| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1585/Э |
| Дугаар | 1619 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Үүрийнтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1619
2019 10 24 2019/ШЦТ/1619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч М.Үүрийнтуяа,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тахилгат овогт О А д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 08674 2073 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.4-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 257 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар оногдуулсан 6 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлсэн О.А эдлээгүй үлдсэн 05 жил 03 сар 01 хоногийн ялаас 2 жилийг өршөөн хасч, 03 жил 03 сар 01 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 383 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар 6 жил 1 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 04 хоногийн хорих ялаас чөлөөлж шийдвэрлэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Тахилгат овогт Одонхүүгийн А /РД:КД88080717/
Холбогдсон хэргийн талаар:
О.А нь согтуугаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Р.Мөнхбаярын толгойн тус газар нь заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Согтуу байсан болохоор болсон явдлын талаар санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Мөнхбаярын өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед манай гэрт зүс таних Аагий 0,5 литрийн “Хараа” архи нэг ундаатай авч ирээд бид 2 ууж байгаад танил Гантөмөрийн гэр рүү явъя гэж Аагий хэлэхэд нь яах гэж байгаа юм гэхэд Гантөмөрийг ална гэж хэлсэн. Би яах гээд байгаа юм гэж хэлээд маргаан болгохгүй гэж бодоод Аагийтай хамт Гантөмөрийн гэрт очсон. Гэтэл ямар ч маргаан болоогүй ба хэвийн байхаар нь би гэр рүүгээ явж байтал нэг хүн хашаа даваад гараад ирсэн. Би тухайн үед Аагий байна гэдгийг таниагүй. Аагий гэнэт миний араас ирээд таг гэх дуу гарсан. Эргээд харахад Аагий гартаа заазуур бариад зогсож байсан ба толгойноос их хэмжээний цус гарч байсан. Би Аагий ахыгаа яаж байгаа юм бэ гэхэд одоо чамайг гүйцээнэ гэж заазуураа далайгаад толгой руу зоож эхлэхэд нь би чи намайг заазуурдаад байхдаа яах вэ дээ гэтэл цээж рүү 2 удаа өшиглөж нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Би Аагийд бол огт гар хүрээгүй ба Аагий пизда би өнөөдөр хүн алмаар байна гэж байсан...
...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үед учирсан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн. Тэрнээс биш А надад учирсан хохирлоос төлж барагдуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 36-37-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12778 дугаартай шинжээчийн:
1. Р.Мөнхбаярын биед дух, зүүн хацар, баруун чамархай, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,
- Шүүгдэгч О.А гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48, 49-50, 54-57, 62 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.А нь согтуугаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Р.Мөнхбаярын толгойн тус газар нь заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Р.Мөнхбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.А д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.А нь согтуугаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Р.Мөнхбаярын толгойн тус газар нь заазуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Мөнхбаярын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12778 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Р.Мөнхбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.А г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч О.А нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдож, нийт 17 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч О.А нь энэ гэмт хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн ирсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх дууссан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тахилгат овогт О А г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар О А г эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.А нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ хэргийн улмаас О.А нь 17 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд О.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ