Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 6076

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЕТ88012114 регистрийн дугаартай Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн гудамж 306 тоотод оршин суух Тайжийн цагаан гэр овогт Зоригтбаатарын Гэрэлчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ТГ85051468 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Консул 7-191 тоотод оршин суух Тайжууд овогт Төмөрбаатарын Анхцэцэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Гэрэлчулуун би Т.Отгонцэцэг гэдэг хүнийг таньдаг бөгөөд түүний эгч Т.Анхцэцэг нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...Хөшигний дэлгүүр ажиллуулах гэсэн юм, бараа татахад зориулж 2.000.000 төгрөг нэг сарын хугацаатай зээлээч, 2.500.000 төгрөг болгож өгье гээд 2.000.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийнхөө 5055503572 дансаар авсан юм. 2016 оны 07 дугаар сард мөнгөө нэхэж утсаар ярьхад удахгүй өгнө гэсэн боловч өгөөгүй. Үүнээс хойш утас руу нь залгахаар утсаа авахаа байсан ба одоог хүртэл зээлсэн мөнгөнөөсөө нэг ч төгрөг төлөөгүй, зээлсэн мөнгөө төлөхөөс зайлсхийж байх тул зээлийн төлбөрт 2.000.000 төгрөг, хүүнд 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Гэрэлчулуунаас 2.000.000 төгрөг зээлсэн нь үнэн бөгөөд хүүнд 500.000 төгрөг өгнө гэж тохиролцсон. Иймд 2.500.000 төгрөгийг Гэрэлчулуунд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч З.Гэрэлчулуун нь хариуцагч Т.Анхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Т.Анхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч З.Гэрэлчулууны нэхэмжлэлийн шаардлага болох 2.500.000 төгрөгийг хариуцагч Т.Анхцэцэг нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Т.Анхцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55000 төгрөгийн 50 хувь буюу 27500 төгрөгийг улсын орлогоос, 27500 төгрөгийг хариуцагч Т.Анхцэцэгээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч З.Гэрэлчулуунд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ