| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1619/Э |
| Дугаар | 1658 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1658
2019 11 01 2019/ШЦТ/1658
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тугчин овогт Э Н т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05482 2282 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 4 дүгээр байрны “Д” блок 64 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Тугчин овогт Эрхэмбаярын Н /РД:УХ90020497/
Холбогдсон хэргийн талаар:
Э.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вашингтон” зочид буудлын өрөөнд хохирогч Э.Намуунтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Э.Намууны цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Намууны өгсөн: ...Миний биед учирсан гэмтлүүдийг Бат-Ирээдүйгийн найз Э.Н гэгч миний толгой болон нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж учруулсан. Тухайн үед би их хэмжээний согтолттой, өөрийгөө хамгаалах чадваргүй болсон байсан. Би ТКГ-ийн шинжилгээ хийлгэсэн 100.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 5000 төгрөг болон бугуйн цаг, “Самсунг Галакси-Эс 7 эдж” загварын гар утсаа төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцаэд гэрч М.Намуунтуулын өгсөн: ...Би 2019.09.09-ний өдөр 13 цагийн үед хуучин байрыг нь түрээслэдэг байсан Бат-Ирээдүй гэдэг залуутай уулзаад шууд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Вашингтон зочид буудал ороод пиво ууж байтал миний найз Намуун залгаад уулзая гэхээр нь бид хоёр 2019.09.09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Tse” /шинээр нээгдсэн 2 давхар/ пабад орж хоёулаа 3, 4 шил Сэнгүр нэртэй пиво ууж байтал Бат-Ирээдүй над руу залгаад хамт пиво ууя, хүрээд ир гэхээр нь би “найз Намуунтай хамт Tse-д суугаад пиво ууж байна” гэж хэлтэл намайг найзтайгаа хамт хүрээд ир гэж дуудахаар нь би Намуунааг дагуулаад очсон. Биднийг анх очих үед Бат-Ирээдүй нь найз Ука гэгч үл таних залуутай хамт пиво ууж байсан бөгөөд удалгүй Ука гэгч үл таних залуу гараад дэлгүүрээс 1 литрийн 1 шил Eden нэртэй архи, 2.5 литрийн савтай том пиво авч ирсэн. Түүнийг дөрвүүлээ хувааж уугаад дууссан ахиж нэмж авсан эсэхийг санахгүй байна. Тэгсэн нэг мэдсэн Бат-Ирээдүй, Намуун нар бие бие рүүгээ дайраад маргалдаж байхад Бат-Ирээдүйгийн найз Ука гэгч тэднийг салгах гээд зууралдсан зогсож байгаад Намууны нүүрэн тус газар цохих үед Намуун хойш газар унахдаа нүүр болон хамар хэсгээрээ орны хөл мөргөөд унасан чинь Намууны хамарнаас нь цус гарсан чинь Ука гэгч гараад зугтаасан. Тухайн үед Бат-Ирээдүй ардаас нь гараад зугтаахаар нь би хойноос гүйгээд зогсоох гэтэл намайг бас түлхэж унагаад зугтаасан. Эргэж ороод Намууныг харсан чинь орон дээр хэвтэж байхаар нь хамт гаръя гэж хэлсэн чинь Намуунаа маш их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь би шат хүртэл чирсэн боловч авч явж дийлэлгүй буцаж оруулаад буудлын өрөөг цэвэрлэж байгаад Намуунааг буудалд унтуулж үлдээгээд 02-03 цагийн үед гэртээ харихаар явсан. Харин дараа нь намайг явснаас сүүлд Бат-Ирээдүй эргэж ирсэн гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Бат-Ирээдүйгийн өгсөн: ...Тэгсэн 12:00 цагийн орчим Учрал /Намуунтуул/ над руу залгаад сонин сайхан юу байна, буудалдаа байна уу? байгаа бол намайг гэрээс ирээд авчих гэж хэлэхээр нь Н бид хоёр БЗДЭХАШШ-ийн ард талын шар орон сууцны гаднаас аваад зочид буудалдаа эргэж ирээд бид хоёр 2 шил пиво ууж байхад Учрал /Намуунтуул/ нэг эмэгтэй найзтайгаа чаталж байгаад найзтайгаа уулзаад эргээд ирье гээд 18 цагийн орчим яваад 21-22 цагийн орчим Намуун гэдэг охинтой хамт хоёулаа шал согтуу ирсэн. Тухайн үед Н бид хоёр 0,75 литрийн “Соёрхол” архи аваад уух гээд дээрээс нь 1, 1 хундага татсан байсан. Тэгсэн чинь нэг мэдсэн Намуунтуул, Намуун, Н гурав хоорондоо маргалдаж байхад Намуун гэдэг эмэгтэй намайг нэг удаа алгадсан чинь Н Намуунтай маргалдаад боль гэж хэлээд хэрэлдсэн чинь Намуунтуул тэднийг салгах гээд Ныг ариун цэврийн өрөөнд авч ирсэн чинь Намуун түүнийг гар гэж хэрүүл маргаан хийсээр байгаад зочид буудлын ариун цэврийн өрөөний хаалгыг эвдэж ороод агсам согтуу тавиад байхаар нь Н гарч ирээд Намууны нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон чинь Намуун гэгч орон дээр унаад уйлаад байсан. Тэр үед хамарнаас нь цус гарсан чинь буудлын ресепшн эгч орж ирээд биднийг боль, одоо гар гэж хэлсэн чинь Н гарч зугтаасан. Тэгэхээр нь би ардаас нь гараад хоолны газар ороод хоол идчихээд ороод ирсэн чинь Намуун өрөөнд орон дээр унтаж байхаар нь хувцас хунар нь цус болсон байхаар нь угаалгаад өгье гэж хэлсэн чинь угаалгахгүй гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 11121 дугаартай:
1. Э.Намууны биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний гадна, хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, ухархайн дотор ханын хугарал, баруун шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2-3 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Нын: ...Намуунтуулыг явсан хооронд Бат-Ирээдүй бид 2 дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил “Соёрхол” архи аваад буудлын өрөөндөө ороод ууж байтал Намуунтуул нь өөрийн найз Намуун гэдэг охинтой 21-22 цагийн орчим согтуу ирсэн. Тэгээд бид юм яриад сууж байтал юу болсон юм бүү мэд хэрүүл маргаан болооод Бат-Ирээдүй, Намуун нар хоорондоо хэрэлдэж байгаад Бат-Ирээдүйг Намуун гэдэг охин 1 удаа алгадаад хэрэлдэж байхаар нь би Намуун гэгчийг чи одоо боль, ямар арчаагүй согтдог юм гэж хэлсэн чинь миний урдаас хэрэлдээд миний хөл рүү өшиглөөд, нүүрэн тус газар 2 удаа алгадаад байхаар нь Намуунтуул биднийг больцгоо гэж салгаад намайг ариун цэврийн өрөөнд дагуулж орсон чинь Намуун гэгч уурлаад ариун цэврийн өрөөний хаалгыг эвдэлж ардаас орж ирээд намайг өшиглөөд, заамдаж байгаад миний бэлэг эрхтэн рүү өшиглөөд байхаар нь би ариун цэврийн өрөөнөөс гараад чи боль гэж хэлээд өөрөөсөө холдуулах гээд нүүрэн тус газар нь цохисон чинь зочид буудлын орон дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар тал/,
- Шүүгдэгч Э.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39, 40, 43 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вашингтон” зочид буудлын өрөөнд хохирогч Э.Намуунтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Э.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Э.Намуун гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээ бичгээр ирүүлсэн хүсэлтдээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Э.Нт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Э.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вашингтон” зочид буудлын өрөөнд хохирогч Э.Намуунтай маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Намуун, гэрч М.Намуунтуул, А.Бат-Ирээдүй нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11121 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Намуун нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 105.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн ба шүүгдэгч Э.Н нь хохиролд 500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч Э.Намуун гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ныг бусдад баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Н нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч Э.Намуун гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хүсэлт зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тугчин овогт Э Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э Н ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Н т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ