| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1587/Э |
| Дугаар | 1622 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1622
2019 10 24 2019/ШЦТ/1622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Сайнбаяр /томилолтоор/,
шүүгдэгч С.С,
хохирогч, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Естэй овогт Г Б, Шарав овогт С С нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04965 2065 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ууган сувд” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамжны 99 дүгээр байрны 173 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Шарав овогт Сэдэдийн С /РД:ХИ74013010/
Холбогдсон хэргийн талаар:
Г.Б нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар с арын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар байшингийн хана мөргүүлж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяаг зодсон гэх шалтгааны улмаас Г.Бтэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч, шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэг тодорхой тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Алтантуяагийн өгсөн: ...Би 2019.08.27-ны шөнийн 00:00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хүргэн Баасангийнд орох гээд явж байтал замд хүргэний найз гэх залуу таараад манай хүргэн, охин хоёрыг гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хүргэний байшинд явж ороод гал тогооны өрөөнд ортол араас байшинд гал тогооны өрөөнд орж ирээд над руу юм ярилгүйгээр шууд дайраад, нас хамаагүй шүү дээ гэж хэлээд гал тогооны өрөөнд дарж авах гэхээр нь би “байж бай, би бие засаадахъя” гэж худал хэлээд гадаа гартал байшингаас гарч ирээд шууд хүргэний гэр рүү шууд намайг чирсэн. Тэгээд би эсэргүүцэл үзүүлээд дийлэхгүй байсан чинь намайг байшингийн тоосгон хана руу түлхэж толгойны ар дагз хэсгээр мөргүүлсэн. Ингээд би хэсэг зуур ухаан балартаад газарт хэсэг хэвтээд ухаан сэргээд босч ирэхэд дахиад намайг чирэх гэхээр нь “байж бай, би бие засах гэж гарч ирсэн шүү дээ” гэж хэлтэл чи зугтаагаад үзээрэй, би чамайг ална шүү гэж хэлээд хүргэний байшин руу орсон. Ингээд бушуухан зугтаая гээд гэр рүүгээ гүйсэн. Ингээд гэрийнхээ үүдэн дээр очоод гэртээ орох гэтэл намайг араас шүүрэх шахаад би гэртээ амжиж орж хаалгаа хаасан. Тухайн үед манай гэрт миний төрсөн дүү болох Алтангэрэл, хүү Түвшинбаяр нар нь унтаж байсан. Ингээд би хүү, дүү хоёртоо намайг хүн зодчихлоо гэж хэлээд дүүгийн утсаар цагдаад дуудлага өгсөн...
...Би энэ гэмтлийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гачуурт тосгон” туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоот хашаанд зүс таних Г.Б гэх залууд зодуулж гэмтсэн. Тухайн үед миний өмсөж явсан цамцны урд талаас заамдаж, толгойн ар дагзны хэсгээр байшин мөргүүлсэн, тэр үед би гарыг нь тавиулах гэхэд миний зүүн гараас барьж мушгисан. Тэгэхэд миний энэ гэмтлүүд учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 12-13-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Алтангэрэлийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байхад би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул фермийн 1-17 тоотод эгч Алтантуяагийнд унтаж байтал эгч гаднаас орж ирээд намайг сэрээгээд эгчийг нь нэг залуу алах нь ээ гэж хэлээд уйлаад гар, толгой хоёроо надад харуулсан. Ингээд би эгчийн гар, толгой хоёрыг нь барьж үзээд шууд цагдаа дууд гэж хэлээд өөрийн утсаа эгчид өгөөд нөгөө залуу чинь хаана байна гэж асуухад эгч гадаа нөгөө залууг байгаа байх гэж хэлэхээр нь би эгчийн гэрээс гартал хашаан дотор тэр залуу зогсож байсан...
...эгч С.Алтантуяаг хэн хэнтэй архи уусан талаар мэдэхгүй байна. Эгч орж ирсний дараа төрсөн дүү С.С гэрээс гарсан, тэрний би ардаас нь гарахад гэрийн гадаа хашаан дотор Б, С хоёр бие биенийгээ бариад авчихсан зогсож байхаар нь би очоод салгасан чинь Б зугтаачихсан, би ардаас нь хөөхөд миний урдаас цагдаа нар гараад ирсэн. Тэгээд цагдаатай хамт ардаас нь хөөж байгаад цагдаа нар барьж авсан...
...Хэрэг гарсан өдөр бол С бид 2 гэрт байхад гаднаас С.Алтантуяа эгч хүн зодуулсан гэж орж ирэхэд гэрээс С түрүүлж гараад би араас нь гарахад С хашаан дотор Г.Бтэй ноцолдож байсан. Тэгэхээр нь би очоод салгаад энэ асуудлыг цагдаагаар шийднэ гэсэн чинь Б хашаанаас гараад зугтсан. Харин сүүлд Б, С хоёрын ярианаас намайг гэрээс гарч ирэхээс өмнө бол хоорондоо цохилцсон гэж хэлсэн...гэх мэдүүлгүүд /хх-ийн 14-15, 16, 22-23 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн С.Сын: ...2019 оны 08 дугаар сарын 26-ны орой /цагийг санахгүй байна/ төрсөн ах С.Алтангэрэл ахын хамт согтуу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо фермийн задгай тоотод хамаатны дүү Түвшинбаярын гэрт очоод бид 2 унтаж байхад төрсөн эгч С.Алтантуяа уйлаад ороод ирсэн /харанхуй байсан цагийг нь санахгүй байна/. Яасан талаар эгчээс асуухад Б намайг зодчихлоо гэж хэлэхээр нь гэрээс ганцаараа гарахад гэрийн гадаа Б ганцаараа зогсож байхаар нь Бийг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд барьцалдаж аваад ноцолдоод бид 2 хашаа мөргөөд түлхэлцэж байхад нэг эмэгтэй хүн цагдаа дуудсан байлгаж байгаарай гэсэн /хэн тэгж хэлснийг мэдэхгүй байна, харанхуй гадаа байсан болохоор/. Г.Б бид 2 гадаа ноцолдож байхад гэр дотроос С.Алтангэрэл ах гарч ирээд бид хоёрыг салгасан, тэгээд Г.Б зугтаачихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 он 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10509 дугаартай шинжээчийн:
1. С.Алтантуяагийн биед зүүн сарвуу, дагз, зулай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Бийн: ...Би 2019 оны 08 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч С.Алтантуяаг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Би өөрийн хэргээ хүлээж байна, мөн их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн Г.Бийн: ...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу “Гачуурт” тосгонд гэр нь байдаг найз Баасангийн гэрт очиход зүс таних С, Алтангэрэл байж таараад бид нар 0,75 литрийн хоёр шил “Хараа” архи хувааж уугаад би хоорондоо маргалдах гээд байхаар нь би гараад явсан чинь хажуу айлын хөгшин болох Алтантуяатай хашаанд таарсан чинь Алтантуяа хойшоо гэр рүү орох гэж байна гэхээр нь би танай гэрт Алтангэрэл, С хоёр согтуу архи ууж байна, та ороод хэрэггүй гэж хэлээд гараас татсан чинь Алтантуяа гэнэт чи намайг оролдлоо гээд шууд гэр рүүгээ гүйж орсон. Тэгтэл гэрээс нь Алтангэрэл гарч ирээд үгийн зөрөөгүй миний дух хэсэгт цохисон. Тухайн үед би юугаар цохисныг бол хараагүй, тэгээд бид 2 барилцаж аваад цохилцож байхад Алтангэрэл гарч ирээд бид хоёрыг салгаад Алтангэрэл цагдаа дуудаж намайг болиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10402 дугаартай шинжээчийн:
1. Г.Бийн биед тархи доргилт, дух, хоёр завьжинд шарх, баруун зулай, дух, хамрын нуруу, баруун хацар, баруун шанаа, хүзүү, хэвлий, хоёр шуу, баруун мөр, баруун бугалга, баруун тохой, зүүн өвдөгт зулгаралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруу, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Тархи доргилт, дух, хоёр завьжны шарх, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн С.Сын: ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогч Г.Бийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Одоо бол хохирогч Г.Б бид 2 учир зүйгээ олсон. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар тал/,
- Шүүгдэгч С.С, Г.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 40, 41, 42, 63-64, 65-68, 70-71 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Бийн согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар с арын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар байшингийн хана мөргүүлж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
С.Сийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяаг зодсон гэх шалтгааны улмаас Г.Бтэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.Б, С.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Г.Б, С.Алтантуяа нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Б, С.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Г.Б нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар с арын 26-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 27-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар байшингийн хана мөргүүлж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Гачуурт тосгон” Туул фермийн 1 дүгээр гудамжны 18 тоотод С.Алтантуяаг зодсон гэх шалтгааны улмаас Г.Бтэй маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Б, С.Алтантуяа, С.Алтангэрэл, яллагдагчаар өгсөн Г.Б, С.С нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10509, 10402 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, С.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Б, С.Алтантуяа нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Б, С.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Г.Б, С.С нар нь хохирогч Г.Б, С.Алтантуяа нар нь гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Естэй овогт Г Б, Шарав овогт С С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Б, С С нарыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, С.С нарт тус тус оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, С.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ