| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1584/Э |
| Дугаар | 1618 |
| Огноо | 2019-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 1618
2019 10 24 2019/ШЦТ/1618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч М.П, түүний өмгөөлөгч Д.Батсүх ҮД:02-28 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Пд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04980 1859 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.П
Холбогдсон хэргийн талаар:
М.П нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны 04-05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 04-37 тоотод оршин суух Б.Болормаагийн гэрийн хаалга нь онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Хайер” загварын 32 инчийн хар өнгийн зурагт, гар утас, эмэгтэй хүний хар өнгийн цүнх, бичиг баримт зэрэг эд зүйлс хулгайлж, 218.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.П мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Болормаагийн өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын 27-ны 02 цагт нөхрийн хамт унтаад үүрээр 6 цагт сэрэхэд Hair-32 инч хар өнгийн зурагт, хужаа гар утас, эмэгтй хүний хар өнгийн цүнх бичиг баримт эд зүйл байсан алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Hair-32 инч хар өнгийн зурагт 2010 онд 450.000 төгрөгөөр авч байсан, хужаа гар утас 100.000 төгрөг, дэлгэц нь хагархай, эмэгтэй хүний хар өнгийн цүнх 50.000 төгрөг хуучин, Нокиа гар утас 40.000 төгрөг бичиг баримтыг үнэлэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Отгонбаатарын өгсөн:...Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 27-ны үүрээр буюу 05 цаг 10 минутын орчим Асайт худалдааны төвийн замын урд талд буюу Монгол засварын зүүн талд 32 инчийн зурагт хажуудаа тавьсан, эмэгтэй хүний хар цүнх үүрсэн 20 орчим насны залуу байсан. Тус залууг шалгахад бага хэмжээний архи хэрэглэсэн байсан ба таблетаар регистрийн дугаараар нь шүүж үзэхэд Мөнхбат овогтой М.П ВЛ...... регистрийн дугаартай хүн байсан бөгөөд өмнө нь бас хулгайн хэргээр ял эдэлж байсан байх тул сэжигтэй санагдаж Улиастай-10 дээр авч ирж жижүүрийн ахлахад танилцуулсан. Саатуулагдах хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 27-ны 06 цаг 40 минутанд Улиастай-10-аас Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 4-37 тоотод шөнө унтаж байхад хулгай орж зурагт, гар утас, цүнхтэй эд зүйлс алдагдсан байна гэсэн дуудлага мэдээллийг иргэн Болормаа 95569768 гэх дугаараас дуудлага өгсөн. Иймд тус дуудлагатай холбогдуулан шалгахад алдсан эд зүйлс нь таарч байсан тул жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч ажилласан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-7 дугаар тал/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,
- “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-25 дугаар тал/,
- Шүүгдэгч М.Пгийн иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцоо /хх-ийн 40, 41, 47-48, 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.П нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны 04-05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 04-37 тоотод оршин суух Б.Болормаагийн гэрийн хаалга нь онгорхой байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, “Хайер” загварын 32 инч, хар өнгийн зурагт, гар утас, эмэгтэй хүний хар өнгийн цүнх, бичиг баримт зэрэг эд зүйлс хулгайлж, 218.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Болормаа, гэрч Д.Отгонбаатар нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Пг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Болормаад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон байх тул шүүгдэгч М.Пг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. /хх-ийн 9 дүгээр тал/
Шүүгдэгч М.П нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолт, Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ял эдэлж байгаад суллагдсан хүмүүсийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 40, 47-48, 49 дүгээр тал/
Иймд шүүгдэгч М.Пд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6,9 дүгээр зүйлүүд зааснаар нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.П нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр суллагдан 2019 оны 08 дугаар сарын 27-нд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
М.П нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 27-28, 30-32, 52-53 дугаар тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Пг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Пд 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Пгийн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.П нь бусдад төлөх төлбөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ