Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1584

 

 

 

 

 

 

 

    2019       10          17                                  2019/ШЦТ/1584

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч, шүүгдэгч Б.Э,

шүүгдэгч Г.Б ,

хохирогч Д.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Э, Г.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04208 1895 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Б.Э

2. Монгол улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Очир” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Д.Алтанчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гарыг нь мушгих, түлхэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Г.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Очир” хүнсний дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Этэй маргалдаж, улмаар нүүр рүү нь мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: Мөргөхийн хувьд бол санаатайгаар мөргөөгүй. Б.Э найзтайгаа хамт бараг тасралтын байдалтай гэж хэлж болохоор согтолттой байсан. Ерөнхийдөө Б.Э тэр хавиар явж байсан бүх хүн рүү орилж, хашгирсан. Цагдаад н.Нямтуяа гээд худалдагч дуудлага өгсөн байдаг гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Тус өдөр би найз Рэнцэнгийн хамт хөдөөнөөс ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд би “Очир” хүнсний дэлгүүр рүү орох гэтэл хогийн сав тээглүүлээд тавьсан байсныг нь утсаа харж явж байгаад анзааралгүй унагаасны улмаас хохирогч Д.Алтанчимэгтэй маргалдсан. Тэрээр “дэлгүүр хаалттай байхад хардаггүй юм уу?” гээд над руу уурлахаар нь “эгч ээ, уучлаарай, анзааралгүй унагаачихлаа” гэдгээ хэлтэл намайг “согтуу минь гар” гээд хөөгөөд, түлхээд, цамцнаас мушгисан. Цамцнаас мушгиад улам ураад байхаар нь би гарынх нь шуу хэсгээс нь бариад “эгч ээ, наадахаа тавь, би явлаа” гээд хоорондоо маргалдсан юм. Би хохирогчид санаатай хохирол учруулъя гэж ерөөсөө бодоогүй. Намайг хохирогчтой маргалдаад байж байтал хүүхэд нь гүйж ирээд шууд намайг цохисон. Миний амнаас цус гараад, шүд хөдөлсөн байсан болохоор уурлаад тухайн үед би муухай хараал хэлсэн нь үнэн. Гэтэл Г.Б  уурандаа намайг нэмээд мөргөсөн. Үүний улмаас миний сормуусны хажууд сэтэрч, шүд хөдөлсөн байдаг. Миний хувьд ерөнхийдөө санал, гомдол гээд байх юм байхгүй. Тухайн үеийн үйл явдал санаандгүй байдлаар өрнөсөн. Цагдаа ирэхээс өмнө бид салаад, улмаар цагдаа ирснээр бид Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтанчимэг мэдүүлэхдээ: Тэр өдөр би нөгөө ээлжийнхээ худалдагчтай хамт дэлгүүртээ тооллого хийж байсан. Зун аягүй халуун байсан учир хаалгаа нээгээд, “Тооллоготой” гэж том цаасан дээр бичиж тавиад, хүн даваад орох боломжгүй хоёр том хогийн сав тавьсан байв. Гэтэл энэ нөхөр шал согтуу, шууд түлхээд ороод ирсэн. Тэгэхээр нь “хүүе, тооллоготой байна шүү дээ” гэтэл “утас цэнэглээд өгчих” гэсэн. “Цэнэглэх боломжгүй байна, тооллоготой байна” гэхэд “цэнэглээд өгчих, муу ал минь чи” гэж намайг доромжилсон. Тэгээд би “тооллоготой гэж байна, чи гар” гээд түлхсэн чинь шууд намайг угзраад үүдэнд ноцолдоод байсан. Дараа нь намайг үүдний таамбар руу чирээд, дараа нь гадаа гараад миний гарыг мушгиад, тохойноос дараад газар унагасан. Газар унахгүйн тулд би доогуур нь зуураад байтал дахиад дарсан. Энэ хүн биеэ авч явах ямар ч чадваргүй, ямар ч ухамсар байхгүй. Намайг Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний тархи их хөдөлсөн байсан. Үүний улмаас би 3, 4-р хороололд байрлах “Талст” гээд эмнэлэгт 10 хоног эмчлүүлсэн. Гэхдээ би энэ талаар хохирол гэж нэхэмжлэхгүй. Ерөөсөө Б.Э орж ирээгүй бол энэ асуудал болохгүй байх байсан. Цагдаа дээр Б.Эийн согтолт 1.75-тай гарсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Алтанчимэгийн өгсөн: ...Энэ үед тухайн залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Намайг “ал минь” гээд хараагаад байсан . би гаргах гээд түлхэхэд миний цамцнаас татаад миний гинж тасраад , баруун талын хүзүү хэсэгт алгадаж, зүүн гарын бугуй хэсгээс барьж аваад мушгиад , тохой дараад байсан. Би тавиулах гэж хичээхэд улам мушгиад байсан. Ингээд би огт хөдөлж чадахгүй, 2 худалдагч маань болиоч гэж хэлээд огт ойртож чадахгүй байсан. Би гарнаас нь тавиулахын тулд эргэлдэхэд дахиад намайг барьж аваад гар мушгиад байсан гар хөдөлж чадахгүй, өвдөөд өвчиндөө би газар унасны дараа гарнаас мушгиад газар чирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эийн өгсөн: ...Би биеэ хамгаалах зорилгоор хүүхэд нь миний зовхи руу цохих үед ээж гэх эмэгтэй нь намайг тэвэрсэн байсан тул ээжийг нь өөрөөсөө холдуулах гэтэл чадаагүй. Ингээд нилээн удаан муудалцаж байтал хүүхэд нь миний уруул руу 1 удаа толгойгоороо мөргөсөн. Би эдгээр үйлдлүүдийн эхлээд цохисон уу, мөргөсөн үү гэдгийг сайн мэдэхгүй байна. Энэ үед би өөрийгөө хамгаалах гэж баруун гараараа зүүн гарын шуу хэсгээс бариад доош дарж өөрөөсөө холдуулсан. Ингэхгүй бол хүүхэд нь намайг дахиж цохих гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Рэнцэнгийн өгсөн: ...Би тухайн өдөр Энхтөрийн гэрт архи уучихаад гарсан ба эхнэрийн хамт дэлгүүр ороод тухайн дэлгүүрт цэнэглэгч байхгүй болохоор Энхтөр өөр дэлгүүр лүү орсон. Ингээд би дэлгүүрээс гараад иртэл нэг эмэгтэй хүн дэлгүүрийнхээ буланд хашчихсан зогсож байсан юм. Би эхнэр дээрээ оччихоод эргээд иртэл Энхтөрийн нүүр ам нь цус болчихсон байсан. Ингээд хэрүүл болоод байхаар нь болиулах гэж байтал Энхтөрийн хөмсөг рүү нь дэлгүүрийн худалдагчийн хүү гэх залуу толгойгоороо мөргөсөн . Ингээд Энхтөр өөдөөс нь зодолдох гэхээр нь би салгаад цагдаа дуудсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8753 дугаартай шинжээчийн:

1. Д.Алтанчимэгийн биед зүүн бугалга, баруун, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Наранбямба гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8899 дугаартай шинжээчийн:

1. Б.Эийн биед зүүн зовхинд шарх, цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Г.Б , Б.Э нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /56-57, 59-60, 61 дүгээр тал/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Э нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Очир” хүнсний дэлгүүрийн орчим иргэн Д.Алтанчимэгтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гарыг нь мушгих түлхэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

             Г.Б  нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Очир” хүнсний дэлгүүрийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Этэй маргалдаж, улмаар нүүр рүү нь мөргөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Алтантуяа, Б.Э, гэрч З.Рэнцэн, яллагдагчаар өгсөн Б.Э, Г.Б  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8753, 8899 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э, Г.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирогч Д.Алтанчимэг, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э, Г.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э, Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Э, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Г.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Г.Б  нарт тус тус оногдуулсан 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Э, Г.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Э, Д.Алтанчимэг нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Г.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ