Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1835

 

 

 

 

 

 

 

2019       12          05                                  2019/ШЦТ/1835

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч О.Баясбаясгалан ҮД:22-60 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт С Нд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06826 2667 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Вайт нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Мөнхбаатарын нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхбаатарын өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 04 цагийн үед найз болох Нямкагийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “White” гэх бааранд үйлчлүүлж байгаад гарсан бөгөөд баарны гадна үл таних залуучууд зогсож байсан ба тэр залуучуудын нэг нь над руу ирсэн бөгөөд бид нар хоорондоо шорлогноос болж маргалдсан юм. Тэгтэл туранхай 175 см өндөртэй залуу нь миний куртикнээс заамдаад авсан бөгөөд “хөөе яагаад байгаа юм” гэсэн чинь тэр залуу шууд нүүр рүү цохиод авсан бөгөөд тэр залуучууд бүгд над руу дайрсан ба намайг газарт цохиж унагаад, нүүр, толгой, цээж, хавирга руу өшиглөж гарсан. Тухайн үед би бага зэрэг халамцуу байсан ба толгойгоо хамгаалж гараараа хаасан. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирсэн юм. Тэр залуучууд дөрвүүлээ байсан ба бүгд намайг нийлж зодсон...

...Тухайн үед Бат-Амгалан гэдэг анх баригдсан шар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай залуутай хамт явсан залуу нь миний нүүрэн тус газарт нэг удаа цохиод түлхсэн санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 11-12, 13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Бат-Амгалангийн өгсөн: ...Би С.Нг явуулчихаад ганцаараа үлдээд Баянцээлээр дээш өгсөөд явах гэтэл хохирогч Б.Мөнхбаатар миний ардаас зулгаагаад намайг эрүүн тус газар нэг удаа цохихоор нь би хавирч унагаад цээжин тус газар нь цэнхэр өнгийн жордон гэсэн пүүзтэй баруун хөлөөрөө өшиглөсөн санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13807 дугаартай шинжээчийн:

1. Б.Мөнхбаатарын биед зүүн гайморын хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор булан, хацар, хамрын нуруу, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Нгийн: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө танил Бат-Амгалантай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн орчим уулзаад 23:00 цагийн орчим Вайт нэртэй бааранд ороод би 2 шил “Сэнгүр” нэртэй пиво авч уугаад бүжиглэж байтал зөөгч байрын паск зүүсэн үл таних 25-30 орчим насны залуу ширээ болгон дээр очиж архи ууж явсаар манай ширээн дээр ирэхээр нь би очтол надаас уух юм байна уу гэж асуухаар нь надад байхгүй гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод хамт гарах уу гэхээр нь гарсан чинь шорлог зарж байгаа хүн дээр очоод шорлог авч идэж байхаар нь би Бат-Амгаланд явлаа гэж хэлэх гээд хүлээж байсан чинь өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би тэр залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохичихоод түлхээд өөрөөсөө холдуулсан чинь Бат-Амгалан гарч ирээд биднийг салгаад намайг битгий хүнтэй маргалдаад бай, ингээд яв гэж хэлээд явуулахаар нь би тэндээс алхаад гэртээ харихаар явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

            - Хохирогчийн хүсэлт  /хх-н  33-р тал/,

- Шүүгдэгч С.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31, 32 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Вайт нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Мөнхбаатарын нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байна.

С.Нгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчид учруулсан хохирол болох 5.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул С.Нд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 04 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Вайт нэртэй баарны гадна таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Б.Мөнхбаатарын нүүрэнд цохиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Мөнхбаатар, яллагдагчаар өгсөн С.Н нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13807 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Б.Мөнхбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд 5.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Нгаас хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч С.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт С Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С Нг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Нд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ