Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 226

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Өлзийжаргалд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, хариуцагч Д.Өлзийжаргал нар оролцов.

                                                                                               Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Өлзийжаргал нь манай компаниас 2016 оны 01, 02-р сард 3600000 төгрөгний шатахуун, тос тосолгооны материал худалдан авсан билээ. Д.Өлзийжаргал нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 160 хоног боллоо. Д.Өлзийжаргал нь 3600000 төгрөгийг 2016 оны 07 сарын 01-ний өдрийн дотор төлнө. Хугацаа хэтэрвэл хоног дутам 1 хувийн алданги төлнө гэж 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Иймд үндсэн төлбөр 3600000 төгрөг, алданги 900000 төгрөг нийт 4500000 төгрөгийг Д.Өлзийжаргалаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ихэр Наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаяр миний бие Д.Өлзийжаргалаас алданги 900000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Иймд хариуцагч Д.Өлзийжаргалаас 3600000 төгрөгийг гаргуулахаар энэхүү хүсэлтийг гаргаж байна. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 37-р байрны 40 тоотод оршин суух СЖ79101617 регистрийн дугаартай Эзэн овогт Даваанямын Өлзийжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Өлзийжаргал нь 2016 оны 02-р сард “Ихэр Наран” ХХК-иас 2700000 төгрөгний дизелийн түлш, бензин зээлээр худалдаж авсан. Би 2700000 төгрөгийг тус компанид төлж чадаагүй тул 3600000 төгрөг өгөхөөр болсон. Би Х.Мөнхбаяр ахыг нэлээн их чирэгдүүлсэн нь үнэн. Миний зүгээс Х.Мөнхбаяр ахад гомдох зүйл байхгүй. Би Хэнтий аймгийн Хэрлэн сумаас зүүн тийш 40 км газарт жоншны нөхөрлөл  ажиллуулдаг байсан. Үйл ажиллагаа явуулахгүй удаж байна. Иймд 3600000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

         Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК нь хариуцагч Д.Өлзийжаргалаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК нь хариуцагч Д.Өлзийжаргалаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаяр нь “шүүх хуралдаанд оролцож чадахгүй тул эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн захирал Х.Мөнхбаярыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Хариуцагч Д.Өлзийжаргал нь 3600000 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчдын хооронд байгуулсан гэрээ, зээлээр дизелийн түлш, бензин авсан тухай баримт, хариуцагч Д.Өлзийжаргалын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Д.Өлзийжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3600000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч Д.Өлзийжаргал нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3600000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  

100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5,

123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн нэхэмжилсэн 3600000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг хариуцагч Д.Өлзийжаргал нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Д.Өлзийжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 72550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ихэр Наран” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Өлзийжаргал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ                             М.ЭНХМАНДАХ