Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 6059

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2889455 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу БДТТөв 502 тоотод оршин байх Нью Энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2562618 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ Энхтайваны өргөн чөлөө 77, Баганат өргөө оффис төвд оршин байх Баганат өргөө ХХК-нд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нью Энержи ХХК нь Баганат өргөө ХХК-тай мөнгөн зээлийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан юм. Гэрээний дагуу уг хуулийн этгээдэд 200.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, төлбөрөө 2 сарын хугацаанд төлөхөөр байгуулсан боловч түүний үлдэгдэл 80.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 80.000.000 төгрөгийн төлбөр болон гэрээний алданги 40.000.000 төгрөгийн хохирол нийт 120.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нью Энержи ХХК нь Баганат өргөө ХХК-нд холбогдуулан 120.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Талууд харилцан тохиролцож 120.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Нью Энержи ХХК нь хариуцагч Баганат өргөө ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь харилцан тохиролцож 120.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Нью Энержи ХХК хариуцагч Баганат өргөө ХХК нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 120.000.000 төгрөгийг хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 01-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Баганат өргөө ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757.950 төгрөгийн 50 хувь буюу 378.975 төгрөгийг улсын орлогоос, 378.975 төгрөгийг хариуцагч Баганат өргөө ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Нью Энержи ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ