| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08146/И |
| Дугаар | 6077 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 6077
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2576376 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн УХ67053173 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 410 дугаар байр 39 тоот хаягт оршин суух, Шувуут овогт Нямдоржийн Түмэнжаргалд холбогдох,
157.567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Түмэнжаргал нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дараа төлбөрт Postpaid BC-30K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91928274 дугаарын эзэмшигч болсон. Н.Түмэнжаргал нь гэрээний үүргээ үл биелүүлж 91928274 дугаарын 2014 оны 12 дугаар сарын байдлаарх төлбөр 203.567 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Н.Түмэнжаргалд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Түмэнжаргалаас төлбөрийн үлдэгдэл болох 203.567 төгрөгөөс гэрээний 5.1.8 дах хэсэгт заасны дагуу барьцаа 50.000 төгрөгийг хасч үлдэгдэл 153.567 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 157.567 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Скайтел ХХК-аас хариуцагч Н.Түмэнжаргалд холбогдуулан 157.567 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Н.Түмэнжаргалаас 157.567 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Түмэнжаргал нь бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 157.567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Н.Түмэнжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-тас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5377 төгрөгийн тал хувь буюу 2688,5 төгрөгийг улсын төсвөөс, 2688,5 төгрөгийг хариуцагч Э Н.Түмэнжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ