| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2016/00223/И |
| Дугаар | 230 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Амарцэцэгт холбогдох орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Амарцэцэг нь орон сууцныхаа төлбөрөө 2015 оны 11-р сард 36000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр нийт 363920 төгрөгийг Л.Амарцэцэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Амарцэцэг нь орон сууцныхаа төлбөрөө 2015 оны 11-р сард 36000 төгрөг төлөөд өөр огт төлөөгүй. Манай байгууллага хүйтэн усыг сард нэг хүнээс 2700 төгрөгөөр бодож авдаг. Халуун усыг өвлийн улирал буюу 11 сараас 04 сарыг дуустал нэг хүний 1300 төгрөгөөр, зуны улирал буюу 05 сараас 10 сарыг дуустал нэг хүний 1800 төгрөгөөр бодож авдаг. Л.Амарцэцэгийнх 4 ам бүлтэй гэж манай байгууллагад анх бүртгүүлсэн байсан. Тэгээд халуун, хүйтэн усыг 4 хүний тоогоор бодож гаргасан байгаа. Ам бүл нь хасагдаад 2 ам бүлтэй болсон бол хэрэглэгч өөрөө манай байгууллагад ирж мэдэгдэх үүрэгтэй. Бид нар хэзээ ам бүл нь хасагдсан тухай мэдэхгүй. Халуун, хүйтэн усны төлбөрийг 2 хүнээр тооцож бодох үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны үлдэгдэл төлбөр нийт 363920 төгрөгийг хариуцагч Л.Амарцэцэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р баг 39-р байрны 17 тоотод оршин суух ЖЯ70040366 регистрийн дугаартай Хатигин овогт Лхасүрэнгийн Амарцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс нэхэмжилсэн 363920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. 363920 төгрөгийг 4 ам бүлээр бодож гаргасан байна. Манайх ам бүл 2. Охин О.Уугантуяа нь зургаан жилийн өмнө оюутан болоод явсан. Орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийг 2 ам бүлээр тооцож төлөхийг хүсэж байна. 363920 төгрөгөөс 90000 төгрөгийг хасаад 273920 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Л.Амарцэцэгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Л.Амарцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.
2016 оны 09 сарын 26-ны өдрийн 699 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг товлож, 2016 оны 09 сарын 27-ны өдөр хариуцагч Л.Амарцэцэгт шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн байна.
Хариуцагч Л.Амарцэцэг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимэгтуяа нь “хариуцагч Л.Амарцэцэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд хариуцагч Л.Амарцэцэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр нь хариуцагч Л.Амарцэцэгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй, хариуцагч Л.Амарцэцэг нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Л.Амарцэцэгийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 15-р талд байгаа “хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбар нь нотариатчаар гэрчлүүлээгүй хуулбарласан баримт мөн хавтаст хэргийн 16-р талд байгаа Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн зохион байгуулагчийн албан бичиг нь огноо, дугаар байхгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн зохион байгуулагч нь хүн амын өрхийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгөх эрхгүй этгээд байна.
Хариуцагч Л.Амарцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хариуцагч Л.Амарцэцэг нь “манайх ам бүл 2. Охин О.Уугантуяа нь зургаан жилийн өмнө оюутан болоод явсан. Орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөрийг 2 ам бүлээр тооцож төлөхийг хүсэж байна. 363920 төгрөгөөс 90000 төгрөгийг хасаад 273920 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч ам бүл нь хэзээ 2 болсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Амарцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн хариуцагч Л.Амарцэцэгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн
82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,
116, 118-120-д тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Амарцэцэгээс орон сууцны халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 363920 /гурван зуун жаран гурван мянга есэн зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 11568 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Л.Амарцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 11568 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ