж хэрэгсэхгүй болгожээ. /хх-149, 150/,

2013 онд тоног төхөөрөмж захиалгаар нийлүүлэх гэрээг хэрэгжиж байх үед  захиалагч, нийлүүлэгч компанийн төлөөлөн ажиллаж байсан гэж дээрх хүмүүсийг гэрчээр асуулгахаар хүсэлт гаргасанд “хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй байхад уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2016/28073 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл нь шүүгчийн гарын үсгээр баталгаажаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, 51.6 дахь хэсэгт нийцсэн, шүүхээс явуулсан ажиллагаа гэж үзэхгүй.

Дээрх байдлуудаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/06281 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736 873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ