| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1611/Э |
| Дугаар | 1653 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 1653
2019 10 31 2019/ШЦТ/1653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Төмөрбаатар овогт О Б д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06066 2249 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан сан хорооллын 104-б байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч С.Улааны гээгдүүлсэн улаан өнгийн арьсан түрийвчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж, түрийвч болон түрийвчинд байсан иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг хаяж, түрийвчинд байсан бэлэн 1.560.000 төгрөгнөөс өөрийн Хаан банкны 5028734365 дугаарын дансанд 1.485.000 төгрөгийг шилжүүлэн авч завшин бусдад нийт 1.600.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Өмнө нь үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар тал/,
- О.Бгийн 5028734365 дугаарын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хх-ийн 20 дугаар тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-31 дүгээр тал/,
- Хяналтын камерийн бичлэг бүхий Си-Ди, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Улааны өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан сан хорооллын 11 дүгээр байрны 7 тоотод нөхөр, хүүхдүүдийн хамтаар оршин суудаг юм. Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад хажуу талын дэлгүүр орж 10.000 төгрөгөнд хүнсний эд зүйлс авсан. Юмаа хийчихээд түрийвчээ улаан өнгийн цамцны зүүн талын халаасанд хийсэн. Гэр рүүгээ харих гээд явж байхад миний гар утас дуугарсан тул утсаа аваад утсаар ярингаа гэр рүүгээ орсон. Гэртээ орж ирээд халаасанд байсан түрийвчээ авах гэсэн чинь халаасанд байсан түрийвч алга болсон байсан. Ингээд охинд хэлээд гадагшаа гараад явсан чиглэлдээ үзсэн боловч байгаагүй. Тэгээд байрны нэг дүгээр орцны үүд рүү харсан хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд 21 цаг 40 минутын орчим орцны үүдэнд утсаар ярьж байхдаа түрийвчээ хаячихсан байсан. Намайг орц руу орсны дараахан ойролцоогоор 5 минутын дараа хар өнгийн куртик өмссөн, хар өнгийн өмдтэй хүүхэн болон хамт явж байсан улаан өнгийн куртиктэй, 8-10 орчим насны эрэгтэй хүүхэдтэй хүүхэн түрийвчийг аваад баруун талын халаасандаа хийж байгаа бичлэг байсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд надаас мэдүүлэг аваад явсан. Би алдагдсан улаан өнгийн арьсан түрийвчээ нодлин жил 35.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 30.000 төгрөгөөр үнэлнэ, мөн бэлнээр 20.000 төгрөгийн дэвсгэрт 60 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 25 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 10 ширхэг нийлээд 1.560.000 төгрөг, түрийвчинд миний иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, “ХААН” банкны виза карт 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан, өөр зүйлс байгаагүй. Өнөө өглөө 1 дүгээр орцны үүдэнд зогсож байгаад гарч ирсэн хүмүүсээс миний түрийвчийг харсан хүн байгаа эсэх талаар лавлаж асуусан боловч ямар нэгэн хүн гарч ирээгүй...
...Би хохирлоо бүрэн хүлээн авсан, сүүлд миний түрийвч, иргэний цахим үнэмлэх, банкны картыг алга болгосон хохиролд би 80.000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Надад одоо гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул цаашид би шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй тул миний хүсэлтийг хангаж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 26 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Сүрэнцэцэгийн өгсөн: ...Өчигдөр буюу 209 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим гадагшаа гарсан. 21 цаг 44 минутын орчим буцаж орж ирсэн юу болсон талаараа асуусан чинь дэлгүүр орчихоод буцах замдаа 1 дүгээр орцны үүдэнд халааснаасаа улаан өнгийн түрийвч, түрийвчин дотор 1.560.000 төгрөг, ээжийн иргэний цахим үнэмлэх, “ХААН” банкны виза карт, манай 2 дүү болон бид нарын цээж зураг зэрэг эд зүйлс байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн, дуудлагаар ирсэн цагдаагийн ажилтан ээжээс мэдүүлэг авчихаад яваад өгсөн. Мэдүүлэг өгчихөөд байрны гадна талын урагшаа хойшоо харсан хяналтын камерийн бичлэгийг үзэхэд манай ээж орц руу орох гэж байхдаа орцны гадна талын хаалганы хажууд түрийвчээ хаясан байсан. Ээжийг орсны дараа хэд, хэдэн хүн орж гарсан тэр хүмүүс гэхдээ анзаарч хараагүй байсан. Ээжийг орсны дараа 21 цаг 44 минутын орчим улаан өнгийн куртик, дээгүүрээ малгайтай, цагаан өнгийн гутал, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 8-12 орчим насны эрэгтэй хүүхэд, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн гутал өмссөн 2 эмэгтэй орцноос гарсан. Ээжийн хаясан түрийвчийг хүүхэд нь олоод ээждээ өгч байгаа бичлэг байсан. Үүнээс 30 минут орчмын дараа түрийвч олсон эмэгтэй, хүү хоёр баруун гартаа цагаан тортой юм бариад нөхөр нь бололтой залуутай хамтаар гурвуулаа болоод орц руу орж байгаа бичлэг байсан. Хяналтын камерийн бичлэгт царай зүс нь тодорхой харагдахгүй байсан. Эрэгтэйгийн хувцас хунар нь тодорхой харагдахгүй байна, бараан өнгийн хувцастай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Бгийн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан сан хороолол 104-Б байрны гадна орцны харалдаа улаан өнгийн түрийвч байхаар нь авсан. Маргааш нь гэртээ байхдаа уг түрийвчийг үзэхэд 1.560.000 төгрөг байхаар нь өөрийнхөө дансанд хийчихсэн юм. Гэхдээ “ХААН” банкны экспресс машин нь зарим мөнгийн голоод /уранхай, скочтой гэх мэт/ аваагүй. Энэ талаар надаас өөр хэн ч мэдээгүй. Тэгээд хохирогчид уг мөнгийг нь би буцаан хүлээлгэн өгсөн, надад гомдол санал байхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/,
- Шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40, 41, 43 дугаар тал/,
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлт /хх-ийн 49-51 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан сан хорооллын 104-б байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч С.Улааны гээгдүүлсэн улаан өнгийн арьсан түрийвчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж, түрийвч болон түрийвчинд байсан иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг хаяж, түрийвчинд байсан бэлэн 1.560.000 төгрөгнөөс өөрийн Хаан банкны 5028734365 дугаарын дансанд 1.485.000 төгрөгийг шилжүүлэн авч завшин бусдад нийт 1.600.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч С.Улаанд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан сан хорооллын 104-б байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч С.Улааны гээгдүүлсэн улаан өнгийн арьсан түрийвчийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж, түрийвч болон түрийвчинд байсан иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт зэргийг хаяж, түрийвчинд байсан бэлэн 1.560.000 төгрөгнөөс өөрийн Хаан банкны 5028734365 дугаарын дансанд 1.485.000 төгрөгийг шилжүүлэн авч завшин бусдад нийт 1.600.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Улаан, гэрч Ч.Сүрэнцэцэг, яллагдагчаар өгсөн О.Б нарын мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Бг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч С.Улаан нь гомдол саналгүй, хохирол бүрэн төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ хавтаст хэрэгт бичгээр ирүүлсэн байх тул шүүдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төмөрбаатар овогт О Б г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О Б г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ