Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 133/2017/00283/И |
Дугаар | 001/ХТ2018/00439 |
Огноо | 2018-03-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/00439
Ж.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дүгээр шийдвэр
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар магадлалтай
Ж.Э-гийн нэхэмжлэлтэй
1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, охин Пүрэвдоржийн Номундарийг 1995 оны 03 дугаар сард үрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж овогтой Номундарь нь 1994 оны 06 дугаар сарын 09-нд төрсөн. 1995 оны 03 дугаар сард Бигэр сумын иргэн Ч.Пүрэвдоржийнд 8 сартай байхдаа үрчлэгдэж, улмаар 1999 онд үрчлэлтийн гэрчилгээ авсан. Охин П.Номундарийг 1 настай байхад нь үрчилж авсан ээж Ж.Э- нь 4 хүүхэдтэй тэтгэвэрт гарах гэтэл үрчлэлтийн гэрчилгээний бүртгэлийг шүүхэд хандаж зөв болго гэж хэлсэн. П.Номундарийг хүсэлт гаргагч Ж.Э-гийн асрамжинд 1 настайгаас эхлэн байсныг тогтоож ир гэсэн. Энэ хүүхдийг 1995 онд 8 сартай байхад нь ээж Ж.Түмэнжаргал нь орхиж яваад буцаж ирээгүй. Түүнээс хойш Ч.Пүрэвдорж, Ж.Э- нар өсгөн хүмүүжүүлж нас биед хүргэсэн. Тухайн үед үрчлэлтийн гэрчилгээ авдаг талаар мэдэхгүй байгаад ээж Ж.Э- нь алдарт эхийн одон авах үедээ 1999 онд бүртгүүлж үрчлэлтийн гэрчилгээ авсан байгаа. Ч.Пүрэвдоржийн гэр бүлийн талаарх бүртгэл өрхийн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн байгаа. Ч.Пүрэвдорж, Ж.Э- хоёр нь П.Гэгээнээ, П.Буянтогтох, П.Зүмпэрэлмаа гэсэн гурван хүүхдийг төрүүлж, П.Номундарь, П.Бүдрагчаа хоёрыг өргөж авсан. Энэ хоёр хүүхдийн ээжүүд болох Ж.Түмэнжаргал, Ж.Хишигжаргал нар нь Ж.Э-гийн дүү нар байгаа юм. Тиймээс П.Номундарийг 1 настай байхдаа Ч.Пүрэвдорж, Ж.Э- нарын гэр бүлд үрчлэгдсэн байсныг тогтоолгох хүсэлттэй байна. Ингэж тогтоолгох нь П.Номундарийн ээж Ж.Э-г тэтгэвэрт гарахад хамааралтай байгаа юм гэжээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасныг тус тус баримтлан 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, охин Пүрэвдоржийн Номундарь нь 1995 оны 03 дугаар сараас 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэгдэх хүртэлх хугацаанд үрчлэн авсан эцэг, эх болох Чойжилжав Пүрэвдорж, Ж.Э- нарын асрамжинд байж үрчлэгдсэн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ж.Э- -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дугаар шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа би эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.
Говь-Алтай аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний үйлчлүүлэгч Ж.Э- нь 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн П.Номундарийг 1 настай байхад нь үрчлэн авсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Ж.Э- нь 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Номундарь 1 настай байхад нь Монгол ёс заншлын дагуу үрчлэн авч өсгөсөн боловч 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Номундарь нь Ж.Э-, Чойжилжавын Пүрэвдорж нарт үрчлэгдсэн гэж үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа. Энэхүү бүртгэлийн бичилт нь хуульд заасан болзол шаардлагыг зөрчиж хийгдсэн, үрчлэгдсэн хугацааг буруу бичсэн бөгөөд миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг хохироож байгаа буруу бичилт юм. Иргэний бүртгэлийн байгууллага хуульд заасан шаардлагаа зөрчиж хийсэн энэхүү буруу бичилтээ зөвтгөхөөс татгалзсан учир шүүхээр уг бүртгэл буруу болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэн уг бүртгэлийг гол нотлох баримтаа болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Учир нь Миний үйлчлүүлэгч Ж.Э- нь П.Номундарийг 1 настай байхад нь үрчлэн авч насанд хүртэл нь тэжээн тэтгэсэн бөгөөд үрчлэлтийн бүртгэл буруу болохыг тогтоолгосны үндсэн дээр нэг настай байхад нь үрчлэн авч өсгөсөн байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад буруу болохыг нь тогтоолгох гэж байгаа 1999 оны иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэл буюу 498/001402 дугаартай үрчлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000014257№1 үрчлэлтийн гэрчилгээний хуулбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
Анхан болон давж заалдах шатны шүүх Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Бигэр сумын 1999 оны хүүхэд үрчлүүлсэн тухай бүртгэлийн дэвтрийн хуулбар нь Б.Номундарь 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үрчлэгдсэн болохыг нотлож байна гэж үнэлсэн боловч уг дэвтэрт хүүхдээ буюу Номундарийг үрчлүүлсэн хүний талаарх мэдээлэл гарын үсэг байхгүй байгаа нь уг бүртгэл буруу болохыг нотлож байгаа юм.
Тиймээс анхан шатны шүүх Пүрэвдоржийн Номундарь нь 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр үрчлэгдэх хүртэлх хугацаанд үрчлэн авсан эцэг эх, Чойжилжавын Пүрэвдорж, Ж.Э- нарын асрамжинд байж үрчлэгдсэн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна”, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан “Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.”, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан “Дараахь хүнийг асран хамгаална” гэсэн заалтуудыг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснийг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч хүүхэд үрчилснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд үрчлэлтийг бүртгэсэн бичилт буруу болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлгүй шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байгаа юм.
Тиймээс шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Нэхэмжлэгч Ж.Э- нь гэр нь шатаад удаагүй байхад нөхөр нь нас барсны улмаас сэтгэл санааны хямралд орж эрх үүргээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байсан бөгөөд анхан шатны шүүх архивын газраас лавлагаа авсан шигээ охин Номундарийг үрчлүүлсэн Ж.Түмэнжаргал, одоо ээж Ж.Э-гаа асарч байгаа охин П.Номундарь нараас гэрчийн мэдүүлэг авч болох байсан ч аваагүй нь хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн болохыг харгалзан үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.Э- нь өөрийн дүү Түмэнжаргалын охин Цогжаргалыг 08 сартайгаас нь асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлсэн бөгөөд 1999 онд нэрийг нь сольж, Номундарь болгон, үрчилж авсан ба энэ тухайгаа бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
Ж.Э- нь 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлсний хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар өндөр насны тэтгэврээ 50 настай тогтоолгох гэтэл П.Номундарийг 5 настайд нь үрчилж авсан үндэслэлээр хөнгөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул Номундарийг 08 сартайд нь үрчилж авсныг тогтоолох нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар Түмэнжаргалын Цогжаргал нь Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, түүнийг 1999 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чойжилжавын Пүрэвдорж, Ж.Э- нарт үрчлүүлж, Пүрэвдоржийн Номундарь болгон бүртгэсэн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 498/001377 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 498/001402 дугаартай Үрчилснийг бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.
Хүүхдийн эрхийн 1989 оны конвенцын 21 дүгээр зүйлд “үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн эцэг эх, төрөл садан, хууль ёсны асран хамгаалагч нарын зүгээс хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл дээрх сонирхогч хүмүүс шаардлагатай зөвлөгөө авсны үндсэн дээр үрчлүүлэх зөвшөөрлөө тодорхой мэдээлэлтэйгээр өгсөн, үрчлэлтэд хамаарах болон найдвартай эх үүсвэрээс авсан бүх мэдээллийг үндэслэн дагаж мөрдөж байгаа хууль, журмын дагуу гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүүхдийг үрчлүүлнэ” гэж зааснаас үзвэл үрчлэлт нь энэ талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан үеэс бий болдог эрх зүйн ойлголт байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч Ж.Э- нь өөрийн төрсөн дүү Түмэнжаргалын охин Цогжаргалыг 08 сартайгаас нь эхлэн асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлсэн нь үнэн боловч үрчилж авсан үйл баримт нь зөвхөн төрийн захиргааны эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэр гарч, бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог тул Ж.Э- нь Номундарийг 08 сартайгаас нь эхлэн асран халамжилсныг үрчилсэн гэж үзэх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан 1999 онд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай тайлбар нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд харьяалагдахгүй бөгөөд нэхэмжлэлийн агуулгаас Номундарийг 1995 онд үрчилж авсныг тогтоолгох агуулгатай гэж үзэхээр байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүх гагцхүү хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3., 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 331 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.8.-д зааснаар 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Номундарийг 1995 оы 03 дугаар сарын 17-нд үрчлэн авсан болохыг тогтоолгохыг хүссэн Ж.Э-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ж.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД