| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1599/Э |
| Дугаар | 1639 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 1639
2019 10 28 2019/ШЦТ/1639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Я.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эмч овогт Я Ст яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05636 2238 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Я.С нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ц.Жавзандуламтай маргалдаж, улмаар баруун гарыг нь мушгиж дарсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.С мэдүүлэхдээ: Тус өдөр ажлаа тараад гэр рүү явж байхдаа 2 пиво аваад сааданд уусан. Тэгээд эхнэрийнхээ ажил дээр очоод тамхи татсан чинь “тамхиа хая” гэхээр нь тамхиа хаясан. “Утсаа өгчих, яриадахъя” гээд намайг хэлтэл утсаа өгөхгүй гэхээр нь гарыг нь мушгичихсан юм гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Жавзандуламын өгсөн: ...Би 2019.09.16-ны өглөө манай нөхөр С ажилдаа явсан бөгөөд би араас нь ажилдаа явсан. Ингээд би хоногийн буюу 24 цагийн ажил хийдэг учраас ажил дээрээ байж байсан. Тэгээд байж байтал шөнийн 01 цагийн үед манай нөхөр манай ажил дээр согтуу ороод ирсэн бөгөөд тамхи татаад ороод ирсэн. Тэгэхээр нь бичи наад тамхиа боль, гадаа гараад тат, бусад хүмүүсийг татуулдаггүй байж чамайг татуулахгүй гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр тэр тамхиа татаж дуусгачихаад дахиад нэг бүтэн тамхи гаргаж ирээд асаасан. Тэгэхээр нь би тамхийг нь булаагаад авчихсан. Тэгтэл манай нөхөр надад уурлаад бид хоёрын дунд хэрүүл үүссэн. Тэгснээ гэнэт уурлаад зааланд байсан хогийн сав өшиглөсөн бөгөөд надад авч өгсөн утсаа буцааж авна гэсэн. Тэгэхээр нь би утсаа өгөхгүй гэж хэлтэл надаас булааж авах гээд байсан бөгөөд бид хоёр зууралцсан. Ингээд зууралцаж байхад манай нөхөр үүдний шилэн хаалга руу дөхөөд байсан. Тэгэхээр нь би шилэн хаалга хагалчихаж магадгүй гэж бодоод хаалганаас холдуулсан. Тэгтэл надаас дахин утсаа булааж авах гээд дайраад байсан бөгөөд миний гарын хурууг эвгүй мушгичаад дарчихсан. Тэгээд гар эвгүй болсон бөгөөд би утсаа нөхөртөө алдчихсан. Тэгээд тэр хооронд дахин хэрүүл хийж байгаад би утсаа гарнаас булаагаад авчихсан. Тэгтэл агсам согтуу тавиад ажлаар нэг орилж чарлаад “би галзуурчихсан шүү дээ” гээд орилоод байсан. Ингээд хэсэг байж байснаа шалан дээр хэвтээд унтаад өгчихсөн...
...Надад шүүх эмнэлэгт үзүүлсэн болон эм авсан баримт байгаа ч би хохирол нэхэмжлэхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй учраас тус хэргийг хялбаршуулсан журмаар хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 37-39 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ганхуягийн өгсөн: ...Би 2019.09.16-ны өдөр би Гангар ордын 72-р байранд үүрэгт ажлаа хийгээд хамгаалагч хийгээд байж байсан. Ингээд шөнийн 01 цагийн үед гаднаас нэг үл таних залуу орж ирсэн бөгөөд зааланд тамхи татаад байсан. Тэгэхээр нь би болон Жавзандулам тамхи татаж болохгүй гэж хэлсэн. Ингээд ажиглаад байтал Жавзандуламын нөхөр болж таарсан бөгөөд тус залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ингээд Жавзандулам нөхөртөө чи гэртээ харь аа, энд тамхи татдаггүй гэж хэлсэн бөгөөд тэр хоёр маргалдаж эхэлсэн. Ингээд тус залуу Жавзандуламын утсыг авах гээд байгаа юм шиг байсан. Утсаа булаацалдаад орилж чарлаад байсан. Ингээд хэсэг тэнд зууралдаад хэрэлдсэн. Тэгж байгаад нөхөр нь газар хэвтчихээд босохгүй байхаар нь би дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11228 дугаартай:
1. Ц.Жавзандуламын биед баруун сарвууны ядам хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Номинцэцэг гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Я.Сийн: ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тарчихаад би гэр рүүгээ явж байхдаа 2 пиво ууж байгаад гэрийн наад талын дэлгүүрт ахин 1 пиво аваад уугаад эхнэрийн ажил дээр очсон юм. Халамцуу эхнэрийнхээ ажил руу ороод эхнэрийнхээ утсыг өгөөч гэхэд утсаа өгөхгүй болохоор нь гарыг нь мушгитал гар нь гэмтчихсэн. Хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Би эхнэртэйгээ эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал/,
- Шүүгдэгч Я.Сийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43, 44, 46 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Я.Сийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ц.Жавзандуламтай маргалдаж, улмаар баруун гарыг нь мушгиж дарсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Я.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Ц.Жавзандулам нь хохирлын талаар маргаангүй шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Я.Ст холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Я.С нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эхнэр Ц.Жавзандуламтай маргалдаж, улмаар баруун гарыг нь мушгиж дарсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Жавзандулам, гэрч Т.Ганхуяг, яллагдагчаар өгсөн Я.С нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11228 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ц.Жавзандулам нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, хохирлын талаар маргаангүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Я.Сийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ./хх-ийн 53 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Я.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эмч овогт Я С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я С ийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Я.С т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Я.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Я.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ