| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1784/Э |
| Дугаар | 1801 |
| Огноо | 2019-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1801
2019 11 29 2019/ШЦТ/1801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Барга овогт Г Лд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05990 2519 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 77-2135 тоотод эхнэр Г.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхсайханы өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би ажлын газрынхаа 2 багштай хамт гадуур явж ажил хөөцөлдөж байгаад гэртээ 00 цаг өнгөрч байхад очсон. Намайг гэртээ очиход манай нөхөр болох Л архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Л намайг хардаж, хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гарах гэтэл машины түлхүүр надаас булаах гээд ноцолдсон. Тэгэхэд би газар толгойгоороо савж унахад Л миний зүүн гарт байсан түлхүүр авах гээд миний гарын хуруунуудыг дарж, хөшсөн бөгөөд нөгөө гараараа миний хоолойноос багалзуурдаж боосон. Тухайн үед Лгийн 2 дүү орж ирээд бид хоёрыг салгасан. Салгах үед Л зүүн гараараа миний толгой хэсэгт 2 удаа алгадсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн Г.Лгийн: ...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би 19 цаг 30 минутын үед ажлаа тараад эхнэр рүү залгахад “би харих болоогүй” гэж хэлээд салгасан. Буцаагаад залгахад утсаа авахгүй байсан. Тухайн үед эхнэр утсаа авахгүй байхаар нь би жоохон бачимдаад дэлгүүрээс 0.33 граммын нэг шил “Хараа” архи аваад ганцаараа гэр рүүгээ харих гээд алхаж явахдаа уусан. 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 77-2135 тоот болох гэртээ очсон. Тухайн үед эхнэр рүү залгах болгонд утсаа авахгүй байсан бөгөөд шөнийн 01 цагийн үед эхнэр болох Энхсайхан гэртээ ирсэн. Энхсайхан гэрт орж ирээд “би чамтай амьдарна гэж байхгүй юм байна” гэж хэлээд хамаг хувцасаа аваад машиныхаа хойшоо хийгээд байхаар нь би “хоёулаа ярилцъя” гэж хэлээд гэр рүү дагуулаад орсон. Тэгэхэд Энхсайхан гартаа машиныхаа түлхүүрийг барьсан байсан болохоор би түлхүүрийг нь булааж авах гээд ноцолдсон. Ноцолдох үед Энхсайхан бид хоёр хамт газар унасан. Тэгэхэд манай 2 дүү гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би гэртээ ороод унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11780 дугаартай шинжээчийн:
1. Г.Энхсайханы биед хүзүү, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Лгийн: ...Би тус дүгнэлттэй танилцсан. №11780 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн манай эхнэр Г.Энхсайханы биед учирсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Лгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27, 28, 30, 31 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 77-2135 тоотод эхнэр Г.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогч Г.Энхсайхан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Лд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 77-2135 тоотод эхнэр Г.Энхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Энхсайхан, яллагдагчаар өгсөн Г.Л нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 11780 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Лг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Энхсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Лг бусдад баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Л нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Г.Энхсайхан нь гомдол саналгүй болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болох хүсэлт зэргээр тогтоогдож байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барга овогт Г Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г Лг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Лд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ