Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2021/0067

 

  “И б ш” сангийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Ч.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор, “И б ш” сангийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Цөмийн энергийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 112 дүгээр зүйлийн 112.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.8, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.7, 21 дүгээр зүйлийн 21.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “И б ш” сангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг болон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, тосны газрын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсээс давж заалдах гомдолдоо: “... “Г” ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан бөгөөд мөн хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрсөн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, нөөцийг нь тогтоон, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн хайгуулын талбайд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан бол;", мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг үйл ажиллагааны онцлогийг харгалзан энэ хуулийн 15.1, 15.2.2, 15.2.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 6-12 сар, энэ хуулийн 15.2.1, 15.3.1, 15.3.2, 15.3.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 1-3 сарын дотор, энэ хуулийн 15.3.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-14 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж тус тус заасан эрхийнхээ дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж кадастрын өргөдлийн бүртгэлийн NM-025616 дугаарт бүртгүүлсэн байна.

Өргөдлийг хянан үзэхэд Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1, 18.9-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан өргөдлийг гаргасан байна. Тодруулбал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6/4146 дугаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн тухай тодорхойлолт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар нөөцийг хэлэлцүүлж, нөөц хүлээн авах тухай 12 дүгээр дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 2/594 дугаар албан бичгээр саналаа ирүүлсэн байна.

“Г” ХХК нь хуульд заасан шаардлага хангасан өргөдөл гаргасан тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

1. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд тулгуурлан ашиглалтын өргөдөл хүсэж материалаа бүрдүүлэн өгдөг бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар ашиглалтын үйл ажиллагаа шууд явуулж эхэлж байгаа мэтээр ойлгож дүгнэсэн нь учир дутагдалтай. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулахын өмнө байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэж Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, уурхайг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хүсэлтийг Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж хүсэлтийн дагуу холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллах гэх мэт шат дараалал бүхий олон хяналт шалгалтын ажил хуулийн дагуу хийгддэг. Иймд ордод олборлолт явуулах тохиолдолд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үр дагавар үүссэн эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

2. Мөн “Г” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн хугацааны техникийн алдааг ...Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т нийцүүлж Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг баримтлан засварлаж 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрчилгээг дахин олгосон.

ГУУКСистем нь хатуу ашигт малтмалд зориулагдсан учир тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 30 жилээр бичигдэн гардаг бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийг хэвлэн гаргах үед механик засвар хийж гаргалгүй техникийн алдаа гаргасан байсныг шүүхийн хэлэлцүүлгийн явцад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын тэмдэглэлд тусгуулан ойлгомжтой тайлбарласан. МV-020634 тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд нийцүүлэн засварлаж шинээр дахин олгосон гэрчилгээг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн байдаг. Орд ашиглах гэрээ нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд үйлчилж хэрэгждэг тусгай зөвшөөрлийн дагавар баримт бичиг юм. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, шаардлага тус бүрд ач холбогдол өгч хууль зүйн учир холбогдлыг зөв тайлбарлаж хууль зүйн үндэслэл бүхий /991-р шийдвэрийн 16-21 хуудаст/ дүгнэлтийг хийсэн байх тул дээрх үндэслэлүүдэд захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгч бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шаардлага тус бүрд нэг бүрчлэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн тайлбарлаж хууль зүйн үндэслэл бүхий /991-р шийдвэрийн 15-26 хуудас/ шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан шүүх хуралдааны тэмдэглэлээр давхар баталгаажиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4. Шүүхийн шийдвэрийг 21-22 дугаар хуудаст “...Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тус компанийг санхүүгийн болон техник, технологийн, ажиллах боловсон хүчний чадавхтай эсэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, үйл ажиллагааны стандартын, цөмийн болон цацрагийн хАшигт малтмалын газараалалт, аюулгүйн ажиллагааны шаардлагыг хангах эсэхийг дүгнэх баримт, мэдээлэл гэж үзэх боломжгүй ...” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, хууль ёсны байх шаардлагыг тус тус хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн өмгөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8. дахь хэсгийн "цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссоос санал авсан байна” гэсэн заалтыг дээр байгууллагууд тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан бүхий л баримтуудыг хянаад хуулиар тогтоосон шаардлагуудыг хангасан эсэхэд үнэлэлт өгч тухайн талбайд, тухайн этгээдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болох эсэхэд дэмжсэн санал авсан байхыг ойлгоно. Гэтэл ийнхүү санал өгөх 3 байгууллагаас 2 байгууллага нь зөвшөөрсөн санал ирүүлээгүй хуулиар тогтоосон зарим шаардлага хангаагүй байна...” гэжээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “...тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ... тус тус санал авсан байна.” гэж заасан байдаг.

Энэхүү заалтаар Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тус тус санал авсан байхаар зохицуулсан бөгөөд энэхүү санал нь дэмжсэн, эсхүл зөвшөөрсөн санал авах хуулийн шаардлагыг тавиагүй, тусгай зөвшөөрөл олгоход “зөвшөөрөл өгөх” эрх хэмжээ дээрх байгууллагуудад хуульчлагдаагүй болно.

Цөмийн энергийн тухай хуулийн 112 дүгээр зүйлийн 112.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ” гээд мөн зүйлийн 112.1.1.-д “цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;” эрхийг хуульчилжээ.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох энэхүү эрхийг хэрэгжүүлэхдээ бусад байгууллагаас зөвшөөрөл, дэмжлэг авах талаарх зохицуулалт байхгүй бөгөөд анхан шатны шүүх төрийн эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажиллагаанд хуулиар тавиагүй нөхцөлийг тавьж маргааныг шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэв тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах, зөвшөөрсөн санал өгсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох талаарх зохицуулалт уг хуульд байхгүй бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын хэрэгжүүлэх эрх хэмжээнд шууд халдаж байгаа асуудал болно.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тухайн саналыг авах, авсан санал дээр үндэслэн бие даан шийдвэр гаргах эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуульд байхгүй шаардлагыг бий болгон “зөвшөөрсөн санал өгөөгүй” гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тус байгууллагуудаас тусгай зөвшөөрөл олгохыг татгалзсан санал бас өгөөгүй бөгөөд тухайн санал нь зөвшөөрсөн эсхүл татгалзсан гэсэн хэлбэртэй байх хуулийн шаардлага тавигдаагүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 дүгээр албан бичгээр “...11 төрлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулсны үндсэн дээр улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг олгох...” талаар мэдэгдсэн,... Энэ дагуу баримт бичгийг хэрхэн шинэчилж боловсруулсан, дахин санал авсан эсэхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүх тодруулахад 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тус газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/394 дүгээр албан бичигт дурдсан баримт бичгийн бүрдлийг хангуулж ирүүлээгүй талаар тайлбар ирүүлжээ...” гэжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 дүгээр албан бичигт “...Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт орших хайгуулын XV1068 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгоход татгалзах зүйлгүй...” гэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 11 төрлийн баримт бичгийг шинэчлэн боловсруулж хянуулсны үндсэн дээр Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийг олгох талаарх нөхцөл нь “улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл” гэсэн тусдаа өөр баримт бичигт хамааралтай заалт юм.

Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. “Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөлгүйгээр цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, экспортлох, импортлох, тээвэрлэх, цацраг идэвхт хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал ашигласны дараа газар нөхөн сэргээхийг хориглоно." гэж заасан нь ашиглах үйл ажиллагаатай холбоотой заалт билээ. “Г” ХХК-ийн тухайд тухайн газар дээр ашиглалтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа бөгөөд хэрэв ашиглалтын үйл ажиллагаа эхлэхээр бол энэхүү дүгнэлтийг гаргуулан авч улмаар хуульд заасан бусад нөхцөл шаардлагыг хангах шаардлагатай болох юм.

Анхан шатны шүүх энэхүү хуулийн заалтыг буруу хэрэглэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай баримт мэтээр тайлбарлан хэрэглэж улмаар тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр болон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 болон Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт энэхүү баримт бичигт байхгүй юм.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Дээрхээс дүгнэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, Тагнуулын ерөнхий газар ч Цөмийн энергийн тухай хуулийн дээрх шаардлагуудыг хангасан гэж үзээгүй буюу “Г” ХХК-д Өлзийт талбайд цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн санал өгөөгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.1.5, 19.1.6, 19.1.7, 19.1.8, 19.1.9, 19.3-т заасан нөхцөл шаардлагыг хангуулсан эсэх..." гэжээ.

“Г” ХХК нь хуульд заасан шаардлагыг хангаж, бүрдүүлэх баримт бичгийг бүрдүүлсэн талаарх нөхцөл байдлыг нотолж байгаа хэрэгт авагдсан баримтуудыг дурдвал:

3.1 “Үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах ерөнхий шаардлагыг хангасан эсэх, Байгаль орчны болон биологийн нөхөн сэргээлт хийх технологийн болон санхүүгийн чадавхтай эсэх,

Үйл ажиллагааны танилцуулга, хэрэгт авагдсан болно. Энэхүү танилцуулгад компанийн ерөнхий танилцуулга, санхүүгийн мэдээллийг тусгасан байдаг. Анхан шатны шүүх энэхүү баримтыг Тагнуулын ерөнхий газарт дахин санал авахдаа гаргаж өгсөн нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй бөгөөд уг мэдээллийг хүлээн авсан байгууллагаас өөр ямар нэгэн нэмэлт мэдээлэл шаардаагүй юм. Санхүүгийн чадавхтай эсэх асуудлыг анхан шатны шүүх ямар баримтаар тогтоовол хангалттай гэж үзэх, мөн одоогийн өгсөн баримт ямар үндэслэлээр хангалтгүй байгаа, зэрэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

3.2 Техникийн болон аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан эсэх, Эрхлэх үйл ажиллагаанд холбогдох аюулгүй ажиллагааны олон улсын стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй эсэх

Тус компаниас Алара хөтөлбөр: Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм 2011 онд баталсан. Энэхүү баримтыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн болно. Анхан шатны шүүх энэхүү баримтыг чухам ямар үндэслэлээр хангалтгүй гэж үзсэн талаарх ямар нэгэн үндэслэл тайлбар дурдаагүй байна.

3.3 Үйл ажиллагаа эрхлэх газар нь цөмийн болон цацрагийн Ашигт малтмалын газар хязгаарлалт, аюулгүй стандартын шаардлага хангасан талаарх төрийн захиргааны байгууллагын үнэлгээ хийлгэсэн эсэх

Энэхүү үнэлгээг дотор талбайд олборлолт явуулахад хийдэг бөгөөд манай компанийн тухайд гадна талбайд үйл ажиллагаа явуулна.

3.4 Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ буюу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоосон үнэлгээг хийлгэж батлуулсан эсэх

Цөмийн энергийн тухай хуульд болон Ашигт малтмалын тухай хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэнэ гэж заасан байдаг. Харин энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан “Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ” гэсэн зохицуулалт огт байхгүй юм. Иймээс анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. “Г” ХХК-ийн хувьд Байгаль орчны ерөнхий үнэлгээ 2011/D075 хийлгэсэн болно.

3.5 Цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө гаргаж батлуулсан эсэх

Энэхүү баримтыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргаж өгсөн баримтуудад “Цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө”," Цацрагийн ослын талаар мэдээлэх”, “Тархах үед авах яаралтай арга хэмжээний төлөвлөгөө” зэрэг баримтууд авагдсан болно.

3.6 Цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд дотоод хяналт тавих албатай эсэх

2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Г” ХХК-ийн байнгын ажиллагаатай цацрагийн хяналтын ажлын хэсэг томилох тухай тушаал хэрэгт авагдсан болно.

3.7 Болзошгүй цөмийн болон цацрагийн осол, сүйрлийн хор уршгийг арилгахад шаардлагатай нөөц боломж, хүч хэрэгслийн танилцуулгатай эсэх, эрх бүхий этгээдээс олгосон цацрагийн хэмжилтийн багаж хэрэгсэлтэй эсэх

Тус компанийн зүгээс ашиглах багаж тоног төхөөрөмжийн жагсаалтыг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргаж өгсөн бөгөөд уг архивын баримтуудад авагдсан болно. Эдгээр жагсаалтад анхан шатны шүүх ямар багаж тоног төхөөрөмж дутуу, ямар багаж тоног төхөөрөмж нэмэлтээр шаардлагатай талаар дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр хангалтгүй гэж үзсэн болох нь тодорхойгүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ буюу уран олборлох төсөл хэрэгжүүлэх явцад байгаль орчинд, цаашлаад хүний эрүүл мэнд, мал амьтанд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоолгох үнэлгээг зайлшгүй хийлгэсэн байх, энэ үнэлгээгээр тавигдсан шаардлага, арга хэмжээг хэрэгжүүлэх технологийн болон санхүүгийн, ажиллах хүчин, техникийн чадавх, туршлагатай болохоо нотолсон байх ёстой. Гэтэл цацраг идэвхт уран ашиглах тусгай зөвшөөрөл хүсэхдээ байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар 2011 онд батлуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг зөвхөн хавсаргаж өгсөн, үүнээс өөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй талаар гуравдагч этгээд маргаагүй, үүнийг нь хариуцагч Цөмийн энергийн тухай хуулийн 19.1.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм... Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн эсэх нь, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үр дагавар үүссэн эсэх нь, тусгай зөвшөөрөл хүсэхэд хуулиар тавигдсан шаардлагыг хэрэгжүүлээгүйг зөвтгөхгүй..." гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5. “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах;" эрхтэй байхаар заасан. Өөрөөр хэлбэл тухай хайгуулын үйл ажиллагаанд зориулан Байгаль орчны ерөнхий үнэлгээг хийлгэсэн бөгөөд харин ашиглалтын үйл ажиллагаа явуулахад Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4. "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж хэлнэ." гэж заасан байдаг. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/6 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах журам” одоо хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэхүү журмын хүрээнд уурхайг ашиглах ажиллагаа явагдана.

Анхан шатны шүүх “...Одоогоор ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэн эсэх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үр дагавар үүссэн эсэх нь тусгай зөвшөөрөл хүсэхэд хуулиар тавигдсан шаардлагыг хэрэгжүүлээгүйг зөвтгөхгүй..." гэж дүгнэсэн.

Байгаль орчны ерөнхий үнэлгээнд зааснаас өөр үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл эзэмшигч явуулсан бол энэ нь үнэлгээ хийгдээгүй ажиллагаа явуулсан зөрчил болох бөгөөд “Г” ХХК-ийн тухайд хайгуулын үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа тухайн талбайд явуулаагүй нь Байгаль орчны ерөнхий үнэлгээнд заагдсан нөхцөл журмыг зөрчөөгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Цөмийн энергийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т “цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн техник эдийн засгийн үндэслэл, хяналт шалгалтын үр дүнг харгалзан 20 жил хүртэл хугацаагаар олгох”-оор хуулиар хугацааны дээд хязгаарыг ийнхүү тогтоосон байхад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо 30 жилээр бичиж олгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч залруулж тусгай зөвшөөрлийг гэрчилгээг шинэчлэн олгосон ч энэ нь хариуцагчийн тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг бүхэлд нь зөвтгөх, залруулсан гэж үзэх үндэслэл болохгүй...".

Маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын тушаалд “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосугай...” гэж заасан байдаг бөгөөд тухайн тушаалд тусгай зөвшөөрөл дээр бичигдэх хугацааг огт дурдаагүй байдаг.

Энэхүү тушаалын биелэлтийг хангаж тусгай зөвшөөрлийг хэвлэн гаргахад алдаа гарсан талаар хариуцагч тайлбарласан бөгөөд тушаалыг зөвтгөх ямар нэгэн шаардлага байхгүй юм.

6. Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан орд ашиглах гэрээ байгуулах”-аар, 29.4-т “энэ хугацаанд орд ашиглах гэрээ байгуулаагүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”-оор тус тус заасан байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 512 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 60 хоногийн дотор багтааж орд ашиглах гэрээ байгуулаагүй, орд ашиглах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан, өөрөөр хэлбэл энэ үндэслэл нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж шүүх үзлээ. Учир нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бичиж олгосон хугацааг тусгай зөвшөөрлийг олгосон хугацаанд тооцох боломжгүй, тусгай зөвшөөрлийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгосон болно...” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;" ойлгохоор заажээ. Харин Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 "Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна.” гэж заасан байдаг.

Маргаан бүхий захиргааны акт болох 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын тушаалд “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосугай...” гэж заасан бөгөөд уг шийдвэрээр “тусгай зөвшөөрөл олгох” тухай асуудлыг шийдвэрлэсэн болно. Энэхүү шийдвэр гарснаар “ашиглах эрх” үүсэхгүй бөгөөд тусгай зөвшөөрөл гэдэг нь дээрх Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д хуульд заасны дагуу “ашиглах эрх” олгож буй баримт бичгийг ойлгодог. Өөрөөр хэлбэл энэ шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд шийдвэр нь өөрөө тусгай зөвшөөрөл биш, уг шийдвэр гарснаар тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэх хууль зүйн ямар ч боломжгүй юм.

Гэтэл анхан шатны шүүх хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээрх тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

   Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулиар тогтоосон шаардлагуудыг хангуулаагүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газраас санал аваагүй, мөн орд ашиглах гэрээг хуульд заасан хугацаанд багтааж байгуулаагүй...", "... ийнхүү санал өгөх 3 байгууллагаас 2 байгууллага нь зөвшөөрсөн санал ирүүлээгүй... зөвшөөрсөн санал аваагүй байдаг”, “...Дээрхээс дүгнэвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч, Тагнуулын ерөнхий газар ч Цөмийн энергийн тухай хуулийн дээрх шаардлагуудыг хангасан гэж үзээгүй буюу цацраг идэвхт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн санал өгөөгүй байна” хэмээн илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №2/594 дугаар Санал өгөх тухай албан бичгээр “...тусгай зөвшөөрлүүдийг олгоход татгалзах зүйлгүй” хэмээн санал өгсөн нотлох баримт, Тагнуулын ерөнхий газрын  2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №01/546 дугаар албан бичиг болон хэрэгт нууцын журмаар авагдсан нотлох баримтууд болох Тагнуулын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №01/546 дугаар албан бичигт хариу өгсөн Гуравдагч этгээдийн албан бичиг, Ашигт малтмалын газар 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №5/2830 дугаар албан бичиг, Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газарт 2 дахь удаагийн санал өгсөн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг хоорондын уялдааг харгалзан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас ийнхүү илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2. Тухайлбал Анхан шатны шүүх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №2/594 дугаар Санал өгөх тухай албан бичгийн агуулгад бодит дүгнэлт хийлгүйгээр гуйвуулан тайлбарласан. Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд тодорхой зохицуулсан ашигт малтмал ашиглах эрх олгож буй баримт бичиг буюу тусгай зөвшөөрөл олгох процесс ажиллагаа, тэрхүү эрхийн баримт бичгийн үндсэн дээр ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагаа буюу ашигт малтмалыг ашиглах үйл ажиллагааг эхлүүлэхэд тавигдах процесс ажиллагааг тус тусад нь шат дараалалтай үргэлжлүүлэн хийхээр зохицуулсны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх албан бичгээр Гуравдагч этгээдэд Тусгай зөвшөөрлийг олгоход татгалзах зүйлгүй болохыг тодорхой илэрхийлж, дараагийн шатны үйл ажиллагаа болох ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлэх үедээ тавигдах  шаардлагыг хангаж ажиллахыг сануулсан байдаг. Түүнчлэн AMГ болон Гуравдагч этгээдээс шаардлагатай материалуудыг хавсарган албан бичгээр гаргаж өгсний дараа Тагнуулын ерөнхий газраас Ашигт малтмалын газарт ирүүлсэн 2 дахь удаагийн Санал өгөх албан бичгээр татгалзал үгүй болохыг илэрхийлж, Ашигт малтмалын газар нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэн, Гуравдагч этгээдэд Тусгай зөвшөөрлийг олгох ажиллагааг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий Тусгай зөвшөөрлийг олгоход санал авах шаардлагатай 3 байгууллага бүгд санал хүргүүлэх албан бичгээр Тусгай зөвшөөрлийг олгоход татгалзал үгүй болохоо илэрхийлж саналаа ашигт малтмалын газарт өгсөн байна.

3. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №512 дугаар Ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр, энэхүү шийдвэрийн үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Гуравдагч этгээдэд олгосон Тусгай зөвшөөрлийг гэрчилгээ, ийнхүү Тусгай зөвшөөрөл олгосноос 60 хоногийн дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан Орд ашиглах гэрээг Анхан шатны шүүх үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногийн дотор багтааж орд ашиглах гэрээ байгуулаагүй...өөрөөр хэлбэл энэ үндэслэл нь тусгай зөвшөөрлийг энэ үндэслэл нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно...” хэмээн мөн л илтэд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуульд ялгаатай байдлаар тодорхойлсон, эрх бүхий этгээд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах, тухайн шийдвэрийн үндсэн дээр тусгай зөвшөөрлийг олгох гэсэн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “..тусгай зөвшөөрөл олгосноос хойш 60 хоногт багтаан түүнийг эзэмшигчтэй орд ашиглах гэрээ байгуулна” хэмээн ямар нэгэн салаа утгагүйгээр тодорхой зохицуулсан болно.

Анхан шатны шүүх “шүүх нотлох” зарчмыг хэрэгжүүлээгүй

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20- ний өдрийн 149 дугаар магадлал болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Анхан шатны шүүх Нэхэмжлэлд дурдагдсан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулсан, орон нутгийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөө үзүүлж буй, усанд цацрагийн идэвхжил өндөр байгаа гэх үндэслэлүүдийг шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0911 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэвч Анхан шатны шүүх Гуравдагч этгээд болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн, хэрэгт хавсаргаснаас өөр баримт байхгүй хэмээн тайлбарласан гэх үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг мөн л хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болгон дурдагдсан цацраг идэвхт ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг Гуравдагч этгээд явуулсан эсэх, орон нутгийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлж буй эсэх, орон нутгийн усанд цацрагийн идэвхжил өндөр байгаа эсэх, тэдгээр нь Гуравдагч этгээдийн үйл ажиллагаатай холбоотой эсэх зэрэг асуудлыг тодруулахын тулд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, үзлэг хийн тэмдэглэл үйлдэх зэрэг нотлох баримт цуглуулах боломжит ажлуудыг Анхан шатны шүүх огт хэрэгжүүлэлгүйгээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3, 121.3.4 дэх хэсэгт заасны дагуу Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж буйг энд дурдах нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлийг харгалзан үзсэний үндсэн дээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор магадлан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан үйл баримтыг бүрэн тогтоож, дүгнэлт хийгээгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “И б ш” сан “... хуульд заасан шаардлагуудыг хангуулаагүй ураны ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус үндэслэлээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт 10665,22 гектар Өлзийт талбайд цацраг идэвхит ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаар шийдвэр болон ашигт малтмалын ашиглалтын MV-020634 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх ёстой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг хангасан байхыг шаарддаг.

Энэхүү хэргийн тухайд урд нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 911 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 149 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолууд гарч байжээ.

Улсын дээд шүүхийн 2020 оны 188 дугаар тогтоолд:Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.2-т “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах ажиллагаа явуулна” гэж заасан, хариуцагчаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл байгаагүй гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Х/858 дугаар албан бичгээр “Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд 1017Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хайрхан, 1021Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Хараат, 1018Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Гурвансайхан, 1068Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий Өлзийт зэрэг цацраг идэвхт ашигт малтмалын орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгох асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ийг Ашигт малтмалын газрын даргад даалгажээ. Энэ дагуу захиргааны байгууллага ямар ажиллагаа явуулсан, хууль тогтоомжийн дагуу яаж шийдвэрлэсэн, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан нь тодорхойгүй байна” гэжээ. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн баримт бичгийн бүрдэл талаас нь дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүхээс магадлал, тогтоолд заасны дагуу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулсан байна. Гэхдээ нэхэмжлэл гаргах эрхтэй байх гэдэг нь гаргасан нэхэмжлэл бүр нь үндэслэлтэй байна гэсэн ойлголт биш. Иймд нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан “хүрээлэн байгаа орчин, нийтийн эрүүл мэнд”-д сөрөг нөлөөтэй эсэх талаар зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай. Гэвч энэ талаар хангалттай дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд заасан “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2/594 дүгээр албан бичгээр “Г” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгоход татгалзах зүйлгүй. Цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Г” ХХК-д олгосон тохиолдолд Цөмийн энергийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах Улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрлийн дагуу бичиг баримтыг шинэчлэн боловсруулж, хянуулсны үндсэн дээр олгоно гэж заасан, улмаар энэ дагуу баримт бичгийг хэрхэн шинэчилж боловсруулсан, үүнийг захиргааны байгууллага яаж хянасан тухай баримт хэрэгт байхгүй байна” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх биелүүлж холбогдох нотлох баримтыг аваагүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи ашиглах шаардлагыг биелүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.2-т “тусгай зөвшөөрөл хүсэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг бүрэн хангасан байх” гэж заасан, гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Цацрагийн хэмжилтийн протокол, дүн гэх хэмжилтэд “Г” ХХК-ийн Дэлгэрхаан багийн нутаг дахь цооногт цацрагийн хэмжилт хийхэд тунгийн чадал 0,19-0,34, гадаргуугийн бохирдол Rn-226 гэж дүгнэсэн, нэхэмжлэгчээс хайгуулын үйл ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн гэж маргасан. Энэ талаар мөн анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 06/6629 дүгээр албан бичгээр ““Г” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян, Түвшинширээ сумдын нутагт орших Өлзийт талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тухай материал тус яамны архивын мэдээллийн санд байхгүй байна гэжээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр арын 03-ны өдрийн 06а/6085 дугаар албан бичигт “Г” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан сумын нутагт орших 1017Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2009/J156 дугаартай байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргуулж, нарийвчилсан үнэлгээг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллага “Э т” ХХК-д гүйцэтгүүлэн 2010 онд тус яамаар батлуулсан байна” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан, дээрх байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэг асуудлаар хоёр өөр утга бүхий нотлох баримт ирүүлж байхад, эдгээр нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Г” ХХК-д хүргүүлсэн 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6/4146 дугаар албан бичигт “Танай компанийн боловсруулж ирүүлсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумдын нутагт Өлзийт нэртэй газарт орших 1068Х тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацраг идэвхт ашигт малтмалын эрэл хайгуул хийх төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ хийв. Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр уг төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ. Эндээс Ерөнхий үнэлгээний дүгнэлтээр шаардсан нөхцөл болзлыг хэрхэн хангасан тухай баримт хэрэгт байхгүй байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-т “хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх”, 28.4.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.2 /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулах/, 37.2, 38.1/байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах/, 48.8 /байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлэх/-т заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2010, 2011 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан боловч түүнээс хойш эрэх, хайх ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөл эзэмших үүргээ хэрхэн биелүүлсэн нь тодорхойгүй, захиргааны байгууллага ямар баримтад үндэслэн 2016 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь тодорхойгүй байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тиймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц, Д.Э нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                         

 

ШҮҮГЧ                                              А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР