| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1533/Э |
| Дугаар | 1566 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1566
2019 10 11 2019/ШЦТ/1566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол овогт Ц Л д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 08249 2017 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Сайнчимэгийн зүүн гуян тус газар нь нэг удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л мэдүүлэхдээ: Тэр өдөр би манайд амьдардаг байсан нэг хүүхэнтэй айлын обой наахаар явсан. Замдаа Гантуяатай нэг шил архи уугаад, дараа нь гэртээ ирээд тал шил архи уусан. Түүнээс хойш мэдэх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сайнчимэгийн өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 06-ны өглөө миний хамтран амьдрагч Ц.Л нь бид хоёртой хамт амьдардаг Гантуяатай хамт өглөө ажил хийхээр явсан. Тэр хоёр яваад буцаад 19:00 цагийн үед ажлаа тараад ирсэн ба ирэхдээ хоёулаа жаахан халамцуу бас нэг шил архи бариад ирсэн. Бид гурав гэртээ авч ирсэн архийг нь хувааж уугаад би архи уусан болохоор ухаанаа нэг хэсэг алдсан байсан. Миний ухаан орж гараад байсан. Миний санаж байгаагаар хамтран амьдрагч Л бид хоёр юунаас болсныг нь мэдэхгүй ямар ч байсан маргалдаж байсан. Маргалдаж байгаад би дахиад юу болсон талаар санахгүй байгаа. Дахиад нэг ухаан ороход миний зүүн талын гуянд хутгалсан байсан. Би хутгалуулснаа мэдсэнээс хойш дахин ухаан балартаагүй. Миний хөлийг нөхөр соронз тавьж боож өгсөн. Бид хоёр миний хөлийг боосны дараа унтаад өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний хүүхэд Мөнхбилэг /10 настай, эрэгтэй/ ирээд миний хөлөнд Л хутгалсныг мэдсэн. Мөнхбилэг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө хичээлдээ яваад хичээл тараад шууд эмээгийнхээ гэр рүү явсан байсан. Намайг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр миний эх Гандаш гэртээ лагерь дээр дуудсан. Би яваад очсон. Миний Гандаш Мөнхбилэгээс Л миний хөлөнд хутгалсныг мэдсэн байсан болохоор намайг очингуут цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Би ээжтэйгээ хамт гэртээ ирэх гээд Дарь-Эхийн автобусны буудал дээр намайг согтуу тосож байсан. Тэр үед миний ээж шууд цагдаа дуудаад бариулаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Гандашийн өгсөн: ...Одоо би он, сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан тэр өдөр миний охин Сайнчимэгийг хүү Мөнхбилэг дагуулж лагерь дээр ирсэн. Гэрт ирээд миний зээ хүү Мөнхбилэг эмээ гээд надад хандаж “эмээ, ээжийг Л хутгалсан. Танаас нуугаад 2, 3 хоног хоночихлоо, эмээдээ хэлбэл эмээтэй чинь цуг ална шүү” гэж дарамтласан гэж надад миний хүү Мөнхбилэг хэлсэн. Мөнхбилэг надад хандаж хичээлээ тараад иртэл Лхагвадива миний ээжийг хутгалсан. Ээж орон дээр уйлаад сууж байсан гэж хэлсэн. Би ээжээс юу болсон талаар асуухад Л намайг хутгалсан гэж хэлсэн. Лхагвадива тоохгүй байсан гэж миний ээж надад хэлсэн. Мөнхбилэг бас надад Лхагвадива эхлээд миний ээжийн цээж рүү хутгалах гэж дайрсан. Тэр үед цээж рүү нь түлхээд Лхавагдиваа хойшоо газар унасан гэсэн. Тэгсэн Л босохдоо гуя руу нь хутгалсан гэж хэлсэн. Би хүүгээсээ харсан юм уу гэж асуухад ээж өөрөө надад ингэж хэлсэн гэж миний зээ хүү Мөнхбилэг надад хэлэхээр нь би цагдаад охиныхоо өмнөөс гомдол гаргасан. Энэ үйл явдал болоход хажууд нь нэг эмэгтэй хүн байсан гэж миний зээ хүү Мөнхбилэг надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Лгийн: ...Би дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Б.Сайнчимэгийн биед учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би маш их архи уусан байсан бөгөөд болсон асуудлыг бүрэн дүүрэн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд эхнэр Сайнчимэгийг хутгаар гэмтээсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12260 дугаартай шинжээчийн:
1. Б.Сайнчимэгийн биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Сайнчимэгийн зүүн гуян тус газар нь нэг удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ц.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Б.Сайнчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Лд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Сайнчимэгийн зүүн гуян тус газар нь нэг удаа хутгалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сайнчимэг яллагдагчаар өгсөн Ц.Л, гэрч Л.Гандаш нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12260 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Б.Сайнчимэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээсхоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Л нь энэ гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх дууссан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол овогт Ц Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ц Лг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ