Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 6170

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

: Монгол улсын иргэн ЦЖ70101113 тоотод оршин суух Хиад боржигон овогт Нямжавын Энхбаярын нэхэмжлэлтэй,

ч: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин байх Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг-т холбогдох,

Ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх н хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгт манаачаар ажилд орсон. Ажиллах хугацаанд ямар нэг сахилгын шийтгэл хүртэж байгаагүй бөгөөд бусадтай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргасныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзээд ажлаас халсанд гомдолтой банйа. Намайг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 тоот тушаалаар халсан боловч тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг өгөхгүй байсаар 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Энхбаяртай Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-д заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай харилцан тохиролцож байгуулсан бөгөөд гэрээний хугацаа дууссан, ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 9.2 байгууллагын дотоод журмын 10.2, 14.2, 15.2 дахь заалтыг тус тус зөрчсөн тул 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаар тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Н.Энхбаяр нь анх манай байгууллагад 2014 оны 10 сард манаачаар ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй байхад буюу 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдэж, өршөөлийн хуулиар суллагдсан. Тус үйлдэл Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.7, байгууллагын дотоод журмын 14.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл бүрдсэн байхад ар гэрийн гачигдал гарсан Архангай аймагт байхаар болсон хэмээн байгууллагын захиргаанд өргөдөл гарган жилийн чөлөө авч ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Гэвч Н.Энхбаярт дахин итгэл хүлээлгэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллах 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан боловч ажлын байран дээрээ танхайрах асуудал удаа дараа гаргасан мөн худал хэлж туслах багшийн сертификат гаргаж өгнө гэдэг нэрийдлээр Г.Дугарсүрэнгээс 150.000 төгрөг, Б.Мягмарсүрэнгээс 200.000 төгрөг тус тус аваад одоо хүртэл өгөөгүй бөгөөд эдгээр ажилчид нь цэцэрлэгийн захиргаанд гомдол мэдүүлсэн болно гэв.

Талууд шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь Н.Энхбаярыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ажилд нь буюу 200 дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэсгээсээ татгалзав гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь хариуцагч Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг-т холбогдуулан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ажилд нь буюу 200 дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд Н.Энхбаярыг эгүүлэн томилохоор тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны явцад байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ажилд нь буюу 200 дугаар цэцэрлэгийн манаачийн ажилд Н.Энхбаярыг эгүүлэн томилохоор эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэгээс 70.200 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ