| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1564/Э |
| Дугаар | 1600 |
| Огноо | 2019-10-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 1600
2019 10 21 2019/ШЦТ/1600
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А.Жд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05547 2092 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, А.Ж
Холбогдсон хэргийн талаар:
А.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тавлаг” нийтийн байрны ариун цэврийн өрөөнөөс иргэн Б.Нандин-Эрдэнийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох “Хуавэй В-7” загварын гар утсыг завшиж, 467.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ж мэдүүлэхдээ: Цагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Нандин-Эрдэнийн өгсөн: ...Би 2019.09.16-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тавлаг” караокед 2 найзын хамт очсон. Тэнд нэг хүн байсан. Тэгээд тэр газар нэг эмэгтэөй маань пиво захиалж уусан, бусад нь уугаагүй байсан. Тэгээд гаднаас манай ангийн эрэгтэй хүн намайг хүргэж өгөх гээд ирсэн. Тэгээд тэр хүнтэй гадаа уулзаад зогсож байхад цуг явж байсан Ганцэцэг гарч ирээд миний баруун халаасанд байсан Хуавэй Ү-7 маркийн гар утсыг аваад дотогшоо яваад орсон. Тэгээд удаагүй би нөгөө эрэгтэй хүнтэй хамт араас нь орсон. Тэгээд зааланд нь сууж байгаад вип өрөөнд орж суусан. Тэгээд 10 минут орчмын дараа миний гар утсыг авсан Ганцэцэгээс гар утсаа авъя гэхэд надад байхгүй, би аваагүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийнх нь утаснаас гар утас руугаа залгасан чинь хоёроос гурван удаа дуудаж байгаад утас холбогдохоо больсон. Тэгээд эгчийгээ дуудсан. Удаагүй эгч ирээд камер шүүсэн чинь баарны эзэн нь согтуу байхаар нь маргааш болъё гээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Ганцэцэгийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 20 цагийн орчим Буджав, Нандин-Эрдэнэ бид 3 хамт уулзаж караоке орохоор болсон. Тэгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тавлаг” нэртэй караокед ороод суух гэтэл Түвшинтөгс гэх эрэгтэй найзтайгаа тааралдтал 0,5 литрийн 2 шил пиво надад авч өгсөн. Тэгээд нийтийн караоке байсан тул бид нар нөгөө пиво уугаад дуулаад сууж байтал Нандин-Эрдэнэ ажлын тосож авна гээд бид хоёр караокены гадна тамхи татаад зогсож байгаад нийтийн байрны 00 руу ороод тус тусдаа бие зассан. Тэгээд тэндээс гарч ирээд шууд караоке орсон. Тэгээд 5-10 минутын дараа Нандин-Эрдэнэ надаас гар утсаа нэхэхээр нь би гар утсыг чинь аваагүй гэтэл та өөрийн гар утсаа өгчих би дугаар руугаа залгая гэхээр нь би гар утсаа өгтөл Нандин-Эрдэнийн гар утас руугаа залгатал эхлээд дуудаад байсан боловч аваагүй, түүний дараа дахин залгатал гар утсыг тасалчихсан, 3 дахь удаа дахин залгатал гар утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим нийтийн байрны камерийг шүүтэл 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цаг 20 минутын орчим Нандин-Эрдэнэ бид хоёр нийтийн байрны 00 өрөөнд ороод тус тусдаа 00 руу өрөө рүү орсон. Тэгээд 00 өрөөнөөс гарч бид хоёр гарч явсан. Түүний дараа тэр нийтийн байрны оршин суугч А.Ж гэх залуу Нандин-Эрдэнийн орсон 00 өрөө рүү орчихсон. Удалгүй Нандин-Эрдэнэ миний гар утсыг бариулчихсан өөрийн дугаар руу залгасан бололтой, утсаа чихэндээ барьчихсан 00 өрөөний хаалгануудыг татаж үзээд буцаад 00 өрөөнөөс гараад явчихсан. Нандин-Эрдэнийг гарсны дараа А.Ж гэх залуу 00 өрөөнөөс гарч ирээд ийшээ тийшээ харж байснаа буцаад өөрийн орсон 00 өрөө рүү орчихсон. Тэгээд 3-4 минутын дараа буцаж гарч ирээд А.Ж гэх залуу гар утсыг оролдоод зогсоод байсан. Тэгснээ камер руу харж байснаа гар утсаа чихэндээ бариад гараад явчихсан. Тэгээд би нийтийн байрны эзэн Отгон гэх хүнээс уг хүний нэр утасны дугаар аваад утсаар залгаад А.Ж гэх хүнтэй холбогдоод та 00 өрөөнөөс утас олсон юм байна гэтэл А.Ж ямар утас гэтэл Хуавэй W-7 гэтэл А.Ж би өөрөө W-7 барьдаг гэхээр нь би худлаа цагдаагаас ярьж байна, та нар гар утсаа эргүүлээд өгчих гэтэл би хороололд явж байна одоо гэр рүүгээ харилаа, тэгээд өгье гэсэн. Тэгээд А.Жтай Их засагийн автобусны буудал дээр уулзтал А.Ж гэх хүн симээ нөгөө гар утсанд хийчихсэн байхаар нь би сим салгуулаад гар утсыг авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Жы: ...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа байж байгаад 00 өрөөнд сууж байтал гаднаас нэг хүн орж ирээд 00 өрөөний хаалгануудыг онгойлгоод байхаар нь би гараад үзтэл ямар ч хүн байхгүй байхаар нь би буцаад 00 өрөөнд ороод суутал зохиолын дуу яваад байхаар нь дээд айл дуу тавиад байна гэж бодтол дахиад дуугараад байхаар нь ойр хавиар хартал юм харагдаагүй, тэгээд бие засаж дуусаад гарах гэтэл 00 өрөөний хогийн саванд Хавая W-7 маркийн гар утас байхаар нь аваад үзтэл гар утасны дэлгэц асахгүй байхаар нь би тэр утсыг аваад асаах гэтэл код нэхээд байхаар нь халаасандаа хийгээд аваад гарсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө “Их орд” гэх газарт уг гар утасны кодыг тайлуулаад тэр өдрөө орой нь Халдвартын автобусны буудал дээр явж байгаад танихгүй эрэгтэй хүнд 200.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд өөрийн “Хас” банкны 5002927811 дугаартай данс руу 200.000 төгрөгөө хийсэн. Одоо мөнгө дансанд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
- Шүүгдэгч А.Жы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15, 16, 34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
А.Ж нь 2019 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тавлаг” нийтийн байрны ариун цэврийн өрөөнөөс иргэн Б.Нандин-Эрдэнийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох “Хуавэй В-7” загварын гар утсыг завшиж, 467.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Нандин-Эрдэнэ, гэрч А.Ганцэцэг, яллагдагчаар өгсөн А.Ж нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул А.Жыг гэм буруутайд тооцож эрүүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Хохирогч Б.Нандин-Эрдэнэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-иас 467.600 төгрөгөөр үнэлсэн байх боловч А.Ж төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 600.000 төгрөгийг төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.Жыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 23-24, 53 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Жыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Жд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ