| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1610/Э |
| Дугаар | 1652 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1652
2019 10 31 2019/ШЦТ/1652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Луу гүн овогт Б Б т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03127 2248 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын хойд хаалган дээр иргэн М.Мөнх-Оргилтой маргалдаж, түүний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар өмнө нь ярьсан зүйл үнэн зөв тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнх-Оргилын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойш би өөрийн ах Бямбасүрэн, эхнэр Отгонтуяа, охин Ану-Үжингийн хамт “Өгөөмөр” зах хаахаас өмнөхөн машиндаа сэлбэг үзээд явж байсан чинь манай эхнэр, охин хоёр дэлгүүр ороод юм аваадахъя гээд захаас гараад явсан. Би ахтайгаа хамт зах дотор үлдээд сэлбэг хайгаад явж байсан чинь удаагүй 10 орчим минутын дараа манай эхнэр над руу залгаад охин бид хоёр “Өгөөмөр” захын хойд хаалган дээр машинд мөргүүлчихлээ гэж ярихаар нь би очоод жолоочтой нь уулзаад юу болсон бэ, яагаад араа харсангүй вэ гээд яриад зогсож байсан чинь хажуунаас миний танихгүй махлаг, өндөр биетэй залуу ирээд намайг заамдаж нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод бээлийтэй гараараа нүдийг чинь ухна гээд нүд рүү хуруугаа хийгээд чамайг алчихъя гээд амьсгаа авахуулахгүй боогоод намайг зодсон. Тэнд байсан хүмүүс тэр залууг надаас салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд манай эхнэрийг машинаараа мөргөсөн хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед миний баруун нүд бүрэлзээд улайж нулимсгарч, толгой тархи байнга дүүрч өвдөж байсан. Одоо энэ гэмтлүүд сайн эдгээгүй толгой байнга өвдөж өвчин намдаах эм ууж байгаа. Бас нүд жоохон аргаад зүгээр болохгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Отгонтуяагийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн нөхөр Мөнх-Оргил, төрсөн ах Бямбасүрэн, охин Ану-Үжин нарын хамт сэлбэг авах гээд “Өгөөмөр” зах дээр явж байгаад манай охины ам цангаад байна гэхээр нь би захын ар талын хаалганы хажууд байдаг дэлгүүр орж ундаа авч өгчихөөд эргээд орох гэж байсан чинь охин бид хоёрыг машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би нөхөр рүүгээ утсаар залгаж хэлээд манай нөхөр, охин бид хоёр дээр ирээд удаагүй байж байсан чинь гэнэт “Өгөөмөр” захаас танихгүй хүн гарч ирээд манай нөхрийн нүүр рүү гараа атгаж байгаад цохиод авсан. Тухайн үед би машинд мөргүүлсэн байсан болохоор босч очиж чадаагүй хараад сууж байсан. Тэгээд тэр хүн манай нөхрийг заамдаж аваад толгой болон нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж аваад нүд рүү нь гараа хийж ухаад татаад байсан. Тэрхэн хугацаанд тэр хүн манай нөхрийг зөндөө зодож цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс болон намайг дайрсан машины жолооч цагдаад дуудлага өгсөн. Тэр хүн манай нөхрийг заамдаж боогоод дандаа гараараа нүүр рүү нь нэг удаа, толгойны хоёр тал руу нь 5-6 удаа цохиж хоёр нүд рүү нь бээлийтэй хуруугаа хийгээд татаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5861 дугаартай:
1. М.Мөнх-Оргилын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, духны баруун хэсгийн арьсан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34, 35 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Бын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын хойд хаалган дээр иргэн М.Мөнх-Оргилтой маргалдаж, түүний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.Мөнх-Оргилд 200.000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” захын хойд хаалган дээр иргэн М.Мөнх-Оргилтой маргалдаж, түүний нүүр рүү 2-3 удаа гараараа цохиж, хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнх-Оргил, гэрч Ж.Отгонтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5861 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч М.Мөнх-Оргил нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 120.000+29.300=149.300 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба хохирогч М.Мөнх-Оргил нь хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Луу гүн овогт Б Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Быг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ