Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

2017 оны ... сарын ... өдөр

Дугаар 123/ШШ2017/00....

Төв аймаг


 

   

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Саран арвай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдох

“Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэбаяр, Д.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-ийн захирал Б.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:  Манай компани нь үр тарианы зориулалтаар 2014 оны 04 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд ялж Тариалангын талбайн байрлалтай 5 дугаартай 198 га газрыг эзэмших болсон. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус сумын Засаг даргын А/102 дугаар захирамж гаргаж гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн тул уг нэгж талбарын гэрчилгээг хүчингүй болгожээ. Өмнө өгсөн мэдэгдэх хуудастай танилцаад уг мэдэгдэх хуудсын эрх зүйн үндэслэлийг тодруулах хүсэлт Засаг даргад албан ёсоор тавьсан хэдий боловч хариу өгөлгүй байсаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан нь ямар нэг зорилгоор хийсэн гэж хардах сэжим төрүүлж байна. Уг захирамжын талаар Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан атал өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна. Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Саран арвай” ХХК нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус компани дуудлага худалдаанд оролцож 198 га газрыг газар тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. А/102 дугаар захирамж гарснаар тус компанийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Төв аймгийн Засаг даргад 2016 оны 08 сард сумын Засаг даргын А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Баяндэлгэр сумын Засаг даргаас анх мэдэгдэл өгөхдөө танай 64 тоот захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэж байна. Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Гүррагчаагийн гарын үсэгтэй 1 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн байдаг. “Саран арвай” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/4086 гэдэг албан бичгээр андуурал гарсан юм шиг байна тодруулга өгөөч гэсэн бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. А/64 тоот захирамж нь “Саран арвай” ХХК-нд ямар ч хамааралгүй. Манай компанид хамааралгүй юм байна гэж буцаасан. 2016 оны 06 дугаарын 08-ны өдөр газар дээр очиж хөрсөө хагалж байхад, Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас ажилчид нь ирж үйл ажиллагааг нь зогсоож, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/102 тоот захирамжийг өгсөн. Тухайн захирамжийг өгсөнөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Баяндэлгэр сумын Засаг даргын А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад гомдол гаргахад хариу өгөөгүй. 64 тоот захирамжийг хүчингүй болгосон мэдэгдэл нь 2016 оны 05 сард буюу цаг хугацааны хувьд зөрүүтэй гарсан байдаг. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжаар 94 тоот захирамжийг хүчингүй болгосоныг мэдсэн. Анх албан мэдэгдэлд дурьдсан захирамжийн дугаар зөрүүтэй байсан учраас 64 тоот захирамж нь ямар захирамж юм гэдгийг нотлох үүднээс Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны захирамжийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар авах хүсэлт гаргасан. Захирамжийн бүртгэл нь ирсэн ч хэдэн оны захирамжийн бүртгэл гэдэг нь мэдэгддэггүй он сар өдөр байхгүй тодорхойгүй бүртгэлийн дэвтэр ирсэн. Захирамж нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг цуцалсан захирамж гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа жил дараалан ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоогоогүй. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-нд огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийг өөрийн эрхээ хамгаалах талаар боломж олгоогүй. Өөрсдөө энэ үүрэг хариуцлагыг ухамсарлаагүй байна гэж үзэж байна. Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө төлөөгүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй. Хариуцагч талаас өгсөн тайлбартаа газрын төлбөрөө төлөөгүй гэсэн байсан. Тариалангийн тухай хуульд заасны дагуу газраа ашиглаагүй гэж тайлбарласан байсан. Нэхэмжлэгч “Саран арвай” ХХК-иас 198 га газрынхаа тодорхой хэмжээнд уринш боловсруулах ажиллагааг 2016 оны 05 сарын сүүлээр хийж эхэлсэн. Уринш боловсруулах ажиллагаагаа нэг мөр яваад, дахиад хагас мөр явж байхад нь Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, цагдаатайгаа хамт ирж үйл ажиллагааг нь зогсоосон. Хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаагүйгээс болж тухайн компани нь хохиролд орж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг Тариалынгийн Талбайд “Саран арвай” ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн а/94 тоот сумын Засаг даргын захирамжаар 198 га газрыг эзэмшихээр олгож Засаг даргын Тамгын газрын газрын даамалтай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. “Саран арвай” ХХК эзэмшиж байгаа газраа гэрээний дагуу ашиглаагүй, газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй, дутуу зэрэг гэрээгээ зөрчсөн тул 2016 оны 05 дугаар 18-нд мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжаар газар эзэмших гэрчилгээг цуцалсан байна. 2 жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээгээ дүгнүүлээгүй. Цуцлах захирамж хуулийн хүрээнд гарсан зөв шийдвэр гэж үзэж байна гэжээ.

Харуиуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 2014 онд “Саран арвай” ХХК нь дуудлага худалдаанд ялж 198 га газрыг үр тариаланы зориулалтаар эзэмшсэн. Газар эзэмших эрх олгосон 94 тоот захирамжийн 3 дугаар заалтаар хяналт тавьж ажиллахыг Гүррагчаад даалгасан болохоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдэгдэл өгсөн. Баяндэлгэр сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд “Саран арвай” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. “Саран арвай” ХХК нь газрын төлбөрт 500.000 төгрөг төлсөн боловч аль газрын төлбөр гэдэг нь тодорхойгүй байгаа. Тухайн компани Баяндэлгэр суманд өөр газар эзэмшдэг. Тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг мэдэгдсэн албан мэдэгдэлийн хуудсан дээр танай 198 га талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж бичсэн байгаа. Ингэж бичсэн байхад хангалттай ойлгогдох байх гэж бодож байна. Мэдэгдэх хуудсан дээр захирамжийн дугаар зөрсөн болохоос он сар газрын хэмжээний хувьд зөрүүгүй байгаа. Газрын тухай хуулинд зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болохоос өмнө 14 хоногийн дотор мэдэгдэх хуудсаа өгдөг. Газар эзэмших эрх олгосон 64 тоотод захирамжаар хяналт тавьж ажиллахыг байгаль орчны хяналтын улсын байцаагч Гүррагчаад даалгасан байгаа учраас Гүррагчаа мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Газар эзэмших гэрээнд заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.1.5, 40.1.6-д зааснаар үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. 2015 оны 03 дугаар сарын 31-ны өдөр “Саран арвай” ХХК нь газрын төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Нийт газрын төлбөр нь 925,29 га газрын төлбөр 1.071.485 төгрөгийг төлөх ёстой. Засаг даргын А/102 тоот захирамж гарснаас хойш 5 хоногийн дараа очиж 0.44 га газрыг хагалсан. “Саран арвай” ХХК нь Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний заалтаа зөрчин газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ.

Харуиуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Саран арвай” ХХК-нд өгсөн мэдэгдэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон он сар өдөр дугаар таарч байгаа. Мөн талбайн хэмжээ нь 198 га гэж бичсэн байдаг. 198 га талбай гэж өөр газар байхгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалгаан гэдгийг ойлгохдоо аж ахуйн нэгжийн зүгээс бидэнд ийм хүндэтгэн үзэх шалтгаан байсан учраас 2 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй гэдэг хүсэлтээ гаргаж өгөх ёстой гэж ойлгож байна. 2014-2016 он хүртэл жилийн хугацаанд Баяндэлгэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын тариалалт хийсэн талбай болон авсан ургацын талаарх судалгааг нотлох баримтаар өгсөн. Тус судалгаан дээрээс “Саран арвай” ХХК нь ямар үйл ажиллагаа явуулсан талаар харагдана гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх цуцлах тухай” А/102 дугаар захирамж[1]-аар “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь” гээд нэг дэх хэсэгт “Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2-р багийн нутагт ... “Саран Арвай” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан газрын хянан баталгааны дүгнэлт хийлгээгүй 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй зэрэг гэрээний заалтуудыг ноцтой зөрчсөн тул тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж, мөн хоёр дахь хэсэгтээ “Энэхүү захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/94 тоот захирамжтай “Саран Арвай” ХХК-д холбогдох хэсэг 000309030 тоот гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хууль тогтоомжид нийцсэн захирамж гаргана гэж заасан байдагч А/102 тоот захирамж нь хууль тогтоомжид нийцэж гараагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүйг нягтлан шалгаж тогтоох ёстой байтал тогтоож чадаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар урьдчилан мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. Албан мэдэгдэл өгсөн гэж хэлж байгаа боловч тухайн мэдэгдэл нь он сарын хувьд зөрүүтэй, энэ захирамж гараагүй байхад хүчингүй болгосон гэдгийг мэдэгдэж байгаа, газар эзэмших эрх олгосон захирамжийн дугаар нь 64 тоот гэж бичигдсэн байсан. Мөн газар эзэмших гэрээнд гэрээний талууд санал гаргаагүй бол гэрээ нэг жилээр сунгагдна гэж зааснаар гэрээ сунгагдаад явж байгаа” гэж гарган маргасан.

Харин хариуцагч тал нь “Саран Арвай” ХХК-д өгсөн мэдэгдэлд бичихдээ газар эзэмшүүлсэн захирамжийн дугаар буруу бичигдсэн боловч 198 га газар болон газар эзэмшүүлсэн он сар өдөр таарч байгаа. 198 га-гаар өөр талбай тэнд байхгүй. Нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаантай бол гэрээнд зааснаар бидэнд мэдэгдээгүй, тус газраа огт ашиглаагүй, харин өөр зарим талбайдаа үйл ажиллагаа явуулж байсан, газрын төлбөрөө төлж гэрээ дүгнүүлээгүй, гэрээний хугацаа дууссан” гэж маргажээ.

Маргааны үндэслэлд холбогдуулан үзвэл маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд, 40.1.6-д нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсанд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагчийн гаргасан актын улмаас нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/94 дүгээр захирамжаар нэгж талбарын 180600814 дугаартай,  198 га газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж [2], тухайн үед аж ахуйн нэгжийн захирал Ж.Чинзориг нь сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Э.Шинэбаяртай 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрөө “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж [3], 000309030 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г авсан.[4] Тус “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-д “Газрын гэрээний нөхцлийн дагуу эзэмшээгүй, ... Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож, ...” гэж, 5 дугаар зүйлийн 5.5-д “... Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээ 1 /нэг/ жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж, талууд нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаагаар байгуулав” /шүүх хуралдаанд нотлох баримтын бичилтийг тодруулах шаардлагаар нэхэмжлэгч, хариуцагч талын өөрсдийн хуулбар хувийг шалгахад 1 жил гэсэн нь тодорхой байх бөгөөд энэ хугацаа тодорхойлсон бичиглэл 1 жил гэсэнд талууд маргахгүй, зөвшөөрсөн/ гэж тус тус зааж баталгаажуулсан байна. Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан тул 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан, гэрээнд зааснаар дагуу 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тус гэрээгээр эзэмших газрын эзэмших эрх дуусгавар болсон нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь тухайн нэгж талбар бүхий 198 га газрыг 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хойш эзэмших эрх нь дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Засаг дарга нь маргаан бүхий актаар “тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж, мөн гэрээний 3 дугаар зүйлд дээр дурьдсанаар талуудын эрх үүргийг тодорхойлсон байх учир хариуцагч маргаан бүхий актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар авсны үндсэн дээр акт гаргах үүргийг хүлээхгүй, харин хүчингүй болгосон зэхирамжийг 2016 оны 06 дугаар сарын 08-нд мэдэгдэж, тухайн газрыг хагалж, эхэлж байсан үйл ажиллагааг зогсоосон болох нь тогтоогдож байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг шинжээчээр томилон хийлгэсэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 228 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” [5]-д “...Саран Арвай” ХХК-ийн эзэмшлийн 198 га талбайн баруун захаас 4 м өргөн 1000 м урттай, 4 м өргөнтэй 100 м урттайгаар нийт 0,44 га газарт боловсруулалт хийсэн ул мөртэй байна. ... Нийт боловсруулалт хийсэн талбайн хэмжээ 0,44 га, ...Үлдсэн бусад талбайд нь уринш боловсруулалт, тариалалт хийгээгүй бэлчээрийн ургамал ургасан атаржсан байна. ...” гэснээр болон гэрч  Ж.Чинзоригийн /гэрээ хийсэн/ 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд өгсөн “өмнө нь тариалалт бол хийгээгүй. 2016 оны 06 дугаар сарын эхээр хөрс боловсруулалт хийсэн. 198 га талбайн баруун захад ... хойноос урагшаа хагалгаа хийж байсан. ... Энэ үед 198 га талбайн газар эзэмших эрх цуцалсан Засаг даргын захирамж надад гардуулж өгсөн. Энгээд үйл ажиллагааг зогсоосон” гэсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд “... 06 дугаар сарын 08-ны өдөр газраа хагалж байхад ирж үйл ажиллагааг нь зогсоосон, 0,44 га талбайд боловсруулалт хийсэн” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь өөрөө газар эзэмших гэрээ дуусгавар болсны дараа 2016 оны 06 дугаар сард 4 метрийн өргөнтэй 1100 м урттай газар буюу 0,44 га газрыг хагалан ажиллаж байсан нь тогтоогдож, эзэмшиж байсан 198 га газраа 2014 оны 05 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарыг хүртэл 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь эзэмшиж байсан 198 га газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан актыг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд газрын төлбөр төлсөн эсэх талаар маргасан боловч нэхэмжлэгч нь газрын төлбөрөө зохих ёсоор төлдөггүй байсан нь тогтоогдож байх хэдий ч маргаан бүхий актын гарах үндэслэлд энэ талаар дурьдаагүй тул маргаан бүхий актын үндэслэлд дурьдагдаагүй асуудлаар актад холбогдуулан дүгнэлт өгөх шаардлагаггүй гэж үзлээ. Түүнчлэн нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь 2014 оноос 2016 онд тус талбайгаас өөр талбайд тариалалт хийж, харин 198 га талбайд 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, эзэмших боломжгүй байсан талаар тодорхой үндэслэл бүхий нотлох баримт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Дээрх маргаан бүхий актын 1 дэх хэсэгт “... тухайн газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай” гэж заасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” гэсэн хуулийн зохицуулалтад хэлбэрийн хувьд нийцэхээргүй бичигдсэн байх боловч энэхүү актад бичигдсэн хэлбэрээс тус актыг зорилгодоо нийцээгүй гэж үзэж нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн тухайн нэгж талбар бүхий газрыг эзэмших эрхийг сэргээх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үр дагаварыг үгүйсгэх боломжгүй бөгөөд хариуцагчийн гаргасан актын 2 дахь хэсэгт заасан үр дагавар нь “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” зорилгодоо нийцсэн байхаас гадна, нэхэмжлэгч аж ахуйн нэгж тухайн нэгж талбар бүхий газрыг эзэмших гэрээ нь дуусгавар болсон байх тул энэ маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 40.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саран Арвай” ХХК-аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/102 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын д агуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ЗОРИГТБААТАР

 


[1] Хавтаст хэргийн 32 дахь тал

[2] Хавтаст хэргийн 88 дахь тал

[3] Хавтаст хэргийн 34-35 дахь тал

[4] Хавтаст хэргийн 17  дахь тал

[5] Хавтаст хэргийн 233-236 дахь тал