Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Б, О.Л, Н.Б

        нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор Б.Соёлмаа,

            ялтан О.Лын өмгөөлөгч Н.Цэрэндулам,

            ялтан Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээ,

            ялтан Н.Бгийн өмгөөлөгч Н.Одонтуяа, Ж.Яринпил,

            нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Б, ялтан О.Лын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б, О.Л, Н.Б нарт холбогдох 201626030567 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Б.Б, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Октъябрын 9 дүгээр гудамжны 23 тоотод оршин сууж байсан. /регистрийн дугаар: МК94040313/;

 

2. Н.Б, Төв аймгийн Зуунмод суманд 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт амьдардаг, хэрэгт холбогдох үедээ Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг, Баруун Зуунмод 40 дүгээр байрны 16 тоотод оршин сууж байсан. /регистрийн дугаар: НЭ94083031/;

 

3. О.Л, Ховд аймгийн Цэцэг суманд 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эгч нарын хамт амьдардаг, Ховд аймгийн Цэцэг сумын 5 дугаар баг, Хөшөөт гудамжны 92 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамжны 146а тоотод түр оршин сууж байсан. /регистрийн дугаар: ПМ92123011/;

 

Б.Б нь Э.Баярсайхан, А.Алтантулга, Х.Балжинням нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-15 тоотод оршин суух О.Мгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 210,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “BSB” загварын телевизор хулгайлсан,

Э.Баярсайхан, А.Алтантулга нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-15 тоотод оршин суух Н.Оийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 450,000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Самсунг” загварын телевизор хулгайлсан,

Б.Б, О.Л, Н.Б нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, бусдын эд зүйлийг авах зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадаа Ж.Э, Х.Ө нарыг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн зодож, Ж.Эын биед хөнгөн гэмтэл учруулан “Samsung note 1” загварын гap утас, “I pad” зэрэг эд зүйлийг нь дээрэмдсэн бөгөөд уг үйлдэлд Б.Б, Н.Б нар санаачлан зохион байгуулж гүйцэтгэсэн, О.Л гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, О.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг давтан үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд
нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

Б.Б, Н.Б, О.Л нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт
зааснаар Б.Бт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Б, О.Л, Н.Б нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 5 жил 1 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 5 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, О.Л, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Б.Бын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цүнх, цувыг хохирогч Ж.Эод буцаан олгож, “I pad”-ны гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

            Ялтан Н.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие О.Л, Б.Б нартай хэрэг болдог өдөр хамт явж байгаад, өөдөөс ирж явсан хүнтэй байрны нарийн замаар зөрөхдөө санамсаргүй мөрөлсөн. Тэр ах Ө байсан ба бид хоёр харилцан зодолдсон. Миний нүүр хавдаж, нүд цохиулснаас болж хөхөрч хавдсан болох нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс авсан гэмтлийн фото зургаар тогтоогдсон. Үүнийг хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Ө ахтай явсан Э-д гэж хүнд би огт гар хүрээгүй. Энэ явдал хурдан хугацаанд болж өнгөрсөн ба цаанаас хүн дуугарахад надтай явсан хоёрын нэг нь зугтааж, ардаас нь би гүйсэн. Ингээд бид хоёр цаана очоод нэг газар суухад Л гар утас үзүүлэн “газар унасан байсан” гэж хэлсэн. О.Лыг гар утас авсан гэдгийг хараагүй, мэдээгүй.

Хохирогч Ө бид хоёр харилцан бие биеэ цохьсон. Тухайн үед өөрийн биед учирсан гэмтлийн зэргээ тогтоолгож чадаагүй болно. Миний хувьд үйлдсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хохирогч Өд учруулсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас гэм хор бүрэн арилсан юм.

Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн “бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан”-аар өөрчилж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөрүүлэн шийдэж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан О.Лын өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч О.Л нь тухайн хэрэг маргаан болох үед газар унасан гар утсыг авч явсан. Хохирогч Э-дтой огт маргаан хийгээгүй. Энэ талаар хохирогч Ж.Э цагдаад гаргасан өргөдөл, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэг зэрэгт тодорхой мэдүүлдэг. Шүүхээс дүгнэхдээ шүүгдэгч нарыг бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэстэй гэж үзсэн. Шүүгдэгч О.Лхавгабат нар нь хохирогч Ж.Эын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан ба гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмшиж харамсдаг.

О.Лад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйл 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн ялыг багасгаж, хөнгөрүүлэх хүсэлтэй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэж үзэх үндэстэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд “эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 6.1.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр” хуульчилж өгсөн. Шүүгдэгч О.Лхавгабатад оногдуулсан ял шийтгэлийг эрүүгийн хуульд нийцүүлэн хөнгөрүүлэх боломжтой байна.

Иймд О.Лын холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг журамлан ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

 

Ялтан Б.Бын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Бын үйлдэл нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэж үзэх үндэслэлтэй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсний дагуу миний үйлчлүүлэгчийн үйлдлийг хянаж өгнө үү. Иймд Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасныг журамлан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

            Ялтан Н.Бгийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэг гардаг өдөр Н.Б, О.Л, Б.Б нар болон хохирогч гэх Н.Ө, Ж.Э нар бүгд согтуу байсан. Нарийн гудамжаар зөрөхдөө мөрөлсний улмаас Н.Ө, Н.Б нар харилцан зодолдсон. Н.Бг Н.Ө цохьсоны улмаас түүний нүүр хавдсан байсан нь фото зургаар тогтоогдсон. Хохирогч Ж.Э мэдүүлэг өгөхдөө “би тухайн үед цүнхээрээ далайгаад цүнхээ өгөөгүй” гэдэг. Тэгэхээр шууд тэр хүний биед хүч хэрэглэж довтолсон зүйл байхгүй, харилцан зодолдсон гэдэг асуудал байгаа учраас Н.Бгийн үйлдлийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирогч Н.Ө, Ж.Э нараас цагдаагийн байгууллага тухайн үед нь согтолттой гэж мэдүүлэг авалгүйгээр, маргааш нь мэдүүлэг авсан байдаг. Тэгэхээр хохирогч нарын мэдүүлэг 100 хувь үндэслэлтэй гэхэд эргэлзээтэй. Мөн хохирогч нар “Ташкент” ресторанд найзуудтайгаа  “I pad”-аар зураг авч байсан гэж мэдүүлсэн байдаг боловч “I pad” байсан эсэх талаар хохирогч нартай хамт байсан хүмүүсээс тодруулах ажиллагаа хийгээгүй. Хохирогчийн алдсан гэх эд зүйлийн үнэлгээний талаар удаа дараа зөрүүтэй үнэлгээ гарсан ч тухай эд зүйлийг үнэлгээний дагуу шүүгдэгч  нар төлж, хохирогч гомдол саналгүй болсон.

Шүүгдэгч нарын мэдүүлэгт зөвхөн гар утас байсан гэж мэдүүлсэн бөгөөд харилцан зодолдож, улмаар зугтааж гүүрэн дээр очихдоо О.Л гар утсыг нь авсан байсныг нь мэдсэн гэдэг. Тэгэхдээ Б.Б, О.Л нар гар утсыг нь авсныг нь мэдээгүй байдаг. Тэгэхээр дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэж байгаа энэ нөхцөл байдлын хувьд үгүйсгэж, гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна.

Иймд Н.Бгийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зөвтгөн зүйлчилж, оногдуулах ялыг түүний цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлэн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Баатасрүрэнгийн өмгөөлөгч Ж.Яринпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан Н.Бгийн үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж, оногдуулах ялыг түүний цагдан хоригдсон хоногт дүйцүүлэн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар, хүсэлтийг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Б.Б нь бусадтай бүлэглэн давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн Б.Б, О.Л, Н.Б нар бүлэглэн хохирогч Н.Ө, Ж.Э нарын эд зүйлийг нь авах зорилгоор, хүч хэрэглэн халдаж гэмтэл учруулан, эд зүйлсийг нь дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

Өмгөөлөгч нарын давж заалдсан гомдол, тайлбарт харилцан зодолдсон асуудал ярьж байна. Мөрдөн байцаалтын шатанд, анх шүүгдэгч нараас авсан тайлбарт хоорондоо зодолдсон гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх харилцан зодолдсон байгаа эсэхийг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үед өмгөөлөгчийн тайлбарласан Н.Бгийн зодуулсан гэх зураг авагдсан. Гэхдээ хохирогч нарын мэдүүлэгт харилцан зодолдож, шүүгдэгч нарт халдаагүй гэж тогтвортой мэдүүлсэн. Н.Бгийн биед учирсан гээд байгаа гэмтэл нь өөр, хоорондоо архи ууж байхдаа зодолдсон гэсэн мэдүүлгийн дагуу өөрсдөдөө учруулсан байхыг үгүйсгэхгүй.

“I pad”-ны хувьд хохирогч нартай хамт ресторанд байсан хүмүүсээс нь гэрчээр асууж, тухай эд зүйл байсан эсэхийг тодруулж, тодорхой ажиллагаа хийгдсэн. Мөн өмгөөлөгч тухайн хэрэг болсон газар хоёр хүн зөрөхөд шүргэлцэх хэмжээний нарийн гудамж гэж байгаа боловч хэрэг учрал  гарсан газарт үзлэг  хийх явцад тухайн газар нь 10 хүн зөрөхөд хүрэлцэхүйц гудамж байсан. Түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлэгт урьдаас хохирогч нарын эд зүйлийг авах талаар ярьсан гэдгээ мэдүүлсэн. Иймээс О.Л, Б.Б, Н.Б  нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байгаа учир Б.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад хамаарахаар байгаа боловч оногдуулах ял хүндэрсэн тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Харин шүүгдэгч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад хамаарч, оногдуулах ял нь хөнгөрч байгаа тул мөн зүйл, заалтаар зүйлчлэх үндэслэлтэй.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Б.Б, О.Л, Н.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр, хэргийн бусад оролцогч, прокуророос гомдол, эсэргүүцэл гаргасан эсэхийг харгалзахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Б.Б нь Э.Баярсайхан, А.Алтантулга, Х.Балжинням нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 3-15 тоотод оршин суух О.Мгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 210,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн “BSB” загварын телевизор хулгайлсан,

Э.Баярсайхан, А.Алтантулга нартай бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 7-15 тоотод оршин суух Н.Оийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 450,000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн “Самсунг” загварын телевизор хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Н.Оийн: “... 2016 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчим гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан... маргааш нь 24-ний өдөр гэртээ ирсэн. Гэтэл байшингийн цоожийг эвдэж, хулгайч орсон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 42 инчийн “Самсунг” загварын зурагт, удирдлагын хамт алдагдсан байсан... Сүүлд зурагтаа “Хараа сутай” ломбарднаас 120,000 төгрөг төлж авсан...” /1-р хх-90-92, 210/,

- Хохирогч О.Мгийн: “... 2016 оны 3 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим ажилдаа яваад 14 цагийн орчим ирэхэд манай гэр цоожгүй, хаалгыг нь хаагаад орхисон байсан. Гэртээ ороод үзэхэд “BSB” загварын хар өнгийн 32 инчийн “LED” зурагт байхгүй байсан... Манай зурагтыг ломбарданд тавьсан байсныг 90,000 төгрөг төлж авсан...” /1-р хх-132, 2-р хх-8-9/,

- Гэрч Р.Даваагийн: “... 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2 залуу манай барьцаалан зээлдүүлэх газар орж ирээд “BSB” загварын 32 инчийн “LED” зурагт барьцаанд тавьсан... 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Мөнхбаяр гэж залуугаас РД:ТА94052230 дугаартай бичиг баримтаар 40 инчийн “Самсунг” загварын зурагтыг 120,000 төгрөгийн барьцаанд авч зээл олгосон... 32 инчийн “BSB” загварын зурагт, 42 инчийн “Самсунг” загварын зурагтыг хохирогч гэх хоёр эмэгтэй ирээд, нэгийг нь 120,000 төгрөгөөр, нөгөөг нь 90,000 төгрөг төлөөд авсан...” /1-р хх-93-94/,

- Гэрч М.Мөнхбаярын: “... 2016 оны 3 дугаар сарын 24-ний... өглөө 11 цагийн орчим манай гэрт найз Баярсайхан, Алтантулга хоёр ирээд “зурагт барьцаанд тавих гэсэн юм, чамд иргэний үнэмлэх байна уу” гэсэн. Би иргэний үнэмлэхээ аваад ирэхэд Алтантулга, Баярсайхан хоёр Ганбаа гэж таксинд явдаг ахын машинтай нэг зурагт авчихсан явж байсан. Тэгээд шууд үйлчилгээний төв рүү очоод миний бичиг баримтаар 120,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /1-р хх-95/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогч Н.Оийн “Самсунг” загварын 42 инчийн 450,000 төгрөгийн үнэтэй гэсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-98/,

- Хохирогч О.Мягмарсүрэгийн “BSB” загварын 32 инчийн 200,000 төгрөг, орны бүтээлэг 10,000 төгрөгийн үнэтэй гэсэн “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээ /1-р хх-135/,

- “Хараа сутай” Барьцаалан зээлдүүлэх газрын №6720, №6815 дугаар гэрээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрээний хуулбарууд /1-р хх-126-127/,

-  А.Алтантулга, Э.Баярсайхан, Б.Б нар хохирогч Н.О, О.М нарын эд зүйлийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

2. Б.Б, О.Л, Н.Б нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө, 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6а байрны гадна Ж.Э, Х.Ө нарын эд зүйлийг авахаар урьдчилан үгсэн тохирч, хүч хэрэглэн довтолж Ж.Эын биед хөнгөн гэмтэл учруулан “Samsung note 1” загварын гap утас, “I pad” зэрэг эд зүйлийг нь авсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэрэгт О.Л гүйцэтгэгчээр, Б.Б, Н.Б нар зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь:

 

- Хохирогч Ж.Эын: “... 2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой... Өыг гэрт нь дөхүүлж өгөх санаатай “Ташкент” рестораны урдуур 2 байрны нарийн замаар явж байтал урдаас 3 залуу гүйж гарч ирээд 1 залуу нь шууд Ө руу дайрч цохиж унаган, үлдсэн 2 залуу нь над руу дайрч, миний гартаа барьсан цүнхийг авах гээд зууралдсан... Тэгтэл цаана Ө газар унасан, түүний толгой руу өшиглөж байсан. Миний цүнхийг булаах гээд байсан 2 залууд өгөхгүйн тулд цүнхээрээ хааж, савсан. Тэгтэл тэр хоёр залуу зэрэг дайраад, миний зүүн гар талд байсан өндөр залуу нь нүд рүү цохиж, арагш савж унагаасан. Намайг унасан байхад тэр 2 дайрахаар нь хөлөөрөө жийсэн. Гэнэт тэр хоёр залуу “юу болсон юм бол” гэмээр зугтаасан. Би босоод Ө руу хартал нөгөө залуу Өы толгой руу нь өшиглөөд, тэр хоёр гараараа хаасан байдалтай байсан. Би тэр залуу дээр очоод мөрнөөс нь татах гэтэл зугтаагаад явсан... Миний цамцны зүүн талын халаасанд байсан “I pad”-ны гэр газар хэвтэж байхаар нь очоод аваад үзтэл дотор нь байсан цагаан өнгийн “I pad”... болон “Note-1” загварын хар өнгийн гар утас байхгүй байсан...” /1-р хх-19-2, 178/,

- Хохирогч Х.Өы: “... Э-д бид хоёр манай гэр лүү явах гээд рестораны урд талын нарийн замаар явж байтал тэр харанхуй замд миний зүүн хавирга руу “пид” гээд хүн цохих шиг болсон. Миний харснаар 3 залуу байсан. Над руу нэг залуу нь дайрч бид 2 ноцолдсон. Нөгөө хоёр залуу нь Э-д руу дайрсан. Тэр 2 залуу Э-дын барьж явсан цүнх рүү нь дайраад ноцолдоод байсан. Над руу дайрсан залуу нь намайг газар унагаан дээрээс өшиглөсөн. Тэр үед хэдэн залуус гарч ирээд “хөөе юу болж байна” гэхэд нөгөө 3 залуу зугтаагаад явсан. Тэгээд Э-д эд зүйлээ бүртгэж үзэхэд “Note-1” загварын гар утас, “I pad” нь байхгүй байсан...” /1-р хх-16-17/ гэсэн мэдүүлгүүд,

- Хохирогч Ж.Эын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт  бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4896 дугаар дүгнэлт /1-р хх-31/,

- Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-181-187/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1-р хх-174-175/,

- Сэжигтэн О.Лын “... 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баатараа, Булгаа бид гурав Энхтайваны гүүр давах гээд алхаж явтал хоёр ах таарсан. Баатараа, Булгаа хоёр “тэр ах нарын юмыг авъя” гэж яриад байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөхдөө Баатараа нэгийг нь шүргэсэн юм. Булгаа, Баатараа хоёр тэдэнтэй ноцолдож байтал нэг ахынх нь халааснаас гар утас нь унасан. Би тэр утсыг нь аваад гүүр рүү гүйсэн. Араас Булгаа, Баатараа хоёр гүйсэн...” /1-р хх-54/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс Б.Быг “бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан”, Б.Б, О.Л, Н.Б нарыг “бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Хохирогч Ж.Эын “... гурван залуу гүйж гарч ирээд нэг нь шууд Ө руу дайрч, хоёр нь миний гартаа барьсан цүнхийг авах гээд зууралдсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Х.Өы “... харанхуйд явж байтал миний зүүн хавирга руу “пид” гээд цохих шиг болсон. Над руу нэг залуу нь дайрч ноцолдсон. Нөгөө хоёр залуу Э-дын барьж явсан цүнх рүү дайраад ноцолдоод байсан...” гэсэн мэдүүлгүүд нь сэжигтэн О.Лын “...Баатараа, Булгаа хоёр “тэр ах нарын юмыг авъя” гэж ярилцаад Баатараа нэгийг нь шүргэсэн ...” гэсэн мэдүүлэг болон хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж, Б.Б, О.Л, Н.Б нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр хэлэлцэж, хүч хэрэглэн үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул “Н.Бгийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр, О.Лын үйлдлийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэргээр зүйлчлэх” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж, энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэн хуульчилсан учраас хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй. Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар баривчлах ялыг халснаар Б.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг эдлэх боломжгүй болсон тул уг ялыг эдлэхээс чөлөөлөх нь зүйтэй.

 

Б.Б, О.Л, Н.Б нар урьдчилан үгсэн тохиролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх ба энэ зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хорих ялын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаас хөнгөрсөн байна.

 

Иймд ялтан Б.Б, О.Л, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж, тус бүрт нь гурван жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын:

 

- Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... Боржигон овогт Баасансүрэнгийн Б, Боржигон овогт Насандэлгэрийн Б, Анчин шарнууд овогт Отгонпүрэвийн Л нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн хэсгийг “... Б.Б, Н.Б, О.Л нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

- Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Б.Б, О.Л, Н.Б нарыг тус бүр 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн хэсгийг “... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2, 3.3 дугаар зүйлийг тус тус баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, О.Л, Н.Б нарыг тус бүр 3 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

 

- Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, О.Л, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, О.Л, Н.Б нарыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан Н.Б, ялтан О.Лын өмгөөлөгч Н.Цэрэндулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

М.ПҮРЭВСҮРЭН