Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 208

 

“Бум констракшн” ХХК-ХХХийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр, Б.Рэнцэндорж нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0240 дүгээр магадлалтай, “Бум констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Бум констрашн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/522 дугаар захирамжаар  Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 504.0 м.кв газрыг “Залуучууд хотхонд 40 айлын нийтийн орон сууцны барилга барих” зориулалтаар манай компанид эзэмшүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 0209387 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс газар эзэмших гэрээний дагуу газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, газар эзэмших гэрээгээ хугацаанд нь сунгуулж ирсэн. Мөн нийтийн орон сууц барихын өмнөх дулаан, цахилгаан, холбооны болон галын аюулгүй ажиллагааны техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагуудаас бүрэн авч одоо орон сууцны зураг төслийн ажлыг “Марал проект” ХХК-иар гэрээний үндсэн дээр хийлгэхээр ажиллаж байна. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар манай газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгон байна. Энэ тухай мэдэгдлийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/938 дугаар албан бичгээр хүргүүлснийг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шуудангаас хүлээн авснаар мэдлээ. Манай компани газрын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулсан, газар дээр нийтийн орон сууц барихын тулд төрөл бүрийн техникийн нөхцлүүдийг авахаас гадна орон сууцны зураг төслийн хийлгэж байгаа тул тухайн газрыг ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжийн “Бум констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Бум констракшн” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр газар эзэмших гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан боловч 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших гэрээг сунгуулах хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй тул 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Газрыг анхнаасаа орон сууцны зориулалтаар олгосон бөгөөд зөвхөн хашаа хатгаснаар зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй. Харин “Бум констракшн” ХХК 2012 онд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд тусгагдсан дансанд 2013, 2014 онуудын газрын төлбөрөө төлсөн байсныг шүүхийн шатанд мэдлээ. Энэ нь олон гараад байдаггүй бөгөөд залруулж болох асуудал юм” гэжээ.

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Бум констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/299 дүгээр захирамжийн “Бум констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0240 дүгээр магадлалаар дээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/522 дугаар захирамжаар нийтийн орон сууц барихад тохиромжтой 504 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч “Бум констракшн” ХХК 2012 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төвийн байршилд олгогдсон газарт төлөвлөгдсөний дагуу орон сууц барихгүй цаг хугацаа  алдаж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүчингүй болгосон. “Бум констракшн” ХХК-д Газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, жил бүр дүгнэж, сунгаж байхаар тохиролцсон ба хамгийн сүүлд 2014 онд гэрээг 1 жилийн хугацаатай сунгасан. Энэ үед нэхэмжлэгч одоогийн нөхцөл байдлыг ярьж, барилгын ажлаа эхлүүлээгүй байсан ба өнөөдөр  ч хэвээрээ байна. Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байхыг ойлгохоор тайлбарласан байдаг. 2012 оноос хойш “Бум констракшн” ХХК-ийн эзэмшиж буй газарт барилга угсралтын ажил явуулах боломжгүй нөхцөл үүсгэсэн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс  хамааран тухайн газарт эвдрэл, ноцтой өөрчлөлт бий болоогүй. Ийм ч учраас 2012 оноос хойш Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 90 гаруй барилга, байгууламжийн угсралтын ажил явагдаж, Сайнцагаан суманд 60 гаруй барилга ашиглалтад ороод байна. Ийнхүү хүндэтгэх шалтгаангүйгээр тухайн газар дээр 2012 оноос хойш ямар ч барилгын ажил хийж эхлээгүй нь олон нийтэд илэрхий байгааг өдөр бүр харсаар байсан тул шалгах тодруулах шаардлага байгаагүй. Тухайн үед “Бум констракшн” ХХК-иас энэ талаар шалгаж тодруулаад ч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн үндэслэл өөрчлөгдөхгүй байсан. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс “газрыг хашаалсан, техникийн нөхцөл авах, зураг төслийн ажлыг хийлгэж байгаа” гэсэн тайлбар үргэлжилсээр л байгаа бөгөөд үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх байгаа тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Дундговь аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/522 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 0209387 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр “Бум констракшн ХХК-ийн нийтийн орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшиж байсан Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 504 м.кв газрыг Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/299 дүгээр захирамжаар “тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй” гэж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон байна.

Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга “тус газарт одоо хүртэл барилгын ажил эхлээгүй, хашаа татсаныг зориулалтын дагуу ашигласанд тооцохгүй” гэж, нэхэмжлэгч “энэ хугацаанд барилгын ажлыг эхлүүлэхэд шаардагдах зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийг авч, бэлтгэл ажлыг хангасан” хэмээн тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр авснаас хойш хуанлийн 2 жилийн хугацаанд барилгын дулааны техникийн нөхцлийг холбогдох байгууллагаас авч, газрыг хашаалсан, харин маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө эрх бүхий этгээдээс цахилгаан, эрчим хүчний техникийн нөхцлийг авсан зэрэг барилгын үйл ажиллагаа явуулахад шаардагдах бэлтгэлийг хангаж байсан нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг  нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай.

Тухайн тохиолдолд, хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх”-ийг нягтлан шалгах, нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдлыг бодитоор үнэлээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан чиг үүргээ буруу хэрэгжүүлсэн байх бөгөөд энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газар дээрээ 2012 оноос хойш ямар ч барилгын ажил хийж эхлээгүй нь нийтэд илэрхий, шалган тогтоох шаардлагагүй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн “газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй” гэсэн үндэслэлтэй холбогдуулан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад “данс андуурч төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн” зэрэг нөхцөл байдлаас үүдэн тухайн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2016/0240 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай   хуулийн 41   дүгээр   зүйлийн   41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН