Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1890

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        12          16                                    2019/ШЦТ/1890  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Б.Булганцэцэг, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ат холбогдох эрүүгийн 1906 06342 2570 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” баарны гадна иргэн Б.Булганцэцэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 06342 2570 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Булганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2019 оны 10 дугаар сарын 19-ний танил Э.Атай уулзаж 11 дүгээр хороололд пиво уусан. Э.Аын нэг найз Төрболд ирсэн. Мөн манай найз охин Урангоо ирсэн. Бид нар пиво ууж сууж байгаад тэр хавьдаа нэг караокед орсон. Тэгээд манай найз охин тэндээсээ явсан. Би Э.А, Төрболд нартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Генерал” бааранд орж үйлчлүүлсэн. Би амархан согтчихдог болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд баарны гадаа Э.Атай муудалцаад Э.А намайг зодож эхэлсэн. Намайг зодож байх үед Төрболд хажууд байсан. Намайг цохиж унагаасан. Босоод ирэхэд нүүр рүү өшиглөсөн. Намайг олон удаа цохиж өшиглөсөн. Бөөн цус нөж болсоны дараа Төрболд салгасан. Тэгээд тэр хоёр намайг таксинд суулгаж өгөөд явуулсан гэх мэдүүлэг /хх 6-7/,

 

Гэрч Э.Төрболдын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн шөнө би Бэлх амралтын газарт барилга дээр ажиллаж байгаад дуусаад байж байх үед найз Э.А нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Тэр эмэгтэйтээ танилцаж Булганцэцэг гэдгийг мэдсэн. Тэгээд хотын төврүү ороод зуун айлын “Начин заан” ломбардын хажуу талын пабад суусан. Тэнд сууж байхад Булганцэцэгийн найз охин ирсэн. Бид дөрөв танилцаад ярьж суугаад пиво ууцгаасан. Тэндээс гараад тэр хавьд байсан караокед орж дахиж пиво ууж дуулсан. Тэндээс гараад Булганцэцэгийн найз охин яваад өгсөн. Булганцэцэг бааранд ормоор байна гээд байсан. Булганцэцэг нилээн халсан байсан. Тэгээд тэндээсээ такси бариад Офицерүүдийн ордноос хойш байрлах “Генерал” нэртэй бааранд орсон. Тэнд дахиж хүний нэг нэг пиво уусан. Тэгээд Э.А бид хоёр “одоо харьцгаая" гэсэн чинь Булганцэцэг уурлаад Э.А руу дайраад түүнийг  алгадсан.   Бас Э.А руу цүнхээ шидсэн чинь ширээн дээр байсан шилэн бакалыг хагалсан. Баарны хамгаалагч юу болж байна гээд хүрээд ирсэн. Тэгсэнээ хамгаалагч Булганцэцэгийг аваад гарсан. Тэгээд Э.А араас нь гараад явсан. Тэгээд би пивоны тооцоо болон хагалсан зүйлийн тооцоог хийсэн. Тэгээд гараад очсон чинь Булганцэцэгийн нүд нь улайсан байсан. Би “яасан юм бэ” гэсэн чинь Э.А “намайг алгадаад, дайраад байхаар нь айлгах гэж байгаад хий өшиглөсөн чинь оночихлоо” гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр такси бариад Булганцэцэгийг суулгаж таксины жолоочид мөнгийг нь төлж явуулсан гэх мэдүүлэг /хх 10/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12860 дугаартай:

Б.Булганцэцэгийн биед 2 нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зовхи, хацар шанаа, хамар, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 12/,

 

Шүүгдэгч Э.Аын мөрдөн байцаалтад өгсөн:

Би тухайн өдөр фээсбүүкээр Булганцэцэгтэй танилцсан. Бид хоёр чатаар харилцаж байгаад уулзахаар болсон. Би Бэлхрүү явах ажилтай байсан. Тэгээд Булганцэцэгт хоёулаа ханиндаа явчихаад ирэхүү гэхэд зөвшөөрсөн. Ингээд Бэлхрүү явчихаад ачаа буулгаад найз Төрболдыг аваад буцаж ирээд бид гурав 11 дүгээр хороололд нэг пабад орж үйлчлүүлсэн. Тэнд бид гурав пиво уугаад сууж байх үед нэг найз нь ирсэн. Ингээд дөрвүүлээ ууж сууж байгаад хажуу талынх нь караокед орж нэг цаг дуулсан. Тэндээс гараад Булганцэцэг “бааранд оръё” гээд байсан. Булганцэцэгийн найз нь караокены гаднаас явчихсан. Тэгээд Төрболд Булганцэцэг бид гурав Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Генерал” бааранд орж үйлчлүүлсэн. Тэнд удаагүй нэг, нэг пиво уучихаад гарсан. Би Төрболдыг явъя гэсэн чинь Булганцэцэг уурлаж орилж хашгичаад эхэлсэн. Би “чи манай найзыг авч явах гээд намайг хөөгөөд байгаа юм уу хаашаа юм” гэсэн. Тэгээд би Булганцэцэгийг түлхэж унагаасан. Булганцэцэгийн нүүр рүү өшиглөсөн. Тэгээд Төрболд намайг болиулж Булганцэцэгийг таксинд суулгаж өгсөн. Уг нь хүргэж өгөх гэсэн боловч орилж дайраад байхаар нь жолоочид нь мөнгийг нь өгөөд явуулчихсан гэх мэдүүлэг /хх 9/,

 

-Гэмтэл хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх 2-3/,

            -Э.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Э.Аын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хавтас хэрэгт хохирлын талаарх 15.210 төгрөгийн баримт авагдсан байх хэдий ч дансаар 1.017.000 төгрөг шилжүүлсэн нь Э.Аын ХААН банкны 5954153900 тоот дансны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хавтаст хэргийн 37 дугаар талд авагдсан шүүгдэгчийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.  

 

Хавтаст хэргийн 9 дүгээр талд хохирогч Б.Булганцэцэг нь “ажилгүй 2 сар гаруй болж байгаа, би сард 600.000 төгрөгийн цалин авдаг. Иймд 1.200.000 төгрөг нэхэмжилж байна” гэж шүүх хуралдаанд мэдүүлж, түүнийг нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

Уг баримтыг шинжлэн судлахад хохирогчийн ажилладаг гэх компаний тодорхойлолт нь тухайн байгууллагын удирдах ажилтаны гарын үсэг буюу зөвшөөрөлгүй, тамгагүй байх ба уг тодорхойлолтод Б.Булганцэцэгийг 2019 оны 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байгааг тодорхойлсон байна. Мөн бусад баримтууд болох цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудад 2019 оны 11 дүгээр сард цалин олгож, НДШимтгэл төлөгдсөн талаарх бичилт хийгдэжээ. Үүнээс дүгнэхэд  хохирогч Б.Булганцэцэг нь 2019 оны 10 дугаарын сарын 16-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд бусдад зодуулан гэмтэж эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийгээгүй хугацааны цалинг нэхэмжилсэн байна. Түүний шүүхэд гаргасан баримтаас тэрээр 2019 оны 11 дүгээр сард ажил хөдөлмөр хийж байсан болох нь тогтоогдож байх атлаа тухайн хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас хохирсон ажилтанд эрүүл мэндийн байгууллага ажлаас чөлөөлсөн өвчний акт олгож эрүүл мэндийн сангаас нөхөн олговор олгодог ба зөрүү үүсвэл холбогдогч этгээдээс гаргуулахаар журмалсан эрх зүйн орчин үйлчилдэг болно.

Хохирогч Б.Булганцэцэгийг эрүүл мэндийн байдлын улмаас ажлаас чөлөөлсөн өвчний акт хэрэгт авагдаагүй ба шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй учир хохирогч болон түүний өмгөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалин 1.200.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэл бүрдээгүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Э.А нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ