| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1548/Э |
| Дугаар | 1583 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1583
2019 10 17 2019/ШЦТ/1583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Д.Мөнхцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч З.Х , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Х т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 03317 1786 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, З.Х
Холбогдсон хэргийн талаар:
З.Х нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 4-а хэсэг, 1492 тоотод иргэн Л.Чүлтэмсүрэнг согтууруулах ундаа хэрэглэсэн унтаж байхад нь “Самсунг -Эс-6”,” Самсунг Эс-4” загварын 2 ширхэг гар утас, хуучин өмсөж явсан куртик, пүүз зэргийг хулгайлан авч нийт 696.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Х мэдүүлэхдээ: Тухайн үед Энхчулуун гээд ахындаа Л.Чүлтэмсүрэнтэй пиво уугаад сууж байсан. Тэгээд унтсан хойгуур нь утас, хувцсыг нь авч явсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Чүлтэмсүрэнгийн өгсөн: …2017 оны 10 дугаар сарын 26-ны өглөө ажлаасаа буугаад найз Энхчулууны гэрт очоод хоол идээд Энхчулуун бид 2 пиво уусан. Тэгээд урьд шөнө ажилтай хоносон болохоор ядраад унтсан хойгуур З.Х гэдэг залуу Энхчулууны гэрт орж ирээд миний пүүзийг өмсөөд миний гар утас, гадуур хувцсыг аваад явсан байсан. З.Х миний эд зүйлийг авч байхыг нь Энхчулууны найз охин харсан байсан. Би сэрээд гайхаад З.Х ын гэрт нь очсон чинь З.Х ын эгч нь гээд нэг эмэгтэй гарч ирээд мэдэхгүй З.Х гэртээ ирээгүй гэж хэлсэн. Би 2-3 хоног гэрт нь очиж асуухад гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. “Самсунг Эс-6 Эдж” маркийн шаргал өнгийн гар утас 450.000 төгрөгөөр авч байсан сериал дугаар байхгүй. Миний өмсөж байсан гахай Помпсайт гэдэг пүүз 550.000 төгрөгөөр авч байсан, бор өнгийн илгэн материалтай жакет 150.000 төгрөгөөр авч байсан зэрэг эд зүйлсээ алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,
- “Дамно” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн З.Х ын: ...Би тухайн Энхчулууны гэрт нь би гэрийнхээ төмөр лоомыг авах санаатай очсон. Очиход Энхчулуун Л.Чүлтэмсүрэн, Чинзориг, Энхчулууны найз охин, мөн нэг танихгүй эмэгтэйгийн хамтаар пиво уугаад байцгааж байсан ба намайг ороход Энхчулуун дүү суу гээд пиво өгсөн. Тэгээд л пивыг нь дуустал хамт ууцгаасан. Тухайн үед би нилээд согтсон байсан ба Л.Чүлтэмсүрэн тасраад унтсан, Энхчулуун найз охины хамтаар нөгөө өрөөндөө Чинзориг нөгөө эмэгтэйтэй нь хамт нэг өрөөнд орчихсон тэгээд би Чүлтэмсүрэнгийн дэргэд байсан Самсунг Эс-6 маркийн гар утас, Самсунг Эс-4 маркийн 2 ширхэг гар утас, пүүзээ тайлчихсан байхаар нь пүүзийг нь куртиктай нь аваад гарсан, пүүз, куртикийг өмссөн байсан. Харин 2 утсыг нь танихгүй хүнд худалдаад мөнгийг нь ууж идээд л дуусгасан. Тэгээд дараа нь Энхчулуунтай уулзахад намайг хогийн дүү юм аа, яаж байгаа юм бэ гэж хэлж байсан. Өөр юм яриагүй. Өмнө нь Баянгол дүүргийн шүүхээс 6 үйлдэлтэй хулгайн хэрэгт 2 жил хорих ял сонсож шүүхийн шийдвэр эцэслэн гараад ял эдэлж байгаа, надад Чүлтэмсүрэнгээс эд зүйлийг нь авснаас өөр үйлдсэн хэрэг байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р тал/,
- Шүүгдэгч З.Х ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт /хх-ийн 73, 94-158, 166-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
З.Х нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 4-а хэсэг, 1492 тоотод иргэн Л.Чүлтэмсүрэнг согтууруулах ундаа хэрэглэсэн унтаж байхад нь Самсунг Эс-6, Самсунг Эс-4 загварын 2 ширхэг гар утас, хуучин өмсөж явсан куртик, пүүз зэргийг хулгайлан авч нийт 696.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Чүлтэмсүрэн, яллагдагчаар өгсөн З.Х нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Х ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Л.Чүлтэмсүрэнд шүүхийн шатанд 696.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн байх тул шүүгдэгч З.Х ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 182-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч З.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч З.Х нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 429 дүгээр нээлттэй хорих байгууллагад эдэлж байгаад энэ хэрэгт холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хоригдож байгаа болох нь яллагдагчийн цагдан хорих тухай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 164-166-р тал/
Шүүгдэгч З.Х ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон тооцож эдлээгүй үлдсэн ял нь 07 сар 05 хоног байгаа болох нь Цагдан хорих 461 дүгээр ангийн хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-ийн 166-р тал/
Иймд З.Х ын энэ хэргийн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Х урьд нь бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байх хугацаанд өмнө үйлдсэн хулгайн гэмт хэрэг илэрч ял шийтгэл хүлээж байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар ...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж хуульчилсны дагуу эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар З.Х т 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан З.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаан/ сарын хорих ял дээр өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 05 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар З.Х т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.Х ын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, З. З.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Х т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ