Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1832

 

 

 

 

 

 

 

   2019        12          04                                  2019/ШЦТ/1832

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Дашдулам ҮД:07-25 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул овогт Б Цд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 04132 2621 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд оршин суух гэртээ хохирогч Д.Галбадрахтай маргалдаж, гараараа цохиж, заазуураар толгойн тус газарт нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байтал Баяраа, Галбадрах хоёр манайд ирсэн. Тэгээд хоол цай болоод би баярын юм гээд нэг шил архи гаргаж хувааж уугаад, дараа нь Баяраа нэг шил архи гаргаж ууцгааж байгаад морь, бөх ярьж байгаад хохирогч “чиний бөх мэддэг гэж юу байсан юм бэ?” гээд намайг сандлаар цохиод авахаар нь барьцалдаж аваад, гэрээс гарцгаасан. Тэгээд айлгах гээд гартаа таарсан юмаар цохисон. Би Галбадрахын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 300.000 төгрөгийг төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Д.Галбадрахын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 13-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Галбадрахын өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед нутгийн дүү болох Баяраагийн хамт мөн нутгийн дүү болох Цгийн гэр болох Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөрт байрлах гэрт очсон. Баяраа бид хоёрыг очиход Ц уусан байсан. Бид 3 Цгийн гэрт орж гурван шил архи уусан. Би уусан архиндаа согтсон байсан бөгөөд Цтэй бөх, морь ярьж байсан бөгөөд Ц нь “би та хоёрт тогооны хорхог хийгээд өгье” гэж хэлээд байж байсан би тасарсан байсан. Нэг ухаан ороход нэг цагдаа “та бос, таныг аллаа” гэж хэлж байсан. Би босоод цагдаа нарын хамт хэлтэс дээр нь ирсэн. Цагдаа нар Ц болон Баярааг эрүүлжүүлэх гэхээр нь би тэр цагдаагаас “та баяр ёслол болж байхад хүн эрүүлжүүлж яах юм бэ, гаргаад явуулчих” гэж гуйсан. Харин нөгөө цагдаа надад “яаж гаргаж явуулах вэ, та наад нүүрээ хар л даа, энэ толинд хар” гэхээр нь хартал миний нүүр зүсэгдсэн байсан. Би гэртээ хариад байж байтал манай эхнэр ажлаасаа ирээд хамт ирж өргөдөл өгсөн. Бид нарыг анх авч ирсэн цагдаа манай эхнэрт Баяраа гэх хүн заазуураар зүсч гэмтээсэн байна гэж хэлсэн байсан. Би бодохдоо цагдааг хэлсэн болохоор нь Баярааг юм байх гэж бодож байтал харин Ц надаас “ах аа, би таныг заазуураар зүссэн байна, ёстой уучлаарай” гэсэн. Надад нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Ц нь надад учирсан хохирол болох 300.000 төгрөгийг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрдэнэбилэгийн өгсөн: ...Ц нь надад Галбадрах гэдэг хүний биед гэмтэл учруулсан талаараа хэлж байсан бөгөөд хохирлыг нь барагдуулна гэж надаас мөнгө авч байсан. Би Цгийн хамт ажилд явж байгаа нэг хүний эхнэртэй холбогдож асуусан бөгөөд мөн нөхрийнх нь утас холбогдох боломжгүй байгаа гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 8556 дугаартай шинжээчийн:

1. Д.Галбадрахын биед толгойн хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбээ, уруул, хүзүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалганд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Цгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, “Өндөр дөл Цамхаг” ХХК-н тодрхойлолт, Б.Цгийн “ХААН” банкин дахь дансны хуулга /хх-ийн 40, 41, 48 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Цгийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд оршин суух гэртээ хохирогч Д.Галбадрахтай маргалдаж, гараараа цохиж, заазуураар толгойн тус газарт нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.Галбадрах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, хавтаст хэрэгт хохирлын баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Цд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгайд оршин суух гэртээ хохирогч Д.Галбадрахтай маргалдаж, гараараа цохиж, заазуураар толгойн тус газарт нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Галбадрах, гэрч Б.Эрдэнбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8559 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Д.Галбадрах нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, 300.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн, мөн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сартуул овогт Б Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б Цг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ