| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1656/Э |
| Дугаар | 1686 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 1686
2019 11 06 2019/ШЦТ/1686
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Я.Сансар,
шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Тайж овогт П Од яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05491 2307 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
П.О нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Болорцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Болорцэцэгийн өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Цайз” захаас Цагаан даваа өгсөх замд “Эхний буудал” гэдэг газар бэр Отай уулзсан. Отай дүүгийнхээ талаар ярилцсан. Манай дүү Амаржаргал, О хоёр нь сүүлийн үед гэр бүлийн таарамжгүй байдалтай байгаа. Энэ байдлыг нь би эхнэрийнх нь буруу гэж ойлгодог юм. Ингээд эгч Од “яагаад нөхрийгөө ингэж зовоодог юм бэ” гэсэн утгатай зүйл хэлсэн. Гэтэл О өөдөөс уурлаад намайг хэл амаар доромжилж, манай ээжийг хүртэл доромжилсон. Ингээд бид хоёр гудамжинд хэрэлдэж байх үед О намайг гартаа барьсан угаалгын нунтгаар цохих гээд байсан. Тэгэхээр нь би “цаашаа болооч” гээд түлхчихсэн. Тэгсэн чинь О намайг шууд үснээс зулгаасан. Тэгэнгүүт нь хариу зулгаасан. Тэгээд бид хоёр үсдэлцсэн чигтээ газар унаж, өнхөрч дээр доороо орсон. Энэ үед Отай хамт явж байсан Ариунтуул нь намайг энд тэндээс өшиглөсөн. Тэгээд хүмүүс гарч ирж салгасан. Тэгээд тэр хоёр зам гараад такси бариад явсан. Маажсан бүх шархыг О учруулсан. Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10861 дугаартай шинжээчийн:
1. Ч.Болорцэцэгийн биед гуя, тохой, сарвуу, шанаа, бугуйн үенд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Ариунтуулын өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Огийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 13 дугаар гудамжинд тэдний гэрээс гараад дэлгүүр орох гээд явж байх замд Огийн хадам эгч Болорцэцэгтэй таарсан. Болорцэцэг, О хоёр ярилцаж байгаад хэрэлдээд эхэлсэн. Болорцэцэг нь “чи хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй, чамайг хэн гэрээ барь гэсэн юм, та хоёрыг амьдруулахгүй” гэсэн утгатай зүйлийг хэлж загнасан. О эхэндээ юу ч дуугарахгүй байж байхад Болорцэцэг нь Огийн ардаас мөрнөөс нь татаж “хөөе чи байж бай, би юм хэлэх гээд байна” гэсэн. Эндээс болж зодолдсон. Зодооныг Болорцэцэг эхэлж цохисноос эхэлсэн. Тэгээд тэр хоёр харилцан зодолдож Болорцэцэг нь Ог үсдсэнээр харилцан үсдэлцсэн. Би тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд өөрсдөө салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Лхагвацэрэнгийн өгсөн: ...Би тэр өдөр хүүхдүүдээ авах гээд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13/а /гудамжинд машинаасаа бууж байсан. Энэ үед надаас нилээн зайтай 2 эмэгтэй хүн зодолдож байсан. Сайн харахад нэг туранхай эмэгтэй нэг эмэгтэйг үсдсэн байдалтай харагдсан. Би тэр хоёрын хажуугаар нь өнгөрөөд хүүхдийнхээ цэцэрлэг рүү орсон. Хүүхдүүдээ аваад гараад ирэхэд тэр 2 салчихсан хоорондоо хэрэлдэж байсан. Би хүүхдүүдээ дагуулаад хажуугаар нь гараад явсан. Махлаг хүүхний нүүр маажигдсан байсан. Нөгөө туранхай хүүхний үс нь сэгсийсэн байсан. Ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар П.Огийн:.. Тухайн өдөр би найз Ариунтуулын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 13/А/ гудамжны дэлгүүр орох гээд явж байх замд хадам эгч Болорцэцэгтэй тааралдсан. Болорцэцэг нь гэр орноо яах гэж нүүлгэсэн юм ер нь та хоёрыг хэн хамт амьдар гэсэн юм та хоёр одоо сал гэх зэргээр нөхөр Амаржаргал бид хоёрын амьдралд хөндлөнгөөс оролцсон. Ер нь байнга ингэж нөхөр бид хоёрын хооронд орж хэрүүл хийдэг байсан юм. Тэгэхээр нь би миний амьдрал чамд хамаагүй гэсэн. Тэгээд хэрэлдэж байхад Болорцэцэг эхэлж намайг алгадсан. Миний нүүр рүү маажсан. Тэгээд хоёулаа харилцан үсцэлдэж газар унаж дээр, дороо орсон. Би түүний үсийг тавьчихаад байхад миний үсийг тавихгүй зулгаасан хэвээр нилээн удсан. Тэгээд тавиулахын тулд өөрийгөө хамгаалж хэд хэдэн удаа цохисон. Хаашаа яаж цохьсоноо сайн санахгүй байна. Энэ үед Ариунтуул бид хоёрыг салгах гэж оролдоод дийлэхгүй байсан. Хөндлөнгийн хоёр залуу тэнд явж байснаа салгах гэж оролдоод бас дийлэхгүй байсан. Ариунтуул салгах гэхэд нь тэр хоёр залуу чи оролцож болохгүй гэж хэлж байхыг би сонссон. Би Ариукаа энийг салгаад аваадахаач гэхэд тэр хоёр залуу чи оролцох юм бол бүр балай юм болно гэж хэлж байсан. Тэгээд салаад хоёр тийшээ болоод явсан. Би шууд Цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Араас Болорцэцэг ирж өргөдөл өгсөн...гэх мэдүүлэг /хх-н 25-26-р тал/
- Шүүгдэгч П.Огийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29, 30, 31 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас П.О нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Болорцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд П.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ч.Болорцэцэг нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул П.Од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.О нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Болорцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Болорцэцэг, гэрч З.Ариунтуул, Д.Лхагвацэрэн нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10861 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Ч.Болорцэцэг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх ба нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн, хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч П.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч П.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тайж овогт П Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П Ог 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ