| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1529/Э |
| Дугаар | 1588 |
| Огноо | 2019-10-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 1588
2019 10 18 2019/ШЦТ/1588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд ҮД:27-41,
хохирогч Ж.Жавхлантөгсийн өмгөөлөгч Ж.Батхуяг ҮД:27-91,
иргэдийн төлөөлөгч А.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03570 1756 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.Б
Холбогдсон хэргийн талаар:
М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” хотхоны 102 дугаар байрны 23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: Тус өдөр бид эхний ээлжинд 2 шил архи уучихаад байж байтал Жавхлантөгс усанд ороодохъё гэсэн. Би ч бас “архи үнэртээд байна” гээд Жавхлантөгсийн хувцас хунарыг нь угааж өгсөн. Бид ерөнхийдөө архи ууцгааж байгаад хоорондоо маргалдсан юм. Тэгээд ширээн дээр ил байсан архины шилээр намайг цохисон байдаг. Би уг нь энэ талаар мөрдөгчид хэлж байсан. Над руу шууд дайраагүй ч гэсэн хамааралтай зүйлсийг хэлээд байдаг байхгүй юу. Ингээд гэрт архи уугаад байж байтал “миний эрхтнийг хөхөөд өг, хоёулаа хийе” гэх зэргээр надад хэлсэн. Урд орой нь намайг 22:00 цаг өнгөрч байхад бас дуудсан л даа. “Дэлгүүр хаалаа, чи хүрээд ирээч, би нэг шил архины мөнгө олчихлоо, бие хаа чинь ямар байна?” гэж асуусан. Тэгээд бид хоёр уугаад унтаад өгсөн. Унтаад шөнө сэртэл буйдан дээр миний хажууд хэвтэж байсан бөгөөд маргааш өглөө сэрэхэд бас хажууд хэвтэж л байсан. Хохирогчийн гар, хөл, цээжинд хохирол учирсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Жавхлантөгсийн өгсөн: ... 2019 оны 06 дугаар сарын 10-ны орой иргэн М.Б нь манай гэрийн утас руу залгаж гараад ир ээ гэхээр нь би гарч бид хоёр “Өргөө” гэртэй 200 граммын архи авч бид хоёр гэрт нь уусан. Тэгээд би их согтож байхад М.Б нь хоёр гартаа хутга барьсан миний хувцасыг хар гээд байхаар нь би “чи одоо боль оо, би унтлаа” гээд унтсан. Маргааш нь М.Б гар утсаараа хүмүүс рүү ярьж байгаад миний данс руу 20.000 төгрөг хийлгүүлсэн. Тэгээд М.Б бид хоёр гарч дэлгүүр орж архи аваад ах Гүжирмэгтэй хамт М.Бын гэр рүү орж “Хараа” нэртэй 0.75 литрийн архи Энхбаяр ахтай уусан. Архи ууж эхэлж байхад Энхбаяр ах гараад явсан. Тэгээд би “Хараа” архи ууж байгаад согтсон байсан. Би М.Бын гэрт дахин сэрж Гүжирмэг ах М.Б бид нар М.Бын нэг нөүтбүүкийг ломбарданд Гүжирмэгийн нэр дээр 40.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд бид гурав дахин архи авч уугаад би тасарч унтсан байсан ба 20.000 төгрөгийг нь би өөрийнхөө дансанд хийсэн байсан. Тэгээд сэрэхэд миний дансанд байсан 20.000 төгрөгийг Гүжирмэг ах, М.Б нар архи авч уусан байхаар нь уурлаж байсан ба нэг мэдэхэд намайг М.Б хутгаар хатгаж, зүсэж байсан. Тэгээд би зугтаад гарсан. Би гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...
...Би тухайн үед 6 удаа хутгаар М.Боор хатгуулсан ба одоо тухайн шархнууд нь өвдөж бүрэн эдгээгүй байна. Эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнгээ өгөхгүй байгаа ба ардын эмчилгээ хийлгэж гэж эмч нар зөвлөсөн. Мөн баруун талын булчин шархнаасаа болж агшиж жижгэрч магадгүй гэж эмч хэлсэн. Мөн ардын эмчилгээ хийлгэсэн боловч олон дахин давтамжтай хийлгэж байж эмчилгээ бүрэн авна гэсэн. Би гэртээ ганцаараа амьдарч байгаа ба амьжиргаагаа залгуулах мөнгө, эмчилгээ хийлгэх мөнгөгүй болсон болохоор хүчээр ажилд орсон. Тухайн хэргээс болж миний сэтгэл санаа цочролд автсан тул сэтгэл зүйчтэй байсан ба зарим баримт гаргаж өгдөггүй байсан. Цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх хүсэлтэй байна. Тухайн эмчилгээний зардлыг урьдчилан тооцох боломжгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Энхбаярын өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд би байрныхаа гадна харуулын байрны тэнд байж байхад М.Б, Гүжирмэг хоёр урдаас ирж байгаад намайг дуудсан. Тэгээд би очиход М.Б хэлэхдээ манайх руу хамт оръё, хөзөр тоглоё гэхээр нь би гэрт нь хамт ороход Жавхлантөгс зочны өрөөнийх нь буйдан дээр дотуур хувцастайгаа нилээд согтуу хэвтэж байсан. Бид хэдийг М.Бын гэрт очиход Жавхлантөгс босч ирсэн бөгөөд М.Б, Гүжирмэг хоёр 0.75 литрийн шилтэй “Хараа” архийг гаргаж ирээд бид хэд нэг, нэг хундагыг уусан. Тэгээд хөзөр тоглох гэхэд Жавхлантөгс шал согтуу Гүжирмэгийг элдвээр хэлээд ташаандаа гараа барьж зогсоод бид гурав руу агсраад байхаар нь би гараад явчихсан. Намайг гарахад архи талдаа ч ороогүй байсан бөгөөд М.Б, Гүжирмэг, Жавхлантөгс гурав үлдсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ ороод зурагт үзэж байгаад 18 цагийн орчимд байх /цагийг нь сайн санахгүй байна/ би байрныхаа гадаа гараад тамхи татаад байж байтал нэг эмэгтэй гүйж ирээд харуул хаана байна гэсэн. Тэгэхээр нь харуулыг зааж өгөөд юу болсон юм гэж асуухад дээрээс заазуур, хутга шидээд байна гэхээр нь харуул цагдаа дуудсан байх. Тэгээд М.Б гүйгээд гараад ирсэн бөгөөд миний утас болон хамаг юмыг Жавхлантөгс цонхоор шидчихлээ гэж хэлээд гарч ирсэн бөгөөд буцаад тойроод явчихсан. Араас нь Жавхлантөгс дотуур хувцастайгаа хамаг бие нь цус болчихсон гарч ирэхэд цагдаа ирсэн. Гүжирмэг хаачсаныг мэдэхгүй байна. Жавхлантөгсийг гарч ирэхэд нь уулзаагүй, хэн хутгалсныг мэдэхгүй байна. Би М.Быг Жавхлантөгстэй маргалдаж улмаар хутгалсан байх гэж бодож байна. М.Б эхлээд гарч ирсэн, тэр үед хэлэхдээ Гүжирмэгийг явсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоёр л үлдсэн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Осоржамаагийн өгсөн: ...Тухайн өдөр би харуулын ажилтай байсан. Тэгэхэд 102-р байрны 9 давхрын цонхоор заазуур, хутга, эд зүйл шидээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ба гадна цонхоор шидээд байсан эд зүйлийг харж, хажуугаар нь явж байгаа хүмүүс гэмтэж магадгүй гэж бодоод гадна хараад зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нартай хамт 9 давхарт гарахад 23 тоотын гадна тал нилэнхүйдээ цус болсон байсан. Би гэр рүү нь ороогүй болохоор ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1013 тоот шинжээчийн:
1. Ж.Жавхлантөгсийн биед цээжний баруун талаас цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус уналт, зүүн нүдний цус хуралт, цээж, баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11, 12-19 дүгээр тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 4 дүгээр тал/,
- Шүүгдэгч М.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87, 88, 90, 96-102 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Б нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” хотхоны 102 дугаар байрны 23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Жавхлантөгсийн өгсөн “...Тэгээд М.Б бид хоёр гарч дэлгүүр орж архи аваад ах Гүжирмэгтэй хамт М.Бын гэр рүү орж “Хараа” нэртэй 0.75 литрийн архи Энхбаяр ахтай уусан. Архи ууж эхэлж байхад Энхбаяр ах гараад явсан. Тэгээд би “Хараа” архи ууж байгаад согтсон байсан. Би М.Бын гэрт дахин сэрж Гүжирмэг ах М.Б бид нар М.Бын нэг нөүтбүүкийг ломбарданд Гүжирмэгийн нэр дээр 40.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд бид 3 дахин архи авч уугаад би тасарч унтсан байсан ба 20.000 төгрөгийг нь би өөрийнхөө дансанд хийсэн байсан. Тэгээд сэрэхэд миний дансанд байсан 20.000 төгрөгийг Гүжирмэг ах, М.Б нар архи авч уусан байхаар нь уурлаж байсан ба нэг мэдэхэд намайг М.Б хутгаар хатгаж, зүсэж байсан. Тэгээд би зугтаад гарсан. Би гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...
...Би тухайн үед 6 удаа хутгаар М.Боор хатгуулсан ба одоо тухайн шархнууд нь өвдөж бүрэн эдгээгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 дүгээр тал/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Энхбаярын өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд би байрныхаа гадна харуулын байрны тэнд байж байхад М.Б, Гүжирмэг хоёр урдаас ирж байгаад намайг дуудсан. Тэгээд би очиход М.Б хэлэхдээ манайх руу хамт оръё, хөзөр тоглоё гэхээр нь би гэрт нь хамт ороход Жавхлантөгс зочны өрөөнийх нь буйдан дээр дотуур хувцастайгаа нилээд согтуу хэвтэж байсан. Бид хэдийг М.Бын гэрт очиход Жавхлантөгс босч ирсэн бөгөөд М.Б, Гүжирмэг хоёр 0.75 литрийн шилтэй “Хараа” архийг гаргаж ирээд бид хэд нэг, нэг хундагыг уусан. Тэгээд хөзөр тоглох гэхэд Жавхлантөгс шал согтуу Гүжирмэгийг элдвээр хэлээд ташаандаа гараа барьж зогсоод бид гурав руу агсраад байхаар нь би гараад явчихсан. Намайг гарахад архи талдаа ч ороогүй байсан бөгөөд М.Б, Гүжирмэг, Жавхлантөгс гурав үлдсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ ороод зурагт үзэж байгаад 18 цагийн орчимд байх /цагийг нь сайн санахгүй байна/ би байрныхаа гадаа гараад тамхи татаад байж байтал нэг эмэгтэй гүйж ирээд харуул хаана байна гэсэн. Тэгэхээр нь харуулыг зааж өгөөд юу болсон юм гэж асуухад дээрээс заазуур, хутга шидээд байна гэхээр нь харуул цагдаа дуудсан байх. Тэгээд М.Б гүйгээд гараад ирсэн бөгөөд миний утас болон хамаг юмыг Жавхлантөгс цонхоор шидчихлээ гэж хэлээд гарч ирсэн бөгөөд буцаад тойроод явчихсан. Араас нь Жавхлантөгс дотуур хувцастайгаа хамаг бие нь цус болчихсон гарч ирэхэд цагдаа ирсэн. Гүжирмэг хаачсаныг мэдэхгүй байна. Жавхлантөгсийг гарч ирэхэд нь уулзаагүй, хэн хутгалсныг мэдэхгүй байна. Би М.Быг Жавхлантөгстэй маргалдаж улмаар хутгалсан байх гэж бодож байна. М.Б эхлээд гарч ирсэн, тэр үед хэлэхдээ Гүжирмэгийг явсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр хоёр л үлдсэн байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1013 тоот шинжээчийн: “Ж.Жавхлантөгсийн биед цээжний баруун талаас цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус уналт, зүүн нүдний цус хуралт, цээж, баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Быг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.
Шүүгдэгч М.Б нь хохирогч Ж.Жавлантөгсийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах үйл баримт болоход зөвхөн хоёулаа байсан байна.
Субъект өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг, эсхүл учрах боломжтойг мэдсэн хэрнээ үйлдсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг санаатай үйлдсэн гэж үздэг.
Түүнчлэн М.Б нь хутга, заазуур барин хохирогчтой маргалдах явцдаа хохирогчийг гэмтээж болохыг ухамсарлах чадвартай байсан бөгөөд түүнээс үүдэн гарах үр дагаврыг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан, уг үр дагаварыг шууд хүсч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэх үедээ хутгыг хэрэглэсэн байх тул хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн байна.
Иймд М.Бын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Жавхлантөгсөд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг төлж барагдуулсан, одоогоор шүүгдэгчээс нотлох баримтаар төлөх төлбөргүй байна. /хх-ийн 107-109, 115-118 дугаар тал/
Хохирогч Ж.Жавхлантөгсийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт: ...таван жилээс арван хоёр жилийн хорих ял оногдуулахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч М.Б урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Бод оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийтгэгдсэн бодож блох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 87, 96-102 дугаар тал/
Шүүгдэгч М.Б нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, М.Боос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар М.Быг 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бод 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ж.Жавхлантөгс нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Бодавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Э.ЧИНГИС.