| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1554/Э |
| Дугаар | 1587 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1587
2019 10 18 2019/ШЦТ/1587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Б.Д , түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан ҮД:07-21 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Д од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04911 1967 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Д
Холбогдсон хэргийн талаар:
Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13-263 тоотод Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: Намайг өглөө ээжийндээ өөрийн гэрийн тавилгыг зөөх гэж очиход Б.Хонгорзул байж байсан. Тавилгаа зөөгөөд явж байтал Б.Хонгорзул ээжтэй хэрэлдээд “та нар ядуу болно, гуйлгачин болно, би баян болно” гээд байхаар нь би уурандаа түүнийг 2 алгадсан. Хохирогчийн шүд намайг алгадсанаас болж эмтрээгүй, өөрөө чихэр, шоколад идсээр байгаад үүдэн хоёр шүд нь зайтай болчихсон. Тэгээд би шүдээ эмчлүүлээрэй гээд 1.200.000 төгрөг өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Хонгорзулын өгсөн: ...Орой 23 цаг гэж тардаг, гэр рүүгээ орох гэсээр байтал их оройтдог. Сүхбаатарын талбай хүртэл алхаад тэндээсээ таксинд суугаад гэртээ алхаж ирэхэд шөнийн 02 цаг болчихдог. Өглөө ажил руугаа 10 цаг гээд гардаг. Хагас бүтэн сайн өдрүүдэд ажилтай байдаг. Намайг унтаж байхад авга ах Б.Д орж ирээд манай гэрийн тавилганаас зөөлцөөд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би босоод зөөлцсөн. Тэгсэн чинь Дэлгэрцогт ах “чи наадхаа зурлаа, эвтэйхэн зөөгөөч” гээд уурлаад байсан. Чи өөдөөс юундаа ярвайгаад байгаа юм, наадхаа боль гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би үгүй ээ ах аа, би ядраад байна, нойр муутай хоносон гэсэн чинь чиний наад ядрах чинь чиний асуудал, ажил хийж байна гээд томроод байгаа юм уу гээд миний нүүрний баруун тал руу гараараа цохисон. Тэгээд би хойшоо гэрийн тавилга налаад унасан. Тэгсэн чинь нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би уурлаад та одоо яаж байгаа юм бэ, би ажил төрөл хийдэг шүү дээ, одоо хүүхэд биш шүү дээ гэсэн чинь Дэлгэрцогт ах чи одоо юу гээд хуцаад байгаа юм бэ гээд буцаж ирээд миний баруун талын шүд рүү цохисон. Миний нүүр өвдөөд толгой манараад явчихсан. Миний үснээс чирээд одоо чи зайл, амиа хорлоод үхээрэй за юу гээд байсан...
...Б.Д ах намайг тавилга зөөж байгаад маргалдаад намайг цохисон юм. Надад баримт байхгүй. Би Б.Д ахаар шүдээ эмчлүүлчихвэл надад өөр гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 6-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.Д ын: ...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10145 дугаартай шинжээчийн:
1. Б.Хонгорзулын биед зовхины цус хуралт, шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Д ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29, 31, 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13-263 тоотод Б.Хонгорзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Хонгорзул, яллагдагчаар өгсөн Б.Д нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10145 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Хонгорзул нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Д нь хохирогчид 1.200.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Д од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ