Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1889

 

 

 

 

 

 

 

 

  2019         12          16                                   2019/ШЦТ/1889   

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Оргил, хууль ёсны төлөөлөгч Б.Гүннавч,

Өсвөр насны шүүгдэгч А.Т, хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал, тэдний өмгөөлөгч Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тт холбогдох эрүүгийн 1906 06297 2605 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

А.Т,    

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн бие засах газарт М.Мөнх-Оргилтой маргалдаж улмаар дагзны ар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.                                                                     /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч А.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Оргилын  мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны 12:00-12:30 цагийн орчим сургууль дээрээ хичээл завсарлаад ариун цэврийн өрөө орход 11д ангийн хөвгүүд, 10д ангийн хөвгүүдтэй муудалцаад зогсож байхаар нь манай ангийн хүүхэд Дөлгөөн салгасан чинь Ц.Тэлмэн эргүү бацаанууд андуурууд байгаарай гэж хэлхээр нь би Ц.Тэлмэнг холдуулах гээд түлхсэн чинь А.Т гэдэг 11д ангийн сурагч миний зангианаас доош нь дарж байгаад дагзны ард талруу цохиж, зодсон. Ингээд намайг зодуулж байхад манай хамаатан 11д ангийн сурагч Чинхүслэн намайг татаж ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Зодоон дуусч байх үед манай сургуулийн багш Батбаяр, П.Уранцэцэг нар ирж тараасан. Ийм л зүйл болсон. Миний биед учирсан гэмтлийг 11д ангийн сурагч А.Т учруулсан, өөр хэн учруулсныг мэдэхгүй байна. Намайг зодуулж байхыг харсан Чинхүслэн хэлэхдээ А.Т л ганцаараа зодож байсан гэсэн гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

Насанд хүрээгүй гэрч Ц.Тэлмэнгийн мөрдөн байцаатад өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 45 минутын орчим хичээлийн 3 дугаар цагийн завсарлагаанаар манай ангийн хөвгүүд 10д ангийн хөвгүүдтэй ариун цэврийн өрөөнд уулзъя гэж тохиролцоод сагсан бөмбөгийн тэмцээний үед манай ангийн А.Т, Хасар нарыг доод ангийн хөвгүүд дээрэлхсэн гэхээр нь уулзах гэж очсон. Харин 10д ангийхан манай ангийн Хасар, А.Т нарыг цохих гэж очсон юм шиг байна лээ. Тэгээд сургуулийн 00 өрөөнд Мөнх-Оргил орж ирээд намайг хавирч унагаахад А.Т салгаад бөөн зодоон болсон гэх мэдүүлэг /хх 35-36/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12684 дүгээр:

М.Мөнх-Оргилын биед дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх 17/

 

Өсвөр насны шүүгдэгч А.Тийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд манай 97 дугаар сургууль дээр сагсан бөмбөгийн тэмцээнтэй байсан. Энэ өдрөөс хойш 3 хоногийн дараа манай ангийн бүх хөвгүүдтэй, 10д ангийн бүх хөвгүүд сургуулийн 3 давхарын ариун цэврийн өрөөнд юм ярихаар ороод уулзаад ярилцаж байсан чинь 10г ангийн Мөнх-Оргил, Дөлгөөн нар орж ирээд бие засаж байсан. Мөнх-Оргил бие засаж дуусаад манай ангийн Ц.Тэлмэнг дэгээдэж унагаад дээрээс нь өшиглөхөөр нь би салгах гэж байсан. Тухайн үед биднийг тойроод зогсож байсан 10д ангийн хөвгүүд бүгд миний ардаас дайраад намайг цохиод маргаан эхэлсэн. Нэг мэдсэн манай сургуулийн багш нар ирээд зодооныг салгасан гэх мэдүүлэг /хх 42/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Тийн эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 31/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 32/, анги удирдсан багш Э.Сугармаагийн бичсан А.Тийн зан байдлын тодорхойлолт /хх 33/, шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн 2 хуудас бүхий гомдол, хавсралт, мөн өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн сурагчийн хувийн хэргийн хуулбар зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Насанд хүрээгүй гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Т нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн бие засах газарт М.Мөнх-Оргилтой маргалдаж улмаар дагзны ар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн өсвөр насны гэрч, өсвөр насны шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.Тийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож тэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Өсвөр насны шүүгдэгч А.Тийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч М.Мөнх-Оргилын хохирол нэхэмжилж хэрэгт хавсаргуулсан баримтуудаас хавтаст хэргийн 21 дүгээр тал дахь 180.396 төгрөгийн баримтын төлбөрийг гэмт хэргийн улмаас шууд учирсан зардалд тооцов.

Харин хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан “таксинд зарцуулсан мөнгө, зодсон хүүхдийн ээж, багш, байцаагч руу тус тус залгасан утасны төлбөр, авах шаардлагатай эм” гэх гараар бичиж нэхэмжилсэн баримтыг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхээс цаашид гарах эмчилгээний төлбөрийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шийдвэрлэх үндэслэлгүй юм. Ирээдүйд ямар үр дүн гарах эсэхийг тооцон хохирогчид хохирол гаргуулах үндэслэлгүй ба зөвхөн бодитоор учирсан хохиролыг гаргуулж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Насанд хүрээгүй хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учран гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

   Шүүх өсвар насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, өдөрт тодорхой цагийн хязгаарлалттайгаар хийлгэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тийг хоёр зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Тт оногдуулсан хоёр зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал нарт мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Амаржаргал нараас 180.396 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Оргил /ул04232975/-д, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Гүннавч /жю70021961/-д олгосугай.

 

6. Өсвөр насны шүүгдэгч А.Т нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Оргил нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин А.Т болтол өсвөр насны шүүгдэгч А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ