Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1557

 

 

 

 

 

 

 

   2019        10          10                                 2019/ШЦТ/1557                                    

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Долгорсүрэнгийн Дд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04736 2030 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Д.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэмжил” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Хос” олон үндэстний хоолны газарт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 600.500 төгрөг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:  Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Номин-Эрдэнийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Долгорсүрэнгийн Д /ЙС97040121/ гэх хүнийг касс, зөөгчийн ажилд авсан. Эхний 1 сар дадлагажих ажилтнаар ажилладаг бөгөөд Дын хувьд 1 сар ажиллаад үндсэн ажилтан болсон юм. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тооцоо хийхэд янз бүрийн асуудал үүсээгүй. 2019 оны 07 дугаар сарын 21-ний орой манай тогооч Должин над руу залгаад би 301.000 төгрөгийн хоол гаргасан чинь Д 207.000 төгрөгийн хоол гаргасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өдөр нь Д руу залгахад утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш утас руу нь удаа дараа залгасан боловч утсаа огт аваагүй. Тухайн хүнийг ажилд авсан захирлын тушаал байгаа. Д өөртөө төлбөр тооцоогоо аваад тэгээд зөөгчийн ажлыг давхар хийдэг байсан. Манай тогооч гаргасан хоолоо бүгдийг нь өөрийнхөө дэвтэр дээр бичдэг бөгөөд Дын хувьд хоолны мөнгөнөөс /кассаас/ өөрөө авч хэрэглэсэн байсан, өөртэй нь нэг ч удаа утсаар ярьж чадаагүй, одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцаэд гэрч Б.Батболорын өгсөн: ...Би өдөр бүр гаргасан хоолоо дэвтэр дээр бичээд Дтай оройдоо гаргасан хоолнуудаа хэлэхэд Д зөв байна, таарч байна гэж хэлдэг байсан. Би гаргасан хоолнуудаа өөрөө шивье, тулгая гэхээр Д уурлаад байдаг байсан. Би Дыг мөнгө авч байсныг огт мэдээгүй, би хоолоо л хийдэг байсан. Д нэг удаа билл гаргаж ирэхээр нь би тэр биллийг аваад хоёулаа гаргасан хоолоо тулгаад бодчих уу гэхэд тооны машин булааж аваад уурлаад байсан. Д байнга утсаар яриад байж байдаг байсан, бас худлаа ярьдаг болох нь надад ажиглагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

            - “Хэмжил” ХХК-аас гаргаж өгсөн кассанд тушаасан орлогын хуулбар, тогоочийн хөтлөдөг байсан гэх дэвтрийн хуулбар, дутаасан гэх тооцооны хуудас /хх-ийн 17-43 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Д.Дын: ...Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэмжил” компанийн “Хос” олон үндэстний хоолны газарт касс, зөөгчөөр анх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дадлагажих ажилтнаар орж 1 сар ажиллаж байгаад 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс жинхэнэ ажилтан болсон. Би зөөгч болон кассын ажлыг давхар хийдэг байсан бөгөөд орлогын мөнгийг өдөр болгон тушаадаг байсан. Би ажиллах хугацаандаа бага, багаар касснаас мөнгө авдаг байсан. Жишээ нь, тухайн өдөрт 10 хоол гарлаа гэхэд 1 хоолных нь мөнгийг касснаас аваад дэвтэр дээр 9 хоол гаргаснаар бичдэг байсан юм. Иймэрхүү байдлаар бага, багаар авсаар байгаад ийм зүйл болсон байна. Би 600.500 төгрөгийг авсан өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би тэр мөнгийг хүүхэд рүүгээ явуулдаг байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/,

- Шүүгдэгч Д.Дын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажилд томилсон тушаал /хх-ийн 5, 44, 48, 49 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэмжил” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Хос” олон үндэстний хоолны газарт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 600.500 төгрөг завшсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

            Д.Дын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод хэмжээ зургаан сар, түүнчлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж болох хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирол болох 600.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Дд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Д нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэмжил” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг “Хос” олон үндэстний хоолны газарт 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа орлогын мөнгөнөөс 600.500 төгрөг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Номин-Эрдэнэ, гэрч Б.Батболор, яллагдагчаар өгсөн Д.Д нарын мэдүүлэг, “Хэмжил” ХХК-аас гаргаж өгсөн тооцоо, гар бүртгэл, ажилд томилох тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дыг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Э.Номин-Эрдэнийн зүгээс хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх туул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 73 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна

Шүүгдэгч Д.Д нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Д Д ыг бусдын эд хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д Д ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Д д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ