| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08390/И |
| Дугаар | 6075 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 6075
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, Голомт банкны төв байранд оршин байх Голомт банк /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн НЧ91043009 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, дунд дарь эх 47-2304 тоотод оршин суух, Улаан дээлт овогт Ганбаатарын Болортольд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.732.459,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ганбаатар овогтой Болортоль нь МТ маркет ХХК-д ажиллаж байхдаа буюу 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ1105101493 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-г байгуулан 3.200.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгож, улмаар шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул тухайн үеийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 101/ШЗ2016/15354 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийн оршин байгаа газрыг тогтоохоор ажилласны үр дүнд хариуцагчийг олж тогтоосон бөгөөд тэрээр түр хугацаанд орон нутагт амьдарч байгаад ирсэн байна. Талуудын хооронд байгуулсан Зээл болон барьцааны гэрээ-г хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч Г.Болортолиос ЗГ1105101493 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1.619.888,56 төгрөг, үндсэн хүү 112.571,81 төгрөг нийт 1.732.459,37 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Болортоль шүүхэд гаргасан тайлбартаа: Ганбаатар овогтой Болортоль миний бие Голомт банкнаас 3.200.000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо 1.732.500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба энэхүү зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банкын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Г.Болортоль нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Г.Болортольд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.732.459,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох 1.732.459,37 төгрөгийг хариуцагч Г.Болортоль нь бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Г.Болортольд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42670 төгрөгийн 21335 төгрөгийг улсын төсвөөс, 21335 төгрөгийг хариуцагч Г.Болортолиос тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ